Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Л.Болд: Эрх баригчид үндсэн хуульд Монголыг бие даасан улс байхын эсрэг заалтууд оруулах гэж байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ удаагийн төсвийг нийтэд нь хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ цаг үед УИХ-ын хэлэлцэх хамгийн чухал асуудал бол 2019 оны улсын төсвийн тухай хуулийн төсөл. Ээлжит бус чуулган зарлаад сайдын асуудлаа шийдэх ёстой байсан. Гэтэл эрх баригчид төсөв хэлэлцэх цагаар бялуу хуваах асуудлаа л хэлэлцлээ. Засгийн газраас оруулж ирсэн төслөөс жишээ татахад иргэдийн зүгээс хамгийн их хүлээлттэй байгаа амины орон сууцны зээлийн санхүүжилтэд төсөвлөсөн тодорхой хэмжээний мөнгийг хасаад л оруулж ирсэн байна. Аль хэдийнэ УИХ-аар хэлэлцээд 2019 онд гэр хорооллыг амины орон сууцжуулахад зориулаад баталчихсан төсөв шүү дээ. Оронд нь нөгөө л өндөр орон сууцаа борлуулах, төвлөрөл, түгжрэлийг нэмэгдүүлэх төсөлд зориулж зуу зуун тэрбумаар хөрөнгө мөнгө төсөвлөсөн байх жишээтэй.

- Та болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх ажлын хэсгийг ахалж байгаа. Гэсэн ч Д.Лүндээжанцан гишүүн та хоёрын байр суурь эсрэг тэсрэг байгаа нь ажиглагдаж байна. Таны зүгээс Үндсэн хуулийн ямар өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ?

- Үндсэн хууль батлалцаж байсан хүмүүсийн хувиар Д.Лүндээжанцан бид хоёр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа.

Үндсэн хуульд хоёр танхимтай болгох, яамдын нэрийг оноож өгөх, пар-ламентыг хянан шалгах гэх мэт саналуудыг оруулсан байна лээ. УИХ-д хянан шалгах үүрэгтэй хороо байдаг. Хоёр танхимтай боллоо гэхэд буруу, зөрүү хараад суучихвал хэн шийдвэр гаргах болж байна вэ. Үндсэн хуульд огт заагаагүй зөвлөлдөх санал асуулга гэх зүйл зохион байгуулсан. Уг санал асуулгыг тохиолдлоор сонгосон хүмүүсээр хэлэлцүүлсэн гээд байгаа. Харин тэдгээр хүмүүсийн саналаар Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэргийг хассан гэсэн байна лээ.

Товчхондоо Үндсэн хуульд Монгол Улсыг бие даасан улс байхын эсрэг заалтуудыг л оруулах гэж хичээж байна. Намуудын саналаар УИХ-ыг бүрдүүлдэг тогтолцоог Үндсэн хуульд оруулахаар зүтгэж байна. Энэ байдлыг би эсэргүүцэж байна. Эсэргүүцсээр ч ирсэн. Эрх баригчид дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Цэцээр ч хаалт тавиулахгүй болохыг зориод байгаа юм. Үндсэн хуулиа өөрчлөх, сайжруулах үйл явц нь эрүүл, хууль, журмын дагуу явах ёстой. Мөн өөрчлөлтийг ард түмэн үнэхээр хүсч, ойлгож байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй. Ямартаа ч нэн тэргүүнд дордуулсан долоон өөрчлөлтийг УИХ хүчингүй болгох хэрэгтэй. Дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчлөөгүй цагт энэ Үндсэн хуулийг дүгнэх ямар ч боломжгүй гэж би хардаг. Энэ өөрчлөлтийг нэг нам дангаараа засаг барьж байх үед л хийсэн. Уг өөрчлөлтийг хийхийн тулд шинэээр сонгогдсон гишүүдээ дарамтлан хүчээр гарын үсэг зуруулсан шүү дээ. Энэ явдал дахин давтагдаж нэг намын бодлогоор Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгоод зогсохгүй Үндсэн хуультай уялдаагүй, зөрчсөн 200 гаруй хуулийн зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

-Дордуулсан долоон өөрчлөлтийг зассанаар ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Нэн тэргүүнд гишүүдийн хариуцлагагүй байдал алга болно. Парламентын үйл ажиллагаа ч сайжирна. Улс орны өмнө тулгамдсан асуудлууд байсаар байхад парламент хагас жил л ажиллаж байна. Төрийн албан хаагч яаман дээрээ амь насаа алдаж, байгалийн гамшиг болж байхад парламент амарч, гишүүд нь найр наадам хэсэж, морь мал уясан шиг ээ л явж байх жишээтэй. Бусад орны парламентийн гишүүд жилдээ хоёрхон долоо хоног амарч, цаг наргүй ажилладаг. Үндсэндээ хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсон. Энэ бүхэн дордуулсан долоон заалтыг арилгаж байж л өөрчлөгдөнө. Дордуулсан долоог өөрчлөөгүй цагт энэ Үндсэн хуулийн зөв, бурууг дүгнэх боломжгүй.

-Олон улсын парламентын холбооноос ирсэн хүсэлтийн дагуу санал, дүгнэлт гаргах ажлын хэсгээс санал гаргаж УИХ-д хүргүүлжээ. Ямар санал гаргасан юм бэ?

-С.Зориг агсны хэрэгтээ холбоотойгоор олон улсын парламентын холбооноос ирсэн хүсэлтийн дагуу санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Х.Нямбаатар гишүүн ахлан ажиллаж байна. Энэхүү асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж санал гаргасан. Уг саналуудаа УИХ-д хүргүүлээд байна. С.Зориг агсны хэргийн нууцалж буй зарим материалыг үзэж болохгүй байгаа. Тэрхүү нууц хэсгийн материалыг үзэх эрх нь Тусгай хяналтын хороонд байдаг. Тиймдээ ч Тусгай хяналтын хороонд чиглэл өгч ажиллаж байгаа. Нэн тэргүүнд бид санал дүгнэлтээ Тусгай хяналтын хороо руу явуулсан. Хууль зөрчигдсөн зүйл байгааг нягтлаад хариу ирүүлэхийг хүссэн юм. Тусгай хяналтын дэд хорооноос уг асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан нар орсон. Ажлын хэсгийн зүгээс Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж ерөнхий прокурорын мэдээллийг сонсох нь зүйтэй гэсэн саналтай байна.

Түүнчлэн УИХ энэ түр хороо байгуулж анхаарал хандуулах хэрэгтэй. Санал, дүгнэлт ч гаргах ёстой. Энэ долоо хоногт УИХ-аас онцгой бүрэн эрхтэй түр хороог байгуулна. УИХ-аас албан ёсны бүтэц орсноор тодорхойгүй зүйлүүд тодорхой болох болов уу гэж харж байна. Тусгай хяналтын дэд хороо нууцын холбогдолтой асуудалд дүгнэлтээ гаргасны дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ерөнхий прокурорын мэдээллийг сонсох болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [43.242.243.116] 2018/11/20
ERONHIILOGCH CHIN HAANT ZASAG SHUUDEE
Зочин [112.72.2.62] 2018/10/17
ta nar baihdaa yu hiisen yum bee Boldoo heleed ugduu chi