Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Т.Болдбаатар: Ардчилсан намыг засаг барьж байх үед шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан юм

Ардчилсан намын Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэ үеэр тус бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Газар, тариалангийн бүс нутагт ажиллаад ирсэн гэлээ. Тариаланчдад ямар асуудал тулгамдаад байна вэ?

-Бодлогын зөвлөл өнгөрсөн долоо хоногт газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв аймагт ажиллаад ирлээ. Тариаланчидтай уулзаад явж байхад тэд маань айдастай байна. Үнэхээр ядарсан байна, хэцүү байгаа нь харагдаж байсан. Орон нутгийн удирдлагууд хавчиж, дарамталдаг талаар тариаланчид маань хэлж байна. Тэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бодит зүйлийг хэлж, шүүмжлэхээс айж байна шүү дээ. Тариаланчдын сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудал бол дизель түлшний үнэ. Ардчилсан нам эрх барьж байх үед нэг литр дизель түлшний үнэ 1800 төг байсан бол 2200 хүрчихлээ. Тэр хэрээр үр тариа, гурилын үнэ нэмэгдэнэ. Үнэтэй гурилаар барьсан талхны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Энэ өвөл монголчууд ер нь ямар үнэтэй талх идэх вэ. Энэ бүхэн зөвхөн тариаланчдын төдийгүй монголчуудын санааг зовоосон асуудал болчихоод байна. Бид Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, болж, бүтэхгүй байгааг нь хэлж, сануулах гэж тариалангийн бүс нутагт ажиллалаа. Түүнээс биш хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш. Засгийн газар шатахууны үнийг тогтворжуулах, бууруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд буюу Ардчилсан намын Засгийн газрын үед шатахууны үнэ түүхэндээ анх удаа 50 төгрөгөөр буурч байсан юм. Энэ бүхэн Монголд төр байдаг юм байна, төр нь бодлого хэрэгжүүлдэг юм байна гэдгийг харуулсан. Өнөөдөр бидэнд төр байгаа ч бодлого хэрэгжүүлэх чадавх алга. Зах зээлийн жамаараа явж байгаа нь энэ  гээд сул орхичихлоо. Ингэх юм бол төр байгаад яах юм бэ. Төр зохицуулалт хийх ёстой шүү дээ. Шатахууны үнийн нэмэгдэл иргэдийн нуруун дээр маш том дарамт учруулж байна.

-Автозамын салбарын хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Автозамын салбарын өнөөгийн байдлын талаар бид хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Автозамын салбар бол бидний санааг зовоосон асуудал болчихлоо шүү дээ. Хотоос гарахад орон нутгийн замын нөхцөл, байдал ямар байгаа билээ. Орон нутгийн замд өдөрт бараг 1 хүний амь эрсдэж байгаа. Үүнээс гадна Улаанбаатарын замын түгжрэл ямар байгааг бүгд харж байна. Хот доторхи замуудыг хар. Маш их эвдрэл, гэмтэлтэй байна. МАН Засгийн эрхийг аваад хоёр жил өнгөрөхөд замын түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ч алхам хийсэнгүй. Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед Улаанбаатар хотод нэгдүгээр эгнээг чөлөөлөх, дугаарын хязгаарлалт, шинэ уулзваруудыг барих, замыг өргөтгөж, засварлах зэрэг маш олон ажил хийсний үр дүнд замын түгжрэл тодорхой хувиар буурсан. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцох маш хүнд асуудлын нэг болж хувирлаа. Тэд зоримог алхам огт хийхгүй байна. Нам дотроо талцаж, хэрэлдэхээс өөр ямар ч бодлогын шийдвэр гаргахгүй байна шүү дээ. УИХ нь талцчихсан байна, НИТХ нь хуваагдчихсан байна. Иргэдийн төлөө санаагаа чилээх, асуудлыг нь шийдэх чадвар алга. Тиймээс бид автозамын салбарын хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)