Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан аппликейшныг бүтээлээ

3 өдөр
НИЙСЛЭЛ.mn

Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах “ШУВУУ 1.0” тусгай зориулалтын аппликейшныг бүтээлээ. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа бөгөөд 200сая хүн үйлдлийн бэрхшээлтэй амьдарч байна. Тэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалт хангалтгүй, эдийн засгийн оролцоо бага байгаа нь ядууралд өртөх шалтгаан болж өндөр хөгжилтэй, хөгжиж буй аль ч нийгэмд эрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөөр ирсэн нийгмийн бүлэг болоод байна. Тэдэнд хийж бүтээх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт оролцох, найзалж нөхөрлөх, гэр бүл зохиох, үр хүүхдээ өсгөх, эмнэлэг, сургууль, дэлгүүр, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх хэрэгцээ шаардлагууд байгаа ч улсын бодлого хангалтгүй, хандлага сөрөг, үйлчилгээний хангамж дутмаг, үйлчилгээ авахад асуудалтай, дэд бүтэц шийдэгдээгүй, хүртээмж дутмаг байсаар байна.

Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй бөгөөд бие эрхтний согог, гэмтэл нь нийгмийн орчин, хандлага, хязгаарлалттай нэгдэн хөгжлийг илүү бэрхшээлтэй болгож байна. Жишээ нь: тэргэнцэртэй хүн тэргэн дээр сууж байгаа болохоор ажил хийж чадахгүй байгаа зүйл огт биш юм, харин эсрэгээрээ ажил олгогч нь тэргэнцэртэй иргэн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлээгүйгээс тэргэнцэртэй иргэн ажиллах чадамжгүй гэсэн ангилалд автоматаар орж байгаа юм.

Төрөлхийн, гэнэтийн тохиолдлоор аль ч насны хүн хөгжлийн бэрхшээлтэй болж болох ч тэр хөгжлийн бэрхшээлтэй чигээр амьдарч, нийгмээс тусгаарлагдаж, түүний хувь тавилан үүнээс болж буруугаар эргэх ёсгүй.

2018 оны байдлаар харааны, сонсголын, хэл ярианы, хөдөлгөөний, сэтгэцийн, хавсарсан бэрхшээлтэй, мөн эрүүл мэндийн улмаас бэрхшээлтэй болсон, дауны хам шинж, аутизмын хүрээний эмгэг, генетикийн гаралтай зэрэг бэрхшээлүүдийг хамруулан Монгол улсад 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Хөгжлийн бэрхшээлд хамгийн түгээмэл тохиолддог асуудал нь харилцаа юм. Монгол улс 2009 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай конвенцид нэгдэн орсон нь хөгжлийн бэрхшээлгүйгээр амьдрахад хандлагаа чиглүүлж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл харилцааны асуудлууд шийдэлгүй хэвээр байна.  Үүний хирээр Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчид нэгдэн нийлж олон арван ТББ байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг тод жишээ нь аутизмын эмгэгтэй болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн харилцаанд оролцоход гол гүүр болж буй “Аутизм Монгол – Анд”, “Монголын аутизмын холбоо” ТББ-иуд бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах аппликейшн бүтээх санаачилгыг гаргасан билээ.

 

Тус санаачилгыг дэмжин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийн харилцаанд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой “Шувуу хөгжүүлэгчид” ТББ 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах, харилцааны хүндрэл бэрхшээлийг даван туулах, дэмжлэг үзүүлэх, эрхийг хангаж хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах, үйлчилгээг ялгаваргүй хүртээх зорилтын хүрээнд “Шувуу” харилцаанд туслах тусгай зориулалтын аппликейшныг бүтээхээр санхүүжилт босгосон. Хөгжлийн бэрхшээлийг ойлгодог, эерэг хандлагатай олон сайхан хүмүүс, байгууллагуудад хандсан олон удаагийн уулзалтын үр дүнд оюуны болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа авч “Шувуу 1.0” харилцаанд туслах тусгай зориулалтын аппликейшнийг Монголд анх удаа гаргаад байна. Дэлхий дахинд энэ төрлийн 4,000 орчим аппликейшн байдаг.

Монголын дауны холбоо, Аутизм Монгол-Анд, Монголын аутизмын холбоо, Улаанбаатар Ротари клуб, Redpath Mongolia, Namuunzet продакшн, Dualzet студи, Procraft студи, LEAD хөтөлбөрийн залуус, IFC, ikon.mn, trends.mn, Цэрэн турс, Бяцхан агаар төсөл, Зориг сангийн Байгаль орчны манлайлагчид хөтөлбөрийн төгсөгч залуус болон хувь хүмүүсийн үнэлж баршгүй дэмжлэгээр энэхүү аппликейшн бүтсэн юм.

“Шувуу 1.0” нийт 230 гаруй үгсийн сантай, Android/IOS системтэй бүх төхөөрөмж дээр ашиглагдах бөгөөд татаж авсны дараа интернэтгүй орчинд ажиллах боломжтой, үйлдлийн систем нь ашиглахад маш хялбараас гадна хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлж үгсийн сан, зураглалыг баяжуулах боломжтой. Мөн тухайн үг, өгүүлбэрийг аудио хэлбэрээр сонсох боломжтой.

“Шувуу 1.0” аппликейшныг 30,000 хүн хэрэглэх боломжтой бөгөөд жилээс жилд үгсийн сан, зураглалыг нэмэгдүүлж сайжруулах тул хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллах боломжууд үргэлж нээлттэй байх болно.

“ШУВУУ ХӨГЖҮҮЛЭГЧИД” ТББ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)