Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

" ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭЭС" зугтаасан ИРЭЭДҮЙ

Эрэлхэг цэрэг Швейк нэгэнтээ “Юм яаж ч буруугаар эргэлээ гээд үргэлж сайн тал руугаа явж байдаг юм" гэж хэлсэн удаатай. Бодоод байхнээ энэ ч үнэний ортой дог оо. 
 
Дөч хүрч, дөрвөө дарсан атны дайтай ачааны тэн даах болсон энэ насыг хүртэл юу эсийг үзэхэв. Одооны хүүхдүүд ч ойлгохгүй дээ цөг гэж.
 
Тээр дээр үед дайны жил гэгчээр шилжилтийн гэх он жилүүдийг нэхэн дурсвал жигтэй гэмээр олон л зүйл болж өнгөрч. 
 
Харь гаригийн нисдэг тавагны цуурхалд итгэж, хамаг улсаараа "алтан цөгц"-ний эрэлд хатаж, "Гал гаргадаг" Өнөрмаад ганц сайхан чадуулж газар сайгүй цавчдаг, сэлэмддэг элдэвтэй "дарь эх, хувилгаад" тодорч ёстой нэг үймж шуугиж байсан үе.
 
Хятад бүсгүйн хөрөгтэй гялгар зурагт хуудас нэг үе моданд орж айл болгон шахуу хөргөгчин дээрээ нааж байснаа "Сарны гэрэлд араг яс болж харагдаж байна" гэсэн саваагүй нэгнийхээ үгэнд хотлоороо автаж хуугаараа хуулж хаяж байсныг одоо эргэн дурсах бүр инээд хүрч, ганцаараа байсан ч галзуу хүн шиг тэсгэлгүй хөхрөх энүүхэнд...
 
Энэ бүхнийг түр орхиод өөр нэгэн сэдэв рүү хальтирч ормоор санагдлаа. Хүний л амьдрал, хорвоогийн жам л юм хойно хурим найр, үсний даахь үргээх ёслол, төгсөлтийн баяр, хүндэтгэлийн хүлээн авалт, за тэгээд шинэ жил, цагаан сар, март, цэргийн баяр гээд сархад зооглох шалтгаан үеийн үед ямар мундах биш...
 
Ерээд оны эхээр үйлдвэрийн архи гэдэг нүдний гэм. Хорз арз ховор байх тусмаа үнэд орж, мөнхийн усны эрэлд гарсан мэт түүнийг хүсэмжлэх нь хүмүн заяатанд шүглэсэн ан дон гэлтэй. 
 
Үйлдвэрийн архи үгүй ч урдаас орж ирсэн спирт, "Өвгөнт" хэргэмтэй гялар ууттай хятад сархад идээний дээжид тооцогдоно. Аж ахуйч авхай нар эгээ л нарийн мэс засал хийж байгаа хашир туршлагатай эмч аятай царай төрх  нүүрэндээ тодруулан хэт ахиу бөгөөд дутуу хийж алдаа гаргахаас сэргэмжилж нэг шил спиртийг нэлээд хэдэн лонх болгон "өрхийн үйлдвэрлэл" эрхлэх нь түгээмэл. Өнөөхөө тэгээд "Найрка" хэмээн өхөөрдөж, хөгшин хөвөөгүй навс болтлоо ууцгаана даа хөөрхийс. 
 
Цалин мөнгө цагтаа буудаггүй, талх тариа тарчиг хомс, нийгэм бухимдалд живж, нийтээрээ ядууралд хөл алдаад байсан үе болохоор сэтгэлээ засах гэж өнөөхийг хүртэвч, сэг болтлоо улам л дордоцгоох...
 
Хот хөдөөгүй тийм л байсан үе. 
 
Нийтийн тээврийн автобусанд суухад нэгшсэн спиртний үнэр, өгөршсөн өнжөөкний танар нэвт ханхална. Өвгөнтийн хөндий гэгч өөдгүй газар бий болж, автобусны буудал болгон дээр шахуу дугуй хар малгай духдуулж, найруулсан "Найрка"гаа элгэндээ гранат шиг бүсэлсэн, дайсны танкин доогуур шургах гэж байгаа дайчин шиг царайлах эгч нар энд тэндгүй. 
 
Ингэж л улсаараа спиртинд живж, ухаан санаа, амь амьдралаа нөгөө найруулсан спирт хэмээгч хоронд найр тавин өгч байсан бараан жилүүд. Тэр үеийг эргэн дурсахаас элэг эмтэрч, зүрх зүсэгдэм харамсалтай... 
 
Элэг эмтрэнэ гэснээс архи спирт гэгч адын тэр хорноос болж ерээд онд их олон хүн элэгний өвчин, архины хордлогоор энэ хорвоог орхисон нь гашуун үнэн билээ. 
 
