Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Та нар миний оронд байсан бол яах байсан бэ?

2018/05/23
НИЙСЛЭЛ.mn

Сайн байна уу? Энэ захидал яг хэнд хүрч, хэдэн хүн уншихыг би мэдэхгүй. Гэвч Гоолингоод шаардлага хангаж нийтлэгдвэл их л сайн байхсан. Би та нараас зөвлөгөө хүсээгүй юм шүү. Миний оронд байсан бол яах байсныг чинь л мэдэхийг хүсэж байна.

Та нар миний оронд байсан бол яах байсан бэ?

Саяхан сар гарангийн өмнө нэгэн арга хэмжээнд очоод би анхны хайртайгаа таарсан юм. Бид хоёрын харилцаа 8 жилийн өмнө дууссан бөгөөд би түүнийг мартсан гэж бодож байлаа. Гэтэл түүнийг харах үед зүрх минь хүчтэй цохилж, хөл минь газраас хөндийрөхгүй яг л хөшчихсөн юм шиг болчихсон. Яг л тэртээх он жилүүддээ эргээд оччихсон юм шиг санагдсан. Би түүнийг мартаагүй байж. Тэр ч намайг хараад баярлаж байсан. Бид хоёр яг л хуучны найзууд шиг уулзаж бие биерүүгээ ширтэж, удаан гар барьсан. Тэр хүмүүстэй явж байгаа гээд тэр хүмүүс рүүгээ явчихаад ирье гэж хэлээд явахад нь би гараад гүйчихмээр ч юм шиг байсан ч түүнтэй ярилцахыг хүсэж байсан болохоор өөрийгөө тайвшруулаад аль болох зүгээр юм шиг байхыг хичээсэн. Ядаж байхад сандалгүй босоо хүлээн авалт байсан болохоор хэсэгтээ л хэцүү байлаа. Нэлээд хэсэг хугацааны дараа тэр ирж бид хоёр өмнөх дурсамжаа ярилцаж, арга хэмжээ дууссан ч хамтдаа сууж ярилцсан. Тэр маань 3 хүүхэдтэй болжээ. Бид хоёрыг салах үед нийлсэн эмэгтэйтэйгээ гэрлэж, хамт амьдраад одоог хүргэж. Бидний салалтад би тэр эмэгтэйг буруутгадаггүй гэж гаднаа хэлдэг боловч тэр л байхгүй байсан бол гэх бодол зөндөө төрдөг байсан. Би ч тэр үед жаахан байж, хайрынхаа төлөө тэмцэхийг мэддэггүй омголон зантай байж дээ. Ингээд тэр өдрөөс хойш бид хоёр холбоотой байдаг болсон бөгөөд тэр ч бас тухайн үед гаргасан шийдвэртээ харамсдаг гэдгээ надад хэлсэн. Хүүхдүүдээ бодоод л эхнэртэйгээ хамт амьдарч байгаа ч гэв. Гэхдээ эрчүүдэд ингэж хэлэхэд амархан гэдгийг би мэднэ ээ. Магадгүй түүний хэлсэн үнэн байсан ч гэр бүлийн асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэгэнт бий болгосон амьдрал шүү дээ. Тийм ч учраас би хөөрсөн сэтгэлээ дарж, нэгэнт бүтээгүй учрал гэдэгтэй эвлэрч, хүний амьдрал бусниулахгүй байхаар шийдсэн юм. Тэгээд түүнээс зугтаж өөр залуутай болзож, анхаарлаа өөр тийш нь чиглүүлэхийг хичээсээр одоо хагас сар өнгөрч байна. Би өөртөө зөв юм хийж байгаа гэж хэлж, итгүүлж байгаа ч түүнтэй хамт байх хүсэл минь дэндүү их байна. Магадгүй тэр үед гадны хүний оролцоогүйгээр өөрсдөө таарамжгүй болоод салсан бол одоо надад ийм хүсэл төрөхгүй байсан байх. Урьд нь хамт хийе гэж ярьж байгаад чадаагүй зүйлсийн талаар түүнийг мартаагүй, бүр надад сануулж хэлэх үед нь тэр зөвхөн надад л зориулагдсан эр шиг санагдаад юу л болвол болог гээд хамтдаа зугтчихмаар санагдсан. Тэгээд би түүнд хэрвээ тийм бол гэрлэе гэж хэлсэн. Тэгтэл тэр гэрлээд хамтдаа гадагшаа явж амьдаръя гэсэн. Бид хоёрыг таарахаас өмнө гадаадад ажиллах санаатай байсан гэрлэлтээ цуцлуулах талаар бодож байсан гэж тэр хэлсэн. Найз охиндоо энэ талаар хэлтэл хэрвээ та хоёр ахиад нийлэх юм бол тэр эмэгтэйг би лав хохь нь гэж хэлнэ. Зүв зүгээр сайхан байсан хосыг салгаж, залууг нь авч суусан шдээ. Яаж тэр үед чи жирэмсэн нтр байгаагүй юм. Тийм байсан бол тэр эмэгтэй чамайг өрөвдөх байсан болов уу. Үгүй шдээ гэх мэтийн юм хэлэв.

Гэхдээ би тэр эмэгтэй шиг баймааргүй байна. Би хүнд муу юм хийхийг, бусдыг зовоохыг хүсэхгүй байна. Би зөв замаар гэр бүлээ бүтээж, зөвөөр амьдрахыг хүсэж байна. Шинэхэн болзсон залуу маань ч надад хүнийхээ хувьд таалагдсан. Өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй, хамт байхад айх аюулгүй, сайн хүн шиг санагдсан, хамгийн гол нь би түүнд багагүй таалагддаг гэдгээ мэднэ. Гэхдээ сэтгэл минь түүнрүү бүрэн эргэхэд нэлээд хугацаа шаардах нь тодорхой. Хамгийн сонирхолтой нь болзож байгаа залуу маань бараг анхны өдрөөсөө л хамт амьдрах, хүүхэдтэй болох талаар ярьж эхэлсэн. Тэр нэг л тийм итгэл даамаар хүн. Хэдхэн хоногт хүнийг танина гэдэг хэцүү тийм үү? Гэхдээ үнэхээр уулзах ёстой хүмүүс бол хурдан өрнөдөг гэдэг биз дээ? Түүний гэр бүлийн амьдралын төсөөлөл минийхтэй ижил байгаа нь бүр ч нэгийг хэлээд байх шиг. Ингээд би гэдэг хүн хүнтэй суугаачээ гэсэн гэр бүл, хамаатан садны дарамтаас салах хоёр замтай болчихоод байна. Та нар миний оронд байсан бол яах байсан бэ? Аль замыг нь сонгох вэ?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоод ирсэн захидал
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)