Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын төлбөрөө бүрэн барагдуулжээ

“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзжээ. Тэрээр “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35,3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа.
 
Засгийн газраас 2016 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн улсын төсөвт төлөх 35,5 тэрбум төгрөгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд улсад төлөх 35,3 тэрбум төгрөгөөс
 
15 тэрбум төгрөгийг 2016 болон 2017 онд тэнцүү хуваан төлөх, 
20,3 тэрбум төгрөгийг Тавантолгой уурхайд ажил гүйцэтгэх замаар төлж барагдуулах үүрэг өгчээ.
Шүүхийн шийдвэр, Засгийн газрын тогтоолыг товлосон хугацаанд нь бүрэн биелүүллээ гэж тус компанийн гүйцэтгэх захирал хэллээ. Компани дампуурлын ирмэгт тулсан хүнд үед хувийн хэвшлээ дэмжих шийдвэр гаргасан Засгийн газарт талархаж байна. Бид 400 гаруй ажилчдаа цалин, орлоготой нь авч үлдэж чадсаныг Ч.Мөнхбат захирал хэлжээ.
 
Татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжийн нэг “Саусгоби сэндс” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах чадвартай болж, хүнд үеэ давж, улсын төсөв, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг нийгмийн хариуцлагатай компани хэвээр үлдсэнд талархаж байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга У.Бямбасүрэн хэлсэн байна.
 
Тус компани энэ онд 5,5 сая тн нүүрс экспортлох, 800 мянган тн-ыг нь баяжуулж гаргахаар төлөвлөжээ. Оюутны сургалтын тэтгэлэг олгох, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэргээр орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)