Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Усыг чандмань эрдэнэ гэх атлаа задгай мөнгөөр үнэлдэг монголчууд

Өмнөх нийгмийн үед хайрцаг шүдэнз хамгийн хямдад тооцогддог байлаа. Харин өнөө цагт нэг хайрцаг шүдэнзийг 100 төгрөгөөр зардаг болсон байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш задгай мөнгөөр үнэлэгддэг бараа үлдээгүй гэж хүмүүс боддог. Бараа бүтээгдэхүүн талаас нь бодвол хүмүүсийн бодол зөв. Харин бид литр усыг өнөөдрийг хүртэл 56 мөнгөөр үнэлдэг гэдгийг олон нийт төдийлөн мэддэггүй, мэдсэн ч тэгэх ёстой юм шиг боддог. Өнө эртнээс нааш монголчууд гол горхи, нуур цөөрөм, булаг шандын усыг чандмань эрдэнэ хэмээн дээдлэн өргөмжилж, буртаглах вий хэмээн хамгаалсаар иржээ. Улсын эх дагина Дондогдулам одоогийн Улаанбаатар орчмын рашаануудыг тодотгон судалж, хамгаалах тал дээр онцгой анхаарч байсан түүхэн баримт бий.

Эдүгээ монголчуудын амьдралд ус шиг хямдхан, үнэ цэнэгүй зүйл үгүй болжээ. Гэр хорооллынхон литр усыг нэг төгрөг, орон сууцныхан 56 мөнгөөр худалдан авч хэрэглэдэг. Хэрэглээнийх нь хэмжээг аваад үзвэл тэнгэр газар шиг зөрүүтэй тоо гарна. Орон сууцанд эамьдардаг хүмүүс өдөрт 140-160 литр усыг ахуйдаа хэрэглэдэг байхад гэр хорооллынхонд 7-10 литр ногдож байх жишээтэй. Хүссэн үедээ хананаасаа ус гоожуулаад авчихдаг орон сууцныхан шууд ууж болохоор цэвэр усаар бохироо урсгаж тансаглана. Борооны дараахь мөөг шиг олшрох болсон машин угаалгын газрууд мөн л цэвэр усаар төмөр хүлгүүдийг өнгө оруулна. Гүний худгаас татсан цэвэр усаар машин угаадаг хэд хэдэн газар нийслэлд байсныг мэргэжлийн хяналтын газрынхан тогтоосон байдаг. Саяхан НҮБ-ын усны асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн мэдэгдсэнээс үзвэл гэр хорооллын 300 орчим өрхөд нэг худаг ногдож байгаа нь цэвэр усаар хангагдах тэгш эрх зөрчигдсөөр өнөөдрийг хүрчээ.

Засгийн газар ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулаад байгаа ажээ. Энэ төсөлд их бохирдуулсан нь өндөр төлбөр төлөх зарчмыг хатуу суулгаж өгсөн гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн. Энэ бол олзуурхах ёстой шинэчлэл. Зарим судлаачийн тогтоосноор Улаанбаатар хот 2030 оноос усны гачигдалд орох аюул бий. Бохирдуулагч өндөр төлбөр төлөх, усыг дахин ашиглах, газрын гүний усны хэрэглээг багасгах, усан сан байгуулах, ариг гамтай, зөв хэрэглээг таниулан сурталчлах гээд шийдлүүдийг амьдралд нэн даруй нэвтрүүлэх бодитой шаардлага тулгараад байна. Усны үнийг ч эргэн харж, уян хатан байдлаар зохицуулалт хийхгүй бол наанаа чандмань эрдэнэ гэж өргөмжилчихөөд яг амьдрал дээр задгай мөнгөөр үнэлдэг утгагүй тогтолцоог өөрчлөх цаг болжээ.

Ус үгүй бол амьдрал үгүй.

Б.Түвшин

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.212.117.136] 2018/04/23
togtvortoi hogjiliin zorilt tavih yum bol usaa hamgaal