Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ц.Туваан: Ц.Нямдорж сайд хэргийн захиалагчийг ил болгоно гэж хэлж, нийгэмд хүлээлт үүсгэж байсан

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.

-Ардчилсан намын дарга С.Эрдэнийн өргөн барьсан Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг Байнгын хороо дэмжсэн боловч УИХ-ын МАН-ын бүлэг дэмжихгүй гэж үзэж чуулганаар хэлэлцүүлээгүй. Уг хуулийн төслийн зорилт, ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

-Ардчилсан хувьсгалын анхдагчид болсон хэдхэн хүнд төрөөс нэг удаагийн тэтгэмж олгох хуулийн төсөл санаачилсан юм. Уг нь байнгын хороон дээр дэмжигдсэн асуудал. Ардчилсан хувьсгалын анхдагчдад тэтгэмж олгох энэ хууль нь ганцхан Ардчилсан намын асуудал биш юм. Ардчилсан хувьсгалд хувь нэмрээ оруулсан хүн бүрийн ачаар монголчууд ардчиллын үр шимийг хүртсэн. Өөрөөр хэлбэл, энэ түүхэн цаг үеийн төлөө зүтгэсэн хүмүүсээ харж үзэх үүрэг төрд бий. 2019 онд Ардчилсан хувьсгал ялсны 30 жилийн ой болно. Энэ ойн өмнө эдгээр хүмүүсийнхээ асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэсэн бол олон хүний амьдралд үр өгөөжөө өгөх хуулийн төсөл байсан юм. Хатуу, хэцүү цаг үеийг даван гарч, ард түмний үгээ хэлэх эрхийн төлөө тэмцсэн цогтой тэмцэгч болсон Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдээ төр үнэлэх л ёстой. Гэтэл ийм асуудлыг үзэмжээрээ дүгнэж, эрх баригч нам бүлгийн хурлаараа дэмжихгүй хэмээн ярьсан нь харамсалтай юм.

-Ерөнхийлөгчийн АТГ-ын дарга, дэд даргын асуудлаар оруулж ирсэн саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр шууд санал хурааж буцаасан нь УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчсөн явдал боллоо хэмээн УИХ дахь Ардчилсан намын гишүүд шүүмжилсэн. Сөрөг хүчин эрх баригч намын энэ үйлдлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг оруулж ирэхдээ Үндсэн хуулийн суурь зарчим болох "Төрийн эрх ард түмний мэдэлд байна" гэсэн зарчимд тулгуурлаж, иргэдээс санал авч оруулж ирсэн. Гэтэл эхлээд байнгын хороогоор хэлэлцэж, гарсан саналыг нь УИХ-ын чуулганд танилцуулж хэлэлцэх ёстой. Дэмжихгүй байсан ч УИХ-ын чуулганаар хэлэлцүүлдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэгийн тухай хуульд “УИХ-д ажлаа шууд тайлагнадаг албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлт гаргана” гэсэн байдаг. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санал болон байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэх хууль нь байсаар байхад хэлэлцээгүй. Энэ мэт процессын алдаа гаргаж, хуулиа зөрчиж байгаад Ардчилсан нам шүүмжлэлтэй хандаж байна.

-Ардчиллын анхдагчдын нэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж онцгой ач холбогдол өгч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүн ял эдэлж байна. Энэ хэргийн захиалагчийн тухай асуудал оньсого хэвээр байсаар ирлээ. Хэргийн захиалагчийн асуудал олны анхаарлын төвд байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын гишүүнээр томилогдохоосоо өмнө болон дараа нь хэргийн захиалагчийг олон нийтэд ил зарлана гэсэн мэдээлэл өгч байсан. Энэ нь олон нийтэд хүлээлт үүсгэсэн мэдэгдэл болсон. Зориг агсны амиа алдсан хэргийн талаар Ц.Нямдорж сайдаас хүлээж буй хүлээлт ердөө л энэ. Ардчилсан нам төдийгүй монголчуудын хувьд энэ хэрэг хурдан шийдэгдээсэй гэсэн хүлээлт бий шүү дээ. Хэргийн жинхэнэ буруутныг олж, хэнийг ч хэлмэгдүүлэлгүйгээр үнэн зөвөөр шийдвэрлэгдээсэй гэж бодож байна.

-Ардчилсан намын гишүүн, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан. Улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө ийнхүү хоригдож байна хэмээн өөрөө захидал бичсэн шүү дээ. Намдаа хандсан байдаг уу?

-Хэрэг үүсгээд шалгах нь хууль хүчний байгууллагын эрхийн асуудал. Гэхдээ хоёр асуудал энд бий. Нэгдүгээрт, энэ хүн төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн хамгаалалт нь буугаагүй. Тийм байтал ямар нэг байдлаар оргон зайлах гэж байгаа мэтээр хандаж байна уу гэж харагдаж байна. Одоо энэ хүнд ямар ч бүрэн эрхийн асуудал байхгүй шүү дээ. Ч.Сайханбилэг төрийн хамгаалалтад орж, мэдүүлэг өгөхөөс татгалзсан асуудал гаргаагүй байхад ингэж хорих хугацааг нь сунгаж байгааг улс төрийн өнцөг гаргаж байна уу гэх хувийн бодол төрж байна. Хоёрдугаарт, Ч.Сайханбилэг нь Үндсэн хууль болон бусад хуулиудад олгогдсон эрхийнхээ дагуу кабинетын зарчмаар буюу цаашлаад УИХ-аас шийдвэр гаргаж, батлаад өгсний дагуу улс төрийн шийдвэр гаргасан. Энэ нь өнөөдөр түүнийг шалгаж, хорих шалтгаан болж байгааг Ардчилсан нам анхааралтай харж байна. Энд хэлмэгдүүлэлт явагдах вий, улс төр орсон шийдвэр гарах вий гэж анхааралтай ажиглаж байна.

-Парламентын бүрэн эрхийн дөрвөн жилийн тал нь өнгөрөөд байна. Энэ хугацаанд УИХ, Засгийн газар хэр үр бүтээлтэй ажилласан гэж дүгнэж байна вэ?

-Замынхаа талд орж байна л даа. Энэ хүртэл эрх баригч намаас хэрэгжүүлсэн бодлогууд хэр үр дүнтэй байна вэ гэдгийг бид ард түмнээсээ л асууж мэднэ. Ийм учраас Ардчилсан нам 21 аймаг, 330 сумын хэмжээнд иргэдээ сонсохоор “Монголоо сонсъё” аян эхлүүлсэн. Ард түмний амьдралд хэр нийцэж, тэдний амьдралд ямар бодит өгөөжөө өгөв гэдэг дээр ард түмэн өөрсдөө үнэлгээгээ өгөх цаг нь болсон.

-“Монголоо сонсъё” аяны дүнг хэзээ хэлэлцэх вэ. Аянаас гарсан үр дүнгээс хамаарч Засгийн газарт шахалт үзүүлнэ гэж ойлгож болох уу?

-“Монголоо сонсъё” сарын аян орон даяар зэрэг эхэлж, зургадугаар сарын 15-нд өндөрлөж, тайлангаа хэлэлцэхээр төлөвлөөд байна. Бид өнгөрсөн долоо хоногт “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэлийн Баянгол дүүрэг, Төв аймгийн Батсүмбэр суманд жишиг өдөрлөг зохион байгуулж, ард иргэдээс санал, сэтгэгдлийг нь сонссон. Ингэхэд олон нийтийн зүгээс маш олон сэтгэл гонсойлгомоор асуудлыг бид хүлээж авсан. Ардчилсан нам 2018 оныг анхан шатны үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдээ чадавхижуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд “Монголоо сонсъё” уриан дор үндэсний хэмжээний томоохон аян зохион байгуулах юм. Монгол орны өрх бүрт хүрч, тэднийг сонсох нь энэ удаагийн аяны гол зорилго гэж ойлгож болно. Санал дүгнэлтээ гаргаад, Үндэсний бодлогын хороогоо хурадуулж, улс төрийн акц хийхээр төлөвлөж байна.

Ц.ТАМИР

Эх сурвалж: medee.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)