Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

У.Хүрэлсүх: Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас юм

2018/10/19
НИЙСЛЭЛ.mn

Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, тус үйлдвэрийн шавыг тавихаас эхлэн бүтээн байгуулалтын бүхий л цаг хугацаанд оюун ухаан, хичээл зүтгэл гаргаж оролцсон үе үеийн төр засгийн удирдлага, монголчуудтай мөр зэрэгцэн зүтгэсэн зөвлөлтийн болон оросын мэргэжил нэгт нөхөд, баялаг бүтээгч, уурхайчин хамт олонд баяр хүргэж үг хэллээ.

Эрдэнэт үйлдвэр 40 жилийн турш Монгол Улсын тогтвортой хөгжлийг түүчээлж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Үйлдвэрийнхээ үр ашгийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, техник, технологийн найдвартай ажиллагааг ханган, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж ирсэн үе үеийн уурхайчдад халуун баяр хүргэе.

Ажилсаг, бүтээлч уурхайчин хамт олны нөр их хөдөлмөрийн үр шим, улс орны эдийн засгийн бас нэгэн найдвартай тулгуур Эрдэнэт үйлдвэрийн амжилт бүтээлээр Монгол хүн бүр бахархдаг. Эрдэнэт үйлдвэр эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж, шинэ Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас болсоор байгааг Ерөнхий сайдын хувьд сэтгэл дүүрэн онцлон тэмдэглэж байна гэв.

 

Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд 2016 онд 183.7 тэрбум төгрөгийн орлого оруулж байсан бол 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 600 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулахаар байгаа нь нийгмийн хариуцлагаа өндөрт өргөгч, үндэсний манлай үйлдвэр гэдгээ нотлохын зэрэгцээ улс орны эдийн засгийн чадавхийг өсгөх, төсвийн сахилгыг өндөржүүлэх талаар манай Засгийн газраас тавьж буй зорилтыг хангахад жинтэй хувь нэмэр болж байгааг хэллээ.  Мөн “Эрдэнэт үйлдвэрийн 2017-2031 оны хөгжлийн Үндсэн чиглэл”-ийг шинжлэх ухааны ололт, практик үйл ажиллагааны олон жилийн туршлагадаа тулгуурлан боловсруулж, батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг сайшаалаа.

Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан нь Монгол Улсын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг эхлүүлж, уул уурхайн техник технологийн хөгжил дэвшилд олон сайхан үр өгөөжийг авчирч, тухайн цаг үеийнхээ шилдэг тэргүүний техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний боловсон хүчнээ бэлтгэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг өргөн боломжийг нээсэн. Монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, чадваржсаныг Эрдэнэт үйлдвэрийн жишээнээс бэлхнээ харж болно. Энэ бол сайхан түүх, сайн манлайлал юм Ерөнхий сайд хэллээ.

Улс орны эдийн засаг, экспортод ойрын жилүүдэд уул уурхайн салбар зонхилох байр суурьтай хэвээр байх нь тодорхой байна. Манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ойрын жилүүдэд үр ашгаа өгөх газрын тос боловсруулах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбор, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Манай ард иргэдийн олон жилийн турш хүлээж байгаа Тавантолгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг эрчимжүүлэх, ард иргэддээ ноогдол ашиг хуваарилах асуудлыг оновