Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Б.Алтанхуяг: Хүн бүр гэр бүлдээ, эх орондоо аврагч нь байгаасай

Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Мэргэжлийн аврагч” тэмцээн өнгөрсөн сард болсон юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын анги, салбаруудын гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн  ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьдог энэхүү тэмцээний “Шилдэг аврагч”-аар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Б.Алтанхуяг тодорч хамт олноо манлайллаа. Ажил мэргэжлээ ярих бүртээ сэтгэлээс нь гал дүрэлзэж, нүдэнд нь оч гялалзах аврагчтай ажил, амьдралынх нь талаар хөөрөлдсөн амттай ярилцлагаа уншигч танаа хүргэж байна. 

– Мөр  зэрэгцэн алба  хааж буй аавын  хүүхдүүдийг ардаа орхин “Шилдэг  аврагч” болсонд  халуун баяр хүргэе.

– Баярлалаа.

– Хурд хүч, авхаалж самбаагаараа бусдаас илүү байж чадсан тэр аврагч хэний хэн болохыг надад болоод уншигчдадаа танилцуулахгүй юу?

– Намайг Баярсайханы Алтанхуяг гэдэг. Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн. 2015 онд Хууль сахиулах их сургуулийн харъяа Ахлагчийн сургууль төгсөөд Онцгой байдлын албандаа орсон. Би ер нь л цэргийн хүн болно гэсэн бодолтой байсан. Гэхдээ арми, Онцгой байдлын алба хоёрын ялгааг төдийлөн сайн мэддэггүй байлаа. Одоо бол манай алба үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан алба шүү гэж өөрийн эрхгүй бахархдаг. Манай албанд сэтгэлтэй хүн л ажиллана даа.

– Онцгой байдлын албыг сонгож ажилд орохдоо гал сөнөөгч болж чадна гэдэгтээ итгэлтэй байсан уу, эсвэл?

– Яг гал сөнөөгч болно гэж бодоогүй шүү. Галын өөдөөс орно гэхээр л амаргүй санагдаад.

– Тэгвэл одоо гал түймрийн голомтод ажиллахад хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

– Хошуугаа бариад түймрийн голомт уруу ороход “аварна”, “аврах ёстой” гэсэн бодол л төрдөг. Шатаж байгаа айл өрх, албан байгууллага аль нь ч ялгаа байхгүй, тэдний насаараа цуглуулсан эд хөрөнгө, амьдралын баталгаа байдаг учраас цаг минут алдахгүй ажиллахыг л боддог. Манай алба хаагчид бүгд тийм сэтгэлээр ханддаг.

– Зарим тохиолдолд гал сөнөөгчид галын голомтонд очиход бүх зүйл оройтсон байх нь бий. Таны хэлдгээр  насаараа хураасан хөрөнгө, босгосон амьдрал нь хормын төдийд дүрэлзээд өнгөрдөг. Ийм  мэдрэмж төрдөг үү?

– Тавхан  минутын  өмнө ирчихсэн болоосой гэж харамсах үе олон байдаг. Үүний зэрэгцээ  би  нэг зүйлд  маш их эмзэглэдэг. Иргэдийн дэндүү их хувиа  хичээсэн байдалд. 0,07 га хашаагаа дур мэдэн сунгадаг, нийтийн эзэмшил талбай замыг хааж хашаа хатгадаг. Үүнээс болоод ямар нэгэн айл шатаж байна гэсэн дуудлагаар очиход тэр айл руу очих орц, гарц нь хаагдчихсан, галын машин орох зайгүй байх нь цөөнгүй. Энэ байдлаас болж хугацаа их алддаг. Дээрээс нь Улаанбаатарын автомашины түгжрэл ямар билээ. Тэнд нэг айл амьдралаа алдаж байхад замаа чөлөөлөөд өгөх жолооч ховорхон шүү дээ. Энэ бол хүмүүсийн ухамсартай л холбоотой асуудал. Тиймээс манай дүүргийн хувьд айл өрх, ард иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг байнга өгч ажилладаг. Гэхдээ л урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулаад, сургалт явуулаад байхад л иргэдийн хайнга байдал засрахгүй, гал алдах тохиолдол буурахгүй л байна.

– Аврагчид  цаг ямагт аюултай, эрсдэлтэй нөхцөлд  ажилладаг. Таны хувьд мэргэжлээ сонгохдоо үүнийг мэдэж байсан байх. Тэгсэн ч энэ алба, энэ мэргэжлийг сонгосон нь юутай холбоотой  вэ?

– Бид хийхгүй бол өөр хэн хийх вэ? Хэн ард иргэдийг авран хамгаалах вэ? Би ийм бодлоор  л сонгосон. Би аврахын төлөө ажиллаж байгаа болохоос эрсдэлд орох эрх байхгүй. Тиймдээ ч  өдөр бүр  дасгал сургуулилт, бэлтгэл хийдэг.

– Бэлтгэл, сургуулилт гэснээс энэ жилийн “Мэргэжлийн аврагч-2018” тэмцээний онцлог юу байв. Тэмцээндээ хэрхэн цаг гаргаж бэлтгэдэг вэ?

– Мэргэжлийн аврагч тэмцээн бол мэргэжлийн ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, сэтгэхүйн цараа гээд бүгдийг нь хослуулсан тэмцээн. Гүний усны шумбалт, өврөөс аврах ажиллагаа явуулах, утаат орчноос аврах ажиллагаа явуулах гээд олон төрлийн шалгууртай. Энэ жилийн тэмцээний хувьд хоёр өдөр дараалан хүйтэн бороо орж, байгаль цаг агаарын шалгуурт давхар шалгуулсан хүндхэн нөхцөлд болсноороо онцлог байлаа.  Минийхээр энэ тэмцээн аврагчдын хувьд маш том шалгуур, дадлага, туршлага болж, мэдлэг олгодог. Манайхан жил ирэх бүр аврагч тамирчдын ур чадвар, өрсөлдөөн нэмэгдсэн байна гэж ярьж байна. Энэ хэрээр ажлын талбар дээрх ур чадвар, мэргэшил, мэдлэг нэмэгдсэн гэсэн үг гэж ойлгож болох юм даа.

– Дуртай зүйлээ  хөгжүүлж  чадсан хүн хийж байгаа зүйлдээ  сэтгэл ханамжтай, амжилттай явдаг гэдэг. Таны хоббиг сонирхмоор байна?

– Би ном унших, цуглуулах, хадгалах дуртай. Тэр дундаа хуучны ном зохиолуудыг ихэвчлэн уншина.

– Энэ цаг үед  номын сантай айл тун ховор шүү. Харин танд бол нэлээд арвин номын сан байгаа бололтой?

– Амьдралд  хэрэгтэй маш их зүйл номонд байдаг. Өнөөдөр ч миний амьдралд номноос санаа үлгэр дууриал авсан олон зүйл бий. Алдаа эндэгдлээс аварч байсан ч зүйл бий. Тийм учраас л би унших, цуглуулах дуртай. Ингэж ярихаар  зарим хүн намайг хуучинсаг хөгшин хүн шиг гэх байх л даа /Инээв/.

– Тэгвэл өнөө цагт хамгийн ховор, үнэ цэнэтэй зүйл гэвэл та юуг нэрлэх вэ?

– Хүн чанар. Би бол хөдөө өссөн хүн. Хотод орж ирээд найман жил болж байна. Хүн гэдэг хэн нэгэн гудамжинд унаад хэвтэж байхад “өө энэ нэг муу архичин” гэж бодохоосоо өмнө энэ хүний бие нь өвдөөгүй байгаа, ямар нэгэн байдлаар аюул осолд өртөөгүй байгаа гэж бодон туслах сэтгэлтэй байх ёстой юм шиг. Адаглаад л бороо орсны дараа автомашинтайнууд нь явган хүн рүү шалбааг цацалгүй өнгөрөх сэтгэлтэй байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр тийм сэтгэлтэн ховор. Тэгэхээр би энэ нийгэмд хүнлэг ёс, хүн чанар хоёр л хамгийн их дутагдаж байна даа гэж боддог.

– Таны хамгийн найдвартай туслагч бол мэдээж гэрийнхэн чинь байх. Үүрэг гүйцэтгээд ирэхэд чинь тэд хэрхэн тосдог вэ?

– Тэгэлгүй яахав. Миний найдвартай ар тал бол гэргий, охин хоёр маань. Ядрав уу гээд тосоход нь хамаг ядаргаа арилна шүү дээ. Миний  хамгийн   аз жаргалтай  мөч бол  энэ. Би гэртээ харихаар л хамгийн аз жаргалтай тайван болж чаддаг. Миний хувьд, манай  гэр бүлийн хувьд ганц  аврагч нь би биш шүү дээ. Юм бүхнийг авардаг, инээд бэлэглэдэг, гийгүүлдэг аврагч нь миний охин юм. Тэгээд ч ажлынхаа ард гарчихаад ирэх хамгийн сайхан. Гэхдээ ийм бахархлыг би цөөхөн мэдрэх юмсан гэж боддог.

– Яагаад. Харин ч гоё биш гэж үү?

– Бид гарсан галыг унтраагаад, 10 сая төгрөгийн хөрөнгөтэй айл байлаа гэхэд 90 хувийг нь аварч чадсан нь бахархалтай байлаа ч иргэд маань ийм бахархлыг бидэнд төрүүлэхгүй л байвал уг нь сайн юмсан. Яагаад гэвэл, тухайн иргэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад, гарахдаа цахилгаанаа шалгаж, залгуураа салгаад гарсан бол ийм хохирол амсахгүй шүү дээ. Тэгэхээр хүн бүр гэр бүлдээ, эх орондоо аврагч нь байгаасай гэж хүсэх байна.

“Онцгой мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)