Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Урианхайн хөх уулсын анар

"Болор цом"-ын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар бурханы оронд дэвшжээ. Түүний тухай сэтгүүлч, зохиолч Баастын Золбаярын бичсэн хөрөг нийтлэлээр зул өргөмү

Хөв хөх, ув улаан уулс цасаар сорлон хэтэрхий тунгалгаар архайлдаад, эрхэмсэг үзэсгэлэнг яруусган орших баруун Алтайн гоог хэн эс биширнэ. Ариун ялд-маар нууруудын мандал цэн-хэрлэж, асарлагч уудам цээл тэнгэрийн анар амтат салхийг хэн эс амсуулна. Яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар эрхмийг бодоход, ийнхүү зэрэгцээлэн санаанд зурагдах нь бий. Эдгээр тунамал гоо сайхан, үзэмж агуулгыг энэ эрхэм өөртөө шимээллэн амь дард гаас л энэ буюу. Уулын тун галаг гор хи эрчлэн бууж хад мөргөн сацрах адил Х.Эрдэнэбаатарын яруу найраг, зүрх сэтгэлийн шид ийнхүү л аялгуу анирыг үүсгэдэг нь энэ болой. Хаврын байгалийн гуниглуун, гэвч бас дэлэгнэн шимэлсэн, хуйсгануур, чингэвч бас манцуйны үнэр анхилам энхрий аяз хандлыг түүнээс олж харах шиг болдог. Үлэмж бадрангуй, цог хийморьтой, гунигаа үргэлж дийлэх, санаа бодлоо ил цацах шууд, халуун тодорхой зан чанар түүнд нэвчил дүүрэн. Шулуун шударга. Хэлэхээ хэнээс ч эс зовинон хэлчихнэ. Үнэн хатуу үг нь чинжүү давс мэт. “Түүний дотоод сэтгэлд бялдуучлал, зусардал үгүйтэй адил атаа хорсол, шаралхал ч үгүй” хэмээн Х.Эрдэнэбаатарыг эрхэмлэн дээдлэгч, андлан шадарлагч, авгаржин Жа.Баяраа нэгэнтээ бичсэн. Энэ нэн үнэн. Хөөдөөгийн Эрдэнэбаатартай хүүрнэн, түүний орчинд суух хүмүүс нэг л тийм цовоо цолгиун, өрнүүн дэврэмтгий болох шиг анзаарагддаг. Эрч хүчний нь, цалгиа оюуны нь тусгал биз. Ийнхүү суухдаа тэрбээр эргэн тойрны, сэтгэл нэгэнт бөхлөгдсөн уран зохиолын нөхдөө цаашлуулна, бас хурцлан баална. Тэрбээр“Хуруу хүрэхгүй могойн зулзага чи хурмастын луутай арцалдаж яана” гэж тэднийгээ шордоно. Энэ цагаахан дайралт, хэлэмгийллийн цаана яруу найраг, оюун санааныхаа хувьд өсөөсэй, хөгжөөсэй гэсэн билүүдэл бий нь ойлгомжтой. Нөхөд нь ч үүнийг харгүй цагаахнаар, хөгжилдөн хүлээн авдаг нь сайхан. Нэгэнтээ шүлэгч Сүрэнгийн Бүрнээ ийнхүү хэлүүлчихээд, наргиантайгаар “Үгүй ээ, энэ Эрдэнэбаатарын нүдэнд бид чинь зүгээр л хөл дор нь арваганасан могойн зулзага, төөлүүр хорхой харагддаг юм байна л даа” гэж хөхрөхөд, бусад нь ч дагалдахыг үзвээс гүн нөхөрлөлтэйнх, элгэмсэл тулхлалтайнх. Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагч “Болор цом”-доо үр-гэлж хүндэтгэн ирж оролцох бүлгээ. Яруу найргийн хөг авиа, найрагчдын ааг авьяас, аран шин чанарыг халиахаар ирэгсдэд түүний агсам шүлгүүд, тансаг мөртүүд, давалгааллаг, цуурлаг уншилт нь үгүйлэгддэг. Өөрөө ч тэр хүлээлтэд нэгэн жилдээ санагалзахаар донж төгөлдөр, аялгуу тарниа уншаад гуниггүйхэн эх-их Алтайнхаа зүг явж одох билээ. Дүрэлзэн асах, цог золбоолог, шантрамтгай бус, илбэдэн дагуулах соронзонт билэг авьяас түүнийх ээ. Түүний яруу найраг тунсаг гэгээн, ассан бардам, омголон зоримог, эх оронч шинж чанаруудыг нь шууд илэрхийлдэг. Уулс түүний яруу найргийн үндсэн хөрөнгө, хөхүүр архад юм. “Урианхайн хөх уулс” шүлэг үүний нь хамгийн тод, гэрэлтэн зэвлэгч нь. “Зүүнгарын эзэнт шүлэгс” номынх нь арын хавтсанд, гараар таталсан, Дагшин уулсынхаа догшин хяр дээр Дан майхантай зуун жил чар-лана гэсэн мөр байдаг. Энэ мөрөөс нь түүний халуун ундаргат, цөс ихт, омогшил төгс зан төлөв бэлхнээ үзэгдэнэ. Бас Жа.Баяржаргалын нь “Чөтгөр шулмын ад шүглэсэн мэт түүний шүлгүүд давалгаа хуйлралтаар эрчилж, цасан хунгараас гал маналзах мэт шидийг авчирнам” хэмээн бичсэн нь онодог. “Дан майхантай зуун жил чарлана”-аас ад мөрийн, саяын өгүүлбэрт тодотгосончлон чөтгөр шулмын мэт нь илэрнэ. “Үе үеийн найрагчид үймээн самууны эзэд байдаг” гэж Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагч өөрөө бичсээн. Үймээн самуунлагийнх нь нэг жишээ гарцаагүй өөрөө л дөө. Ийм нэг явдал болсон гэдэг үлгэр бий. Х.Эрдэнэбаатар авгайг нэгэнтээ саатуулсан юм байна. Мэдээж“үймээн самуунаас” үүдэлтэй, түрхэн зуурын эрх чөлөө хасалт шиг ойлгогддог. Гэтэл аварга орсон цагаасаа үүдний цагдаа нарыг хэл амаараа тургижээ. Юу гэсэн бэ гэхээр “Намайг эндээс үтэр эс гаргаваас би та нарыг“идчихнэ шүү”. Ах нь алив үгийн шид жадаар хүсвэл идсэн шиг идэж, жадалсан шиг жадална. Гэр бүлээрээ дуусахыг бодоогүй юм бол намайг гарга” гэж шахжээ. Айж мэгдсэн цагдаа хянагч түүнийг дор нь суллан тавьсан ажгуу. Тэд өөрийг нь их ондоогоор“шидтэн-хувилгаан” гэж ойлгож, хирдхийн аюух жүжгийг бүтээжээ. Үнэн, худлыг эс мэднэ. Гэхдээ энэ нь Х.Эрдэнэбаатар энэ мэт сийрэгхэн“чарлах” эр гэдгийг гадарлах нэгэнд тун ортой явдал шиг санагддаг. Хөөдөөгийн Эрдэнэбаатар бол боос уулсын зүрхэн ховдол дахь цасны ус, сарьдаг шовхын оройд анаршсан гал улаан сар, сайр шандын эрэг бэлийн хөх ягаан цэцэгс, самсаа хэлбэх уулсын салхин янцгаал, хөлрөн уйлагнах тагын мөсөн, хөх аргал, хөх сарлаг, гануу духын алтан онь, чанх эгц ян байц, цагаан угалз, халиун тэх, сацрах сорт суусар, цантсан оддын тухай шүлэглэгч, бэхэн сэтгэлтэн юм аа. Цог хийморийг шүтэж, эр хүн шиг эр хүн, өвлийн гүн шөнийн болоршил, өвөлжөөний үзүүрийн харгана, яргай харгай, ятуу хойлог, нэхий цагаан дээл, нинжин өгөөмрийн үрэвслийг тархин чинаддаа исгэлэн,чихэрлэг, шимүүслэг, бөөрөнхий анараар бүтээж явдаг хүмүүн билээ. Тэгээд ч тэрбээр, Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн Цалгиа залуу насанд халгиа шүлгээ бичнэм хэмээн бичжээ. Хөөдөөгийн Эрдэнэбаатарын халгим ааш төрх, түрэмгий омголон хандлын далд үзүүрт шижир сайхан, алтан хүдрээр дүүрэн авьяас оюун билгийг дээдлэх гэрэлт үзэл нь буцалж байдаг. Билэг авьяасыг үл хүндэтгэсэн хэн бүхэнд тэр туйлаас дургүй. Энэ үзэл санааг нь оюун ухаант хэн боловч үргэлж хөхиүлж байх учиртай. Өнөөдрийн нийгэм, цагийн будангуйг харахад билэг оюунт нуудаа даанч үл ажрах мунхаг лал гамшиг болжээ. Балжирын Догмид абугай нэгэнтээ “Авьяас билэгтэй хүний дэргэд тохой өндөр алтан малгай өмсч, толгой дээрээ үхрийн нүдэн чинээ алмааз гялалзуулсан Султан, шейх ч инээдэмтэй үзэгдэх бөл-гөө” гэсэн нь үргэлж санаанд ордог. Х.Эрдэнэбаатар найрагчаа харахад энэ үг бодогддог. Энэ найрагчийн зүрхний булгилал, авьяасын оч дөл баруун Алтай, Монголыг гэрэлтүүлэгч, хүн зүрхний хайр энэрлийг дүүргэгчийн хувьд дээдлэх, хайрлах, басхүү түүнээс дээд яруу найргийг хүсэх замаар хариуцлагажуулах, илүү их эн далайцыг нь оюун санааны эрчим хүч болгон хүртэхийг хэн боловч хүсэлтэй. Амьдралын аахар шаахархныг огтоос үл хэлэлцэн од хийморьтой байх, бүх зүйлд ердийн дундаж байхаас үргэлж дээдэд тэмүүлэгч байх, хүсэл мөрөөдлийн сансарлалаа алсад гэгээн тунгалаг байлгах зэрэг түүний сэтгэл дотор асагч бүхнийг үргэлж өдөөж сэлбэх учиртай. Хурц үгээр гашуун үнэнийг шууд хэлэгч түүний иргэнлэг мөн чанарыг эм мэт хүлээж авбал зохилтой. Уулсыг зүүдэлж, энэрэн үнсч, зүрх зүлдэндээ шүтэж, намрын шөнө жиндэх тусмаа байгалиа хайрлан дуулах энэ найрагчийн анар улаан хамар, энгэсэгт би дуртай. Энэ анаршил нь түүнийг гагцхүү зэрлэг өндөр уулсын хөвүүн мөн болохыг нь, тэр уулсынхаа алив бүхэнд хүрэлцэгч яруу тунгалаг бөгөөд амт шимт төгс найрагч болохыг нь жинхэнэ гоёор илэрхийлдэг. Хөөдөөгийн Эрдэнэбаатарын уулсын сүр, нууцат аугаа шидийг аргадан лимбэдэж, улмаа угалзлуулан урлах ер бусын ур уянгат шүлэг найраг бидэнд хамгийн сайн сайхныг бэлэглэнэ ээ. Тодорхой ийм гэгээн гэрэлт найрагч түүнээс Урианхайн хөх уулсын билгүүн шингэсэн хөх усыг хамтдаан уухыг хүснэм. Асганы улаалзгана жимснээс арван гуравтай охиноор түүлгэж, алган дээрээс нь хамтдаан амтлахыг мөрөөднөм. Ахад хундагыг нь сөгнөж өгнөм.
 
 
 
Б.Золбаяр
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.184.148] 2018/03/11
UM SAIN AMGALAN BOLOH BOLTUGAI