Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

" Эрдэнэт" үйлдвэр техник, технологио шинэчилж байна

Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийнхэн   төрөлх үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд  техник технологийн олон шинэчлэл хийж байна.  Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн босгон дээр Беларусь улсад үйлдвэрлэсэн БелАЗ-75131 маркийн 130 тоннын даацтай, 1600 морины хүчин чадалтай хөдөлгүүр бүхий  өөрөө буулгагч гурван автомашиныг хүлээн авлаа.  Гурван давхар байшингийн дайтай энэ аварга техникийн урт нь 12, өргөн нь долоон  метр, дугуйн радиус нь гурван метр.  Өөрийн жин нь 120 орчим  тонн. Эрдэнэт үйлдвэрийн   засварчид, гагнуурчид энэхүү аварга техникийг  тавхан хоногт угсарч тохируулж, ашиглалтад өгснөөр  өнөөдөр  эрдэнэс тээвэрлэх их ажилдаа гарлаа.   Ийнхүү шинэ белазууд   ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэр 30 БелАЗ автомашинаар  хүдэр тээвэрлэж байна.  Эрдэнэт үйлдвэр  ашиглалтад  орсон 1978 онд  40 тоннын даацтай БелАЗ-540А маркийн 17 машинаар 624 мянган метр куб уулын цул тээвэрлэж, 3,2 сая тонн ачаа эргэлт хийж байсан бол эдүгээ уулын цул тээвэрлэлт 38 дахин,  ачаа эргэлт 63 дахин нэмэгджээ.

Мөн  Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хүдэр нунтаглах хоёрдугаар тээрмийг 24 жилийн дараа сольж өнөөдөр  ашиглалтад хүлээн авлаа. Украин улсад үйлдвэрлэсэн МШЦ маркийн уг тээрмийг БНХАУ-ын “NHI” маркийн тээрмээр сольж, суурилуулсан юм. Уг тээрэм нь цагт 285-295 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай аж.   Тээрэм суурилуулах угсрах ажлыг тус цехийн Засварын хэсгийн өндөр ур чадвартай ажилтнууд хугацаанаас нь 10 хоногийн өмнө  хүлээлгэн өглөө.  Ийнхүү баялаг бүтээх их үйлсийн гол зэвсэг болсон бөмбөлөгт шинэ тээрэм өнөөдөр нүргэлж эхэллээ. Тээрэм хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ:  Бид үйлдвэрээ ирэх 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд техник технологио шинэчлэх олон ажил хийж байна.  Энэ  хүрээнд хийж буй томоохон ажлын нэг нь тээрмийн шинэчлэл. Тоног төхөөрөмжийг суурилуулах, угсарч, тохируулах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн оюунлаг инженерүүд,  “алтан” гартай, “бурхан” ухаантай ажилчдаараа бахархаж байна. Энэхүү тээрэм үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгнө гэдэгт эргэлзэхгүй байна гэж онцлов.

Нунтаглан баяжуулах хэсэгт жилд таван сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай хам баяжуулалтын нэгдүгээр шугамыг шинэчлэн өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.  Финлянд улсын OUTOTEC фирмийн нэгдүгээр шугам  2000 оноос 17 жил гаруй ажилласан бөгөөд    тус фирмийн  ОК-100 баяжуулах машинаар шинэчлэн өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.   “Энэхүү ажлын хэсгүүд нь  урьдынхыг бодвол эрчим хүч бага   зарцуулах бөгөөд  металл авалтыг өсгөх давуу талтай, орчин  үеийн дэвшилтэт техник  юм. Эхний үеийн лабораторийн туршилтаас харахад бидний хүлээлт үр дүнгээ өгсөн. Энэ ажлын хэсгүүд элэгдэлд тэсвэртэй, 7-8 жил засвар хийхгүй дүр зураг харагдаж байна” гэж Нунтаглан баяжуулах хэсгийн дарга Д.Отгон ярилаа. Шинэ техник технологи хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т. Батмөнх “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэмэгдэж, бүтээмж дээшлэхийн хэрээр техник технологийн шинэчлэл тасралтгүй явагдах ёстой. Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн  дагуу  бид цаашид ч  техник технологийн шинэчлэлийн ажлыг  эрчимжүүлнэ” гэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)