Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Б.Даваажав: Турах гэж байгаа хүмүүс юм идэхээ больчихвол турна гэж буруу боддог

-        Хэд дэх жилдээ фитнессээр хичээллэж байгаа вэ?

-        Дөрвөн жил болж байна. Өмнө нь тэмцээнд орохгүйгээр сонирхолоороо хичээллэж байсан. Жил гарны өмнөөс тэмцээнд орох гэж хичээллэсэн.

-        Яагаад фитнессийн тамирчин болохоор шийдсэн бэ?

-        Фитнессийн тамирчин болсон түүх нь их сонин. Анх оюутан байхдаа найзтайгаа хамт фитнесст явсан. Тэр үед би туранхай гэхдээ галбиртай байгаагүй. Тэгээд л найзыгаа дагаад Жуковын тэнд фитнесст очсон. 4-5 жилийн өмнө фитнесс монголд нээх хөгжөөгүй байсан. Жуковын фитнессийн орчин нь их муухай байсан болохоор тэнд яваагүй. Тэрний дараа Хөвсгөлд зуны амралтаараа фитнесст явж эхэлсэн. Тухайн үед дасгалаа хэрхэн яаж зөв техниктэй хийхээ ч мэддэггүй байлаа. Хөвсгөлийн фитнессийн багш пауэрлифтинг хүндийн өргөлтийн чиглэлээр хичээллэдэг хүн байсан. Нарийн эмэгтэйчүүдэд зориулсан фитнесс байгаагүй. Тэндээс л фитнессийн ерөнхий ойлголтоо авч байсан. Дараа нь Этүгэн их сургуулийн амжилт фитнесст явж эхэлсэн. Тэдний фитнессийн багш нар мөр, хөл, нуруу, цээж, өгзөг, бэлхүүсний дасгалыг  тус тусад нь зааж өгч байсан. Ерөнхийд нь тоймлоод дөрөв ангилдаг. Мөр, нуруу, хөл, цээж гэж ангилдаг. Дараа нь Perfect body club-д олон улсын хэмжээний мастер Жамц багшийн шавь болж хичээллэж эхэлсэн. Энэ багшаасаа эмэгтэй хүн яаж галбиртай болох уу гэдэг талаар сурч байсан. Жамц багшийн удирлаган дор 2 жил хичээллээд тэмцээн уралдаанд орвол яах бол гэхэд багш маань намайг дэмжиж, зөвлөгөө өгсөн. Ингээд л анхны тэмцээн буюу хотын аваргад орж байсан. 2016 оны 4 сарын 16-нд орсон. Тухайн үед их хэцүү байсан. Энэ тэмцээнд орох гээд бараг 4 сар хоолны дэглэм бариад тахианы цээж мах, броклин, шинэ ногооны салат л иддэг байсан. Тэмцээндээ 46кг-тай орсон. Анхын тэмцээнийхээ шилдэг 10-т үлдэж чадсан. Гэхдээ мултарчихсан. Дараа нь маш их уйлсан. Энэ тэмцээнд орох гэж би маш их хичэсэн. Анагаахын хичээлийн хажуугаар маш их хичэсэн. Бараг ахиж тэмцээнд орохгүй гэж бодож байсан. Тэгсэн сарын дараа улсын аварга болох гэж байсан. Багш маань тэмцээнд орох юм уу гэж асуухад үгүй ээ гээд л шантарч байсан. Тэгэхэд багш маань ор гээд оруулж байсан. Ингэж тэмцээнд ороод 2016 оны улсын аваргаас 4-т орж байсан.

-        Нийт ямар ямар тэмцээнд орж байсан бэ. Гаргасан амжилтуудаасаа хуваалцана уу?

