Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Д.Эрдэнэбат: Сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах асуудлаар шаардлага хүргүүлнэ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгээс "Эрдэнэт" үйлдвэр, Оюутолгойн асуудал болон Эрдэнэс Тавантолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 20-ны дотор мэдээллээ танилцуулахаар болсон байна. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэхээр тус бүлэг тогтсон байна. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Үндсэн хуульд өөрчлөл оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжих болов уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа ч ингэж хавтгайруулан өөрчлөх шаардлагагүй. Гол нь ард иргэдийн саналыг бодитой тусгаж, 76 гишүүний оролцоог хангах учиртай. Эрх баригч нам зөвхөн бүлгээрээ хэлэлцээд яваад байж болохгүй. Ер нь хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж амжихгүй болов уу.

-Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудал өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх байсан ч хойшиллоо. Энэ асуудалд бүлгийн зүгээс ямар байр суурьтай байгаа бэ?

-Хүүхдийн мөнгөөр МАН улс төр хийж болохгүй. Эхлээд 100 хувь олгож байсан. Үүнийг багасгасан хойноо 40,60,80 хувь болгон нэмэгдүүлж байна. Сонгуулийн өмнөх жил 100 хувь болголоо гэж шоу хийхээр зэхэж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох төслийг баталсан төсөв дээр 17 тэрбум төгрөгийн дарамт л үүснэ. Засгийн газар хүүхдүүдээс 17 тэрбум төгрөг харамлаж байгаа мэт харагдаж байна.

-Ч.Хүрэлбаатар сайдыг огцруулах үндэслэлийг жаахан дэлгэрүүлэн тайлбарлана уу?

-Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой олон асуудал гардаг. Үүнийг одоо хаацайлахаа болих хэрэгтэй. Хамгийн наад зах нь гэхэд төсвийн тухай хуулийг зөрчиж, тодотгол хийхгүй яваа нь буруу. Ц.Нямдорж сайдын тухайд Г.Алтантай эрх ашгийн хувьд холбоотой юу. Төрийн өндөр албан тушаалтан түрээсийн байранд амьдарч байгаа нь магадлах ёстой асуудлуудын нэг гэж бид харж байгаа.

-Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлаар гишүүд санал оруулах хуулийн боломжгүй байгаа. Та бүхэн хуулийн энэ заалтыг харсан уу?

-Тодорхой нэр бүхий сайд нарыг УИХ-ын гишүүн огцруулах асуудлаар санал оруулах боломжгүй байгаа. Тиймээс бид огцруулах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж байгаа юм.

medee.mn  Г.ИТГЭЛ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)