Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 22463 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 106 нэгжээр буурсан байна. Нийслэлийн төвийн дүүргүүдэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо 4-42 нэгжээр буурч, Сонгинохайрхан дүүрэгт 42 нэгжээр буурсан нь хамгийн их байна.  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Явган эргүүлийн баг” болзолт уралдааныг 1 сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Миний гудамж-Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аяныг гуравдугаар сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаатай зохион байгуулж байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2503 дуудлага мэдээлэл хүлээн авч 878 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 117 хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран “Шөнийн хяналт” нэгдсэн арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар зохион явуулсан. Нийт давхардсан тоогоор 672 алба хаагч ажиллан 6 гэмт хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 850 зөрчлийг илрүүлж ажилласан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 102 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 91, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 11 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 115 иргэнийг авран хамгаалсан. Нийслэлийн Засаг даргын энэ оны 04 дүгээр сарын 20-ны А/348 дугаар захирамжаар нийслэлийн малтай иргэдийн мал амьтанд  мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг хийж эхлүүлээд байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийх хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтад нийт 50 объект хамрагдахаас өнөөдрийн байдлаар 34  аж ахуйн нэгжийн барилга байгууламж буюу 68 хувь нь хамрагдаж нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 84 зөрчил буюу 36.2 хувийг арилгуулан бусад 148 зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг  холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу  мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. НМХГ-аас Улаанбаатар хотын “А” бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх талаар албан бичиг дүүргүүдийн Засаг дарга болон газрын албан хүргүүлсэн. Хориглосон байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 170 түргэн үйлчилгээний цэгийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1,1.2 ,10.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар эрх хязгаарлах арга хэмжээ авч холбогдох байгууллагуудтай хамтран нүүлгэх ажлыг эхлүүлж байгаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ярилаа гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)