Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Зургаан жил “амарсан” нийслэлийн МАН-ын хороо хэзээ хуралдах вэ

Амьд байгаль сэргэж, амьтад ичээнээсээ гарахыг ханш нээлээ гэж ярьдаг. Монголын улс төрийн амьдрал ч бас ханш нээдэг улиралтай. Энэ үеэр улстөрчид, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн, жагсаал цугдаанд манлайлагчид, бусдыг шүүж шүүмжлэх дуртай хүмүүс ичээнээсээ гарч идэвхждэг. Улс төрийн “жижиг” гэгддэг намууд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хаяаг бараадан улс төр хийх төлөвлөгөөтэй байх шиг байна. Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ түдгэлзвэл нөхөн сонгуульд хамтарч оролцох бэлтгэлдээ жижиг намуудын албан бус нэгдэл хэдийнэ гарчээ. Харин АН-ынхан Ерөнхийлөгч Х.Баттулгын аясаар хааяахан хөдөлж, нам доторх зодоондоо хамаг тамираа бардаг улигт жишгээ давтаж эхэллээ. Аль ч цаг үед засгийн эрх мэдлийг атгаж байгаа улс төрийн намуудын амьдрал олон нийтийн анхаарлын төвд байдаг. Энэхүү жишгийн дагуу МАН-д өрнөж буй үйл явдлууд энэ хаврын улс төрд зонхилох нөлөөтэй байх нь гарцаагүй.

Хамгийн ойрын хугацаанд нийслэлийн МАН-ын хороо хурлаа хийх товтой байгаа. Тус намын үндсэн дүрэмд “ Аймаг, нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчид нь Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчдийн тоог хурал болохоос 30 хоногийн өмнө тогтоож, төлөөлөгч сонгох журмыг батална” гэж заажээ. Дүрмийн дагуу энэ дөрөвдүгээр сард багтаан нийслэлийн МАН-ын хороо Бага хурлынхаа товыг тогтоох учиртай. Энэ хуралд дээр дооргүй анхаарал хандуулаад байгаагийн цаад учир нь хурлаас нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгоно. Хэн дарга болохоос хамаарч Хотын даргын болон бас бус албан тушаалын хувь заяа шалтгаална. Дээрээс нь нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал 2012 оноос хойш зургаан жил хуралдаагүй нь хүлээлт үүсгэх бас нэг шалтаг болоод буй.

Нийслэлийн МАН-ын хороог одоогийн хотын мээр Су.Батболд удирдаж буй. Гэхдээ тэрбээр нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдээс түр томилогдсон үүрэг гүйцэтгэгч юм. Тийм учраас Бага хурлаас намынхаа даргыг шинээр сонгох асуудал олон хүний анхаарлыг татах нь аргагүй. 2016 оны сонгуульд МАН нийслэлд ялалт байгуулж, эрх мэдлээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд хотын удирдлагын хийсэн ажил, алдаа дутагдал, “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн биелэлтийг энэ хурлаар хэлэлцэнэ. НИТХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан, хоорондоо эв түнжин тааруу байгаа зэргийг зайлшгүй ярих болохоор хурал нэлээн ширүүхэн уур амьсгал дунд өрнөнөгэж ажиглагчид дүгнэж байна. Юутай ч ойрын хугацаанд нийслэлийн МАН-ын хороо дүрийнхээ дагуу хурлаа зарлах юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [122.201.22.254] 2018/04/17
Luivarchid shuudee