Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Монгол Улсыг "хар жагсаалт"-аас гаргах асуудлыг мягмар гарагт Европын холбоо хэлэлцэнэ

Гадаад харилцааны яам ээлжит “Мэдээллийн цаг” уулзалтаа зохион байгуулж, УИХ-ын даргын БНСВУ-д хийж буй айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүн, Европын холбооны “хар жагсаалт” зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.
 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээллийн эхэнд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад дахь анхны албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөснийг хэлээд БНСУ-д хийсэн айлчлал хэд хэдэн онцлогтой байсныг тодотгов. Тодруулбал, БНСУ-д хийсэн айлчлалаар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тус улсаас Монгол Улсад олгох 500 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр нийгмийн гол тулгамдсан асуудал болоод буй агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажил, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн шийдэх том алхам болсныг сайд хэлж байв. Өөрөөр хэлбэл 30 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй зээлийг Улаанбаатарын утааг бууруулахад зориулах юм.
Түүнчлэн Ерөнхий сайдын айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх асуудал тавьсан нь ихээхэн онцлогтой байлаа. Мөн монгол иргэдэд олгож буй визний тогтолцоог хөнгөвчлөх, олон удаагийн виза олгох боломж нээх асуудлыг ярилцсан гэв.
 
УИХ-ын дарга М.Энхболдын Бүгд найрамдах социалист Вьетнам улсад албан ёсны айлчлал хийж байна. Олон жилийн хамтын ажиллагаа, найрсаг харилцаатай тус улстай эдийн засгийн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний худалдаа идэвхтэй явагддаг. Монгол оюутнууд мөн тус улсад суралцдаг ч манайд олгосон квотын хэмжээндээ хүрдэггүй гэж Д.Цогтбаатар сайд хэлж байв. Тиймээс квотын тоондоо бүрэн хүргэх, үүнээс гадна парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг хэд хэдэн үр дүнг айлчлалаас хүлээж байгаа юм. 
 
Сүүлийн үед анхаарлын төвд ороод байгаа Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д Монгол Улсыг оруулсан тухай асуудлаар Д.Цогтбаатар сайд мөн мэдээлэл өглөө. Энэ жагсаалтаас Монгол Улсыг хасуулах талаар Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтарч ажиллан, идэвхтэй ажилласны дүнд энэ сарын 23-нд болох Европын холбооны төлөөлөгч нарын хурлаар Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргах асуудлыг хэлэлцэх болсон байна. Энэхүү хурлаас эерэг үр дүн гарах хүлээлттэй байгаа бөгөөд үүнээс өмнө жагсаалтаас гарах үндэслэл, тайлбараа гаргаж өгөхөөр ажиллах юм.
 
 
БНХАУ-ын Шанхай хотод монгол эмэгтэй амь насаа алдсан хэрэг болон гадаад улс орнууд дахь монголчуудын хэрэг зөрчлийн асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболд “Гадаад улс оронд манай улсын иргэд амь насаа алдах харамсалтай тохиолдлууд байдаг. Энэ үед хохирогчийн ар гэрийн сэтгэл зүйг бодож асуудалд хандах нь зүйтэй. Шанхай хотын Нийгмийн аюулаас хамгаалах газраас 12 дугаар сарын 29-нд манай иргэн Б.М амь насаа алдсан талаар мэдэгдэж, тэр даруй ЭСЯ очиж ажилласан. Уг хэрэгт Шанхай хотын Эрүүгийн цагдаагийн газрын Онцгой хүнд гэмт хэргийн зургаан мөрдөгчийг ажиллуулж, ихээхэн ач холбогдол өгч шалгасан. Ингээд гадны нөлөө байхгүй, хүн амины хэрэг биш байна гэсэн дүгнэлт гаргасан. Талийгаачийг чандарлаж авч ирэх туслалцааг бид ар гэрийнхэнд нь үзүүлж, нэгдүгээр сарын 10-нд авчирсан. Энэ талаар гарч байгаа мэдээлэлд талийгаачийн ар гэрийнхэн эмзэглэж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.
Монгол Улсын 2000 орчим иргэн 22 оронд хэрэг зөрчилд холбогдон шалгуулж байгаагаас 1500 орчим нь БНСУ-д үйлдэгджээ. Дээрх зөрчлийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд 2016 онд хар тамхитай холбоотой хэрэг 16 бүртгэгдэж байсан бол 2017 онд 49 болж нэмэгджээ. Тиймээс энэ чиглэлээр гадаад дахь байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар Консулын газраас төлөвлөж байгаа аж.
 
Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд энэ сарын 3-наас эхлэн энгийн гадаад пасспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхээ зогсоосон. Энэ талаар Консулын газрын захирал Я.Ариунболд “Олон Улсын иргэний агаарын тээврийн байгууллага 2008 онд Каирт зохион байгуулсан хурлаар мэдээллийн бичигт хэсгийг зөвхөн машинаар уншдаг пасспорт олгож байх шийдвэр гаргасан. Үүний дагуу пасспортын ард талд гараар болон өөр хэлбэрээр бичигт тэмдэглэгээ хийхийг хориглосон байсан. Тиймээс НҮБ-ын бүх гишүүн орон уг журмыг нэвтрүүлж, гадаад пасспорт нь гараар бичсэн сунгалттай бол нэвтрүүлэхгүй байхыг уриалсан учир манай улсын иргэд зарим улс оронд нэвтрэх боломжгүй болсон юм. Ийм учраас өөрсдийн нөөц бололцоогоороо пасспорт хуримтлуулж байгаад ийм шийдвэр гаргаад байна” гэлээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)