Баар ресторан борооны дараах мөөг шиг олширч, эрүүлжүүлэх байрнууд ачааллаа даахгүй шахцалдаж, архинд хөлчүүрсэн эрчүүд лаазалсан загас шиг чихэлдэж байсан эмгэнэлт үе. Би ч бас тэдний нэг л явлаа. Шалтаг таарвал балгачихдаг, шалтгаан гаргаж гударчихдаг, хөлчүү үедээ хүнтэй үг сөргөж гар зөрүүлдэг, хөл гуйваж гэнэ алдан эрүүлжүүлэх байр луу ачигддаг торгуулийн суман шиг тоо нь олон хэдийн нэг явснаа нуугаад яахав.
 
Азаар тэр үе түүх болон үлдэж, хүмүүсийн аж төрөх ёсонд ай ёстой "соёлын хувьсгал" ялж байна шүү та минь. Сар шинээр ёсыг бодож айлууд ганц лонх архи ававч савныхаа дунд ч хүрэхүй бараг бүтнээрээ үлдэж байна хөөе. Баар савны оронд борголын газар ажиллуулсан нь илүү ашигтай болж, архины дэлгүүр биш номын дэлгүүр хамаагүй хөл хөдөлгөөнтэй байх болж. 
 
Тасарч унаталаа архи гударч, таргалж язартлаа их идээд тарайж хэвтдэг үе хуучин зуундаа үлдэж урдны юм ул болж байна ашгүй. Салхинд гарахыг нийллэг архидалт гэж ойлгодог буруу хэвшил бага багаар засарч, ууланд алхагчдын клуб, усанд сэлэгчдийн сан үй олноор төрөх болсон нь гайхам.
 
Зөв хооллолтын бүлгэм дугуйлан, бие бялдаржуулах клуб танхим өч төчнөөн байгуулагдаж эрүүл амьдралын хэв маяг эрх чөлөөгөө тунхаглаж байна цаана чинь.
 
Энд тэндхийн спорт зал хүнээр дүүрч, элдэв төрлийн уралдаан тэмцээн зохиогдож, эрүүл мэндийн нэвтрүүлэг үзэгчдийн тоо нэмэгдэж, инээмсэглэл дүүрэн эрч хүчтэй хүмүүс элбэгшиж байна бурхан минь.
 
Өвдөхөө хүлээж өөрийгөө огоорч, эмгэг өвчинөө хүндэрсэн хойно л эмнэлэг барааддаг муу зуршил гээгдэж урьдчилан сэргийлэх ач тусыг ухаарч мэдэгсэд лавтай олон болжээ.
 
Улсын эрдэнэ болсон хүнээ эрүүл байлгахын төлөөнөө төр засаг маань ч чамгүй их анхаарч буй нь юутай таатай. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хэрэгжүүлж "2020 он гэхэд элэгний хавдар хатуурал, түүний шалтгаант нас баралтыг 50 хувь бууруулна" л гэнэ. "С вирүстэй 120 мянган хүнийг бүрэн эмчилж", элгээр өнгөрдөг эмгэнэлт явдалд цэг тавина л гэнэ. Эрүүл байсных нь төлөө урамшуулж Эрүүл мэндийн даатгалынхаа мөнгөөр чийрэгжүүлэх төв, бялдаржуулах клубт явах боломжийг нь бүрдүүллээ л гэнэ. Бөөрний дутагдалтай хүмүүсийг диализийн аппаратад үнэгүй оруулдаг болж магнайг нь тэнийлгэж, сэтгэлийг нь сэргээсэн сурагтай. Аа бас эрхтэн шилжүүлэх өндөр үнэтэй мэс заслыг дотооддоо хийх болж, зардлынх нь чамгүй хувийг төр даадаг болж байна гээд эрүүл мэндийн салбарыг тойрсон сайн мэдээ элбэг байна.
 
Цаг үеэ дагахгүй бол  би ч бас хоцорч мэдэх нь. Ажилдаа ирж очихдоо машин зайдалж, арайхийж тэгээд босго давангуутаа буйдан дээр унаж, хэвтээгээрээ хооллож, хөндлөнгөөрөө зурагт үздэг мугуйд муу зуршлаасаа салахгүй бол болохгүй нь хө. 
 
Амралтын өдрөөр ууланд алхаад үзлээ, агаар цээж дүүрэн сэнгэнээд сайхан байна, цэцэрлэгт хүрээлэнгийн замаар дугуй унаж тойрлоо, чилээ гарч бие хөнгөрөөд аятайхан байна. Архи уудаг нөхөд цөөрч аялалд явъя гэж уриалдаг найз нар олшроод амьдрал сайхан байна аа.
 
Чийг ханхалсан харанхуй орчинд "шилэн бүрээ" үлээж шилтэй архинд живж суусны оронд сэлүүхэн агаарт андуудтайаа алхаж, сэтгэлээ сэргэтэл уужимхан амьсгалах ай мөн ч сайхан байна даа. 
 
"Монголын үрс маш олон болтугай" гэсэн их зохиолчийн үг биелэлээ олж буй энэ цаг дор монгол хүн улам урт наслах сайн цаг бас дөтөлж байна хүмүүс минь. Ай даа, амьдрах сайхаан. 
 
Сэтгүүлч И.Буянжаргал
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)