-        2016 онд хотын аваргад орж байсан. 2016 оны улсын аваргад 4-т орж байсан. 2016 оноос хойш тасралтгүй нэг ч өдөр алгасалгүй хичээллээд 2017 онд хотын аваргад орж байсан. Хотын аваргад 1-р байранд орж байсан. 2016 онд эхний тэмцэнээсээ мултараад өөртөө зорилго тавьж байсан. Би 2017 оны хотын аваргаар алтан медаль авна. Өөрийгөө дайчлаад, дасгалаа байнга хийгээд, өдөр болгон бэлтгэлээ хийсэн. 2017 оны 9 сарын 16, 17-нд улсын аварга болсон. Perfect body club-аас орсон. Мөн Жахар гээд нэмэлт багштай байсан. Magic fitness club дээр хичээллэж олон хүний туалцаа дэмжлэгтэйгээр улсын аварга болсон. Эмэгтэй хүний хувьд өндрийн ангилал гэж байдаг. Энэ нь 160-аас доош, 160-165см-ын хооронд, 165-аас дээш гэсэн ангилалтай байдаг. Би 160-165 фитнесс модель ангилалд түрүүслсэн.

-        Одоо ямар тэмцээн уралдаанд оролцох вэ? Их ажлын хажуугаар төлөвлөгөөгөө гаргаж амжсан уу?

-        Дэлхийн аваргад орох гэсэн хөлөндөө бэртэл аваад орж чадаагүй. Улсын аваргад ороод түрүүлсэн ч дэлхийн аваргад орж чадаагүй. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад жил гаран тэмцээнд орохгүй. 4-5 сарын дараа ахиад хагалгаанд орно. Хөл зүгээр болохоор тэмцээндээ орно.  

-        Эмч хүн фитнесс модель болоод бикинитэй хагас нүцгэн зургаа сошиалд тавихад нь хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-        Одоо харьцангуй гайгүй хүлээж авдаг болсон байна. Зүгээр дотуур хувцастай зураг авхуулах тэмцээнд ороод биеийн кремтэй тайзан дээр гараад зураг авхуулах 2 тэс өөр болсон. Энэ хүн тэмцээнд орохын тулд жингээ хасаад гоё галбиртай болохын тулд хичээсэн болохоор сөрөг талаас нь хүлээж авдаггүй. Хүмүүс гоё байна гээд л их урамын үг хэлдэг. Биеэ кремдчихээр бүх биеэ далдалчихдаг юм бол уу гэж бодсон (инээв).

-        Гэр бүлийнхэн нь фитнессээр хичээллэхийг нь хэрхэн хүлээн авдаг вэ. Гэмтлээс нь болоод дургуй байгаа юу?

-        Тийн. Ер нь дургуй болж байгаа. Эхлээд их дэмждэг байсан. Хамаатнууд хүртэл дэмждэг байсан. Эрүүл мэнд, өвчин, бэртэл, гэмтэл хэнийг ч ялгахгүй. Хэлж ирэхгүй хийсч ирдэг гэдэг шиг гэмтэл авсан. Сар гаран эмнэлэгт хэвтсэн. Одоо тэмцээнд орохыг зөвшөөрөхгүй байгаа. Би ч бас эрүүл мэндээ бодсон. Гэхдээ фитнессээ хаяаагүй 7 хоногт 3 удаа явж байгаа.

-        Найз залуу юм уу нөхөртэй юу?

-        Найз залуу, нөхөргүй. Жилийн өмнө найз залуутай байсан.

-        Сошиалд тавьсан зургийг нь хараад олон хүмүүс юмбичиж, араас нь гүйдэг байх?

-        (инээв) Хүмүүс бичдэг. Сошиал ертөнц аюултай болсон. Телевизээр гаж донтон, алуурчин гэж их гарах болсон. Тийм болохоор их айдаг. Танихгүй хүн руу юм бичдэггүй.

-        Фитнессээр хичээллэх нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Эмч хүний хувиар фитнессээр хичээллэхийн сайн талуудыг нь дурьдахгүй юу?

-        Фитнессээр хичээллэхэд зүрх өөхлөхгүй. Эрүүл байхын тулд хүн өдөрт 30 минутаас 1цаг дасгал хийх ёстой. Ингэснээр стресс тайлагдана. Миний хувьд бэлтгэл хийхэд стресс, бухимдал тайлагддаг. Эмч мэргэжил их стресстэй байдаг. Сүүлийн үед их завгүй байгаа. Гэхдээ 7 хоногт 3 удаа бэлтгэлээ хийхэд сайхан болдог. Хөлс гараад  , бие хөнгөрөөд л. Хүн болгон л фитнесст эрүүл мэнд, стрессээ тайлах гэж явдаг байх. Эсвэл настай хүмүүс гэртээ телевиз хараад байж байдаг. Тэр хүмүүс нийгмээс тусгаарлагддаг. Тэр хүмүүс фитнесс дээр ирээд хүмүүстэй танилцаад, нийгэмтэй харьцах хандлага нь нэмэгддэг.

-        Нэмэлтээр уураг хэрэглэх хэрэгтэй байдаг уу. Буруу хэрэглэснээс болоод зүрх нь хаагдах шахсан тохиолдол гарч байсан. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-        Уураг  хэрэглэвэл бөөрний дутагдал болно. Уураг, нэмэлт тэжээл хүний биед хортой. Фитнессийн багш нар 5-6 сар бэлтгэл хийсний дараа бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж ярьдаг. Хүмүүс бараа бүтээгдэхүүнээ зарахын тулд уураг их хэрэгтэй гэж сурталчилдаг. Миний бодлоор ялангуяа эмч эмнэлгийн эрүүл мэнд талаасаа уураг нэмэлтээр хүний биед орж ирэхээр бөөрний архаг дутагдал болдог. Тийм болохоор хүнсний бүтээгдэхүүнээс уургаа авах хэрэгтэй. Өндөг, дүпү, өөх шатаах чинжүү байна. Дасгал хийгээд гаднаас уураг орж орж ирэхээр бөөр шингээж чаддаггүй. Бид нар шиг тамирчид биш болохоор уургаа шингээж чадахгүй. Бас элгэнд хотртой. Тэмцээн уралдаанд орохгүй бол уураг уугаад хэрэггүй.

-        Илүүдэл жинтэй бүсгүйчүүд фитнесст явж гэнэт их ачаалал аваад шантраад хичээллэхээ больдог. Явахаа болихоор улам их таргалдаг. Бүсгүйчүүддээ хандаж зөвлөгөө өгнө үү?

-        Тухайн хүний биеийн онцлог, ясны бүтэц, өөхлөлт, таргалалт, ямар хэлбэрийн таргалалттай байна. Хөл хэсгээрээ тарган хэрнээ бэлхүүс хэсгээрээ нарийнхан хүмүүс байна. Бүр туранхай өөхөн давхарга байхгүй хүмүүс байна. Нийтдээ бүх биеэрээ маш их таргалалттай хүмүүс ч байдаг. Өөр биеийн онцлогоосоо хамаараад бүсгүйчүүд турмаар байна ингэмээр байна тэгмээр байна гэж их ирдэг. Багш нь тухайн хүнд ямар дасгал хийвэл үр дүнтэй байх уу, жин ихтэй хүнд кардио дасгал хийлгэдэг. Кардио дасгал гэдэг нь зам дээр алхах, аэробэкээр, спинингээр хичээллэх ордог. Энэ дасгалаа хийж өөхөө шатаасны дараа галбиржих дасгалдаа орно. Жин ихтэй хүмүүс шууд дасгал хийхээр турахгүй. Хоолны дэглэм сайн барих хэрэгтэй. Өөх тостой хоол идэхгүй, цардуул ихтэй хоол идэж болохгүй. Цардуул ихтэй хоолонд гурил давс, төмс гэх мэт багтана. Эдгээр нь их таргалуулдаг. Хүн өдөрт 0.5 гр давс хэрэглэх ёстой байдаг. Үүнээс их давс хэрэглэж болохгүй. Их хэмжээний давс идэхээр таргалалт их явагдана. Давс, гурилан бүтээгдэхүүн идэхгүй байвал өөхний хэмжээ багасна. Дасгалаа хийвэл илүү үр дүнтэй байна. Туранхай бүсгүйчүүд уургаар баялаг хоол хэрэглэх хэрэгтэй. Фитнессээр хичээллэдэг хүмүүс нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг. 1 халбага уураг 5 ширхэг өндөгний цагаантай тэнцдэг. Хүмүүс заавал нэмэлтээр бүтээгдэхүүн авах шаардлагагүй. Тахианы цээж мах хэрэглэнэ. Тахианы цээж махны 60 хувь нь уургаар баялаг, 68 ккал илчлэгтэй байдаг. Хүний биеийн жин бууруулдаг. Давсгүй самар их зүгээр байдаг. Цагаан будуу биш бор будаа хэрэглэх хэрэгтэй. Бэлтгэлийн өмнө бор будаа иддэг. Будуу идэж нүүрс усаа авдаг. Турах гэж байгаа хүмүүс юм идэхээ больчихвол турна гэж боддог. Өндөгний цагаан, будаа нүүср ус агуулдаг бүтээгдэхүүнийг бэлтгэлийн өмнө хэрэглэвэл өөх шаталт илүү явагдана. Эрч хүч энерги авсан болохоор дасгалаа сайн хийнэ. Огт юм идэхгүй бол сульдсаар байгаад ядаргаанд орно.

-        Гэмтэл бэртлээс яаж сэргийлэх вэ?

-        Анх ирж байгаа хүнд хөнгөн дасгал хийлгээд бага багаар хүндрүүлдэг. Дөнгөж явж байгаа хүнд хэт хүнд юм өргүүлвэл шууд бэртэл авна. Бие халаалт сайн хийх хэрэгтэй. Бие халаалтгүй дасгал хийвэл бэртэж гэмтэнэ. Монголд нурууны гэмтэлтэй хүн маш их байдаг. Би эрүүл мэндийн зөвлөгөө гээд пэйж хуудас ажиллуулж байгаа. Бэлтгэл хийж байгаад нуруунд суулт өгчихлөө, хөл, шагайгаа гэмтээчихлээ яах вэ гэж их асуудаг. Хүмүүс хүнд юм л өргөөд хүндээр хийвэл булчин томорч гоё болно гэсэн ойлголттой байдаг. Энэ нь их буруу. Хөнгөнөөс хүнд руу зөв тенхикээр хийх нь л чухал байдаг. Хүндээр суухаар үений шингэн урагшаа түрээд гараад ирдэг. Өвдөг нь тэнийхээ больсон маш олон залуучуд байдаг.

-        Ийм болсон хүмүүст ямар эмчилгээ хийх вэ?  100 хувь эдгэж зүгээр болох уу?

-        Хөдөлгөөн заслын эмчилгээ хийнэ. Хагалгаанд орох боломжтой бол хагалгаа хийнэ. Хөдөлгөөн засах эмчилгээ монголын нөхцөлд бага хийгддэг. Өвдгөө тэнийлгэж чадахгүй байгаа хүмүүст хөдөлгөөн заслын эмчилгээ л чухал хэрэгтэй байдаг. Монгол үений мэс засал их хөгжсөн. Их сайн хийгддэг. 100 хувь эдгэнэ. Хөдөлгөөн заслын дасгалаа сайн хийвэл эрүүл хүн шиг болох боломжтой. Хүмүүс хагалгаанд орчихсон юм чинь одоо зүгээр болно гээд орхичихдог.

-        Суугаа ажилтай хүмүүс, төрсний дараах таргалалт гээд бүсгүйчүүд их жин нэмдэг. Фитнесст явахыг хүссэн ч явах боломжгүй маш олон бүсгүйчүүд байдаг. Тэр хүмүүс гэрийн нөхцөлд ямар дасгал хийвэл илүү үр дүнтэй байх вэ?

-        Гэртээ төхөөрөмжтэй бол төхөөрөмжин дээрээ дасгал хийх хэрэгтэй. Хана налж байгаад суулт хийж болно. Хүндрүүлэгчтэй бол хүндрүүлэгчтэй өгзөгний дасгал хийж болно. Өдөрт 3-4 удаа хоол идэх хэрэгтэй. Хүмүүс хоол идэхгүй л бо турна гэж боддог. Өөртөө 30 минутын зав гаргаж фитнессээр хичээллэж, зөв хоолловол маш хурдан турдаг. Фитнессээр хичээллэвэл илүү галбиртай болдог. Өгзөг гоё болдог. 

Ярилцсан: Г.Цэнд-Аюуш

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [112.72.11.114] 2018/02/14
Saihan huuhen bna
Зочин [150.129.141.6] 2018/02/14
Iim archaatai zorilgotoi emegteichuud taalagddag
Зочин [27.123.214.108] 2018/02/13
Muundag