Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Монгол, Оросын бизнес эрхлэгчид уулзаж байна

“Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар өнөөдөр (2018.06.08) “Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт” боллоо. Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтыг нээн, хоёр орны төрийн байгууллагууд болон банк, санхүү, хувийн хэвшлийн төлөөлөгчдөд хандан үг хэлэв.

Хоёр орны эдийн засаг, худалдааны түншлэлийг шинэ шатанд гаргахад юуны түрүүнд хамтран хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлж, хоёр улсын банк санхүүгийн төлөөлөл, ажил хэрэгч хүмүүсийг уулзуулж, бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхээр энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин онцлон тэмдэглэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Голомт, Хаан банкууд ОХУ-ын ЭКСАР буюу Экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлагтай хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон бол өнөөдөр Худалдаа хөгжлийн банк, Голомт банк Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан явдлыг хоёр талд хөрөнгө оруулалт татах, шилдэг инновац, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, хамтран ажиллах салбарыг төрөлжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Засгийн газрын чөлөөт бүсийн асуудал хариуцсан гишүүний хувьд Монгол Улсын чөлөөт бүсүүдийг түшиглэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Европын холбоо болон Япон улсын зах зээлд хөнгөлөлттэйгөөр нийлүүлэх зэрэг хамтын ажиллагааны олон боломж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин тодорхойллоо.

Тус уулзалтын үр дүнд “Санхүү, хөрөнгө оруулалтын салбар дахь Монгол, Оросын хамтын ажиллагааны мэдэгдэл” гарах бөгөөд үүгээр хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэх, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг эрчимжүүлж, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх байгууллагуудын хамтын ажиллагааг баталгаажуулах юм байна.

 

Шадар сайдын санаачилсан Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалтад ОХУ-аас 300 гаруй бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирж Монголын талтай ажил хэрэгч уулзалт өрнүүлэн, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)