Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Говьсүмбэрийн засаг дарга Г.Батсуурь хоёр тэрбум төгрөгийг урд хөршийн компанид өгчээ

2018/09/04
НИЙСЛЭЛ.mn

-ГОВЬСҮМЭР АЙМАГ БОЛ АХУЙЧ, СЭТГЭЛТЭЙ ХҮНД ПОДХИЙТЭЛ НЬ 
АВААД ЯВЧИХ АВСААРХАН АЙЛ-

 Бид өмнө нь аймгуудын Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг /ЭНД ДАРЖ үзнэ үү/ онцолсон билээ. Энэ удаа сүүлийн 5-6 жил төрд тогтвортой ажиллаж буй мөртлөө өөрийн хөрөнгийн хэмжээ нь 1.3 тэрбум төгрөгт хүртлээ өссөн Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийн талаарх зарим баримтуудыг сөхөж байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 онд орон нутгийн сонгуулийн дараа Г.Батсуурийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар батламжлахаас татгалзаж байв. Тухайн үед “Та бүгдийн хэлэлцүүлж байгаа асуудал болгон дээр эсрэг санал өгнө. Мэдээж унана" гэсэн үг хэлж, тэрхүү видео нь дуулиан дэгдээж байсан нэгэн юм. Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн газарт засварчнаар ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр 2012 оноос аймгийнхаа Намын хорооны даргаар сонгогдсон байдаг. Нэг ёсондоо аймгийн Намын хороо ахалсан нь түүнд  улс төрийн өндөр албан тушаалд  томилогдох шат гүүр нь болсоор иржээ.

Уг нь Говьсүмбэр аймаг ердөө гуравхан сумтай, 16 мянга орчим хүн амтай. Төмөр зам дайран өнгөрдөг, орос ах нарын үлдээсэн өмч ихтэй. “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Шивээ Овоо” компани байршдаг. Ахуйч, сэтгэлтэй хүнд подхийтэл нь аваад явчих авсаархан айл гэсэн үг. Гэвч сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээ эрс муудсан, хуулийн хэрэгжилт гууль болсон. Нэг намын хэт ноёрхол тогтсон зэрэг дов тойрсон хэрүүлээсээ өндийхөө больжээ.

БАРИМТ: ТЕНДЕР ЗАРЛАЛГҮЙГЭЭР ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ 
УРД ХӨРШИЙН КОМПАНИД ӨГЧЭЭ

Тэр тоолонд Говьсүмбэр аймгийн Засаг ноён Г.Батсуурийн нэр сөхөгдөх юм. Тодорхой жишээ дурдъя. Говьсүмбэр аймгийн Засаг ноён Г.Батсуурь 2017.09.01-ний өдөр урд хөршийн “Zhongsheng Economic and Trade” гэх компанитай “Аймгийн төвийн халаалтын зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж, гарын үсгээ зуржээ. Хачирхалтай нь, үүнээс 13 хоногийн дараа Засгийн газрын тогтоолоор, уг уурын зуухны өргөтгөлийн төслийг баталсан гэх мэдээлэл бий аж.

Ухаандаа Г.Батсуурь урд хөршийн компанитай гэрээ байгуулсан хойно уг мөнгийг төсвөөс гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Холбогдох хууль номоороо хоёр тэрбум төгрөг Засгийн газраас олгохоор шийдвэрлэгдсэн хойно тендер зарлагдаж, холбогдох хуулийн дагуу процессууд шат дараатай өрнөх байв. Бүр тодруулж хэлбэл, хуулийн тухайлсан хугацаагаар 2018 оны эхээр уурын зуухыг хэн нийлүүлэх нь тодорхой ёстой байжээ.

Гэтэл эсрэгээрээ төсөв батлагдахаас 13 өмнө нийлүүлэгч талтай гэрээ зурчихсан байгаа юм. Асуудал энэ хүрээд дууссан бол өнгөрч. Уурын зуухаа авчирч ирэн, суурилуулах өртгийг яг адил үйлчилгээ эрхэлдэг урд хөршийн компаниудаас судалж үзэхэд ихдээ 700 сая төгрөг хүрэхээр байж. Бүр тээврийн зардал, хил гаалийн татвар, зуухны өртөг шингээд шүү. Ийм байхад Г.Батсуурь хоёр тэрбумын гэрээг үзэглэсэн байгаа юм.

БАРИМТ: ИТХ-ЫН БАТАЛСАН ТОГТООЛЫГ ӨӨРЧИЛЖ, ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД 
АВТОМАШИН АВСАН УУ

Дараачийн баримт нь, аймгийн ИТХ-ын тогтоол засч, нэг шинэ машины үнээр хоёр хуучин машин худалдан авсан явдал. Хэрэг явдлыг тодруулбал, Говьсүмбэр аймгийн ИТХ 2017 оны төсөвтөө тодотгол хийх үедээ хүн тээврийн зориулалтаар, 165 сая төгрөгөөр автобус авахаар төсөвлөжээ.

Гэтэл өнөөх тогтоол нь, “Нийтийн тээврийн дунд автобус, суудлын автомашин худалдан авах...” хэмээн засагдаж, засагдсан хэлбэрээрээ хэрэгжсэн байна. Мэдээж 165 сая төгрөгт ТЭГ ГҮЙЛТТЭЙ нэг автобус, нэг суудлын автомашин авч хүрэхгүй. Тиймээс ч нийтийн тээвэрт явж байсан хуучин автобус авч, өнөөхөө сүр дуулиантайгаар ашиглалтад өгсөн байна. Гэвч сар хүрэхгүй хугацаанд хэрэглэгдээд, хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон гэх.

Суудлын авто машины тухайд, “Төсвийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай” хуулийн хүрээнд тендер зарласан байна. Тендерт тус аймгийн ИТХ-ын нэг төлөөлөгчийн эзэмшдэг компани шалгарч, “Nissan Teana” маркийн машинаа аймагтаа худалджээ. Уг машин мөн л 2016 оны зургадугаар сарын 28-нд орж ирсэн хуучин машин байж. Товчхондоо тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч, албан тушаалаа ашиглан, хуучин машинаа “шахсан” аж.

Энэ мэтээр дурдаад байвал Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийг тойрсон бараан баримтууд олон. Ээлжийн амралтаа авсан нэрээр албан контортоо наадмаас хойш үзэгдээгүй. Нийслэл хотод ихэнх цагаа өнгөрүүлдэг гэх энэ эрхэм төрийн өндөр албан тушаалыг мөнхийн суудал мэт сэтгэж, эрх ямбаа хэтрүүлэн ашиглаж яваа юу гэх хардлагыг дээрх баримтууд төрүүлж байна.

Улс төрийн нам дагаж  байгаад, орон нутагт засаг даргаар томилогдчихдог. Арайхийж авсан суудлаа төрийн хуулийг гууль болгоход хэрэглэдэг. Эрх ямбаа хэтрүүлэн ашигладаг бичигдээгүй хууль манайд хэвшил болсны нэг жишээ энэ. Ерөнхий сайд нь амралтаа хурдан дуусгахыг үүрэгдээд байдаг. ЗГХЭГ-ын дарга нь төрдөө сэтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг даалгаад л байдаг. Яг бодит байдал дээр хууль зөрчиж чаддаг мөртлөө ажилдаа ирж чадахаа байчихсан Г.Батсуурь мэтийн дарга нар хөдөөгүүр нэг байна.

Г.ИТГЭЛ www.medee.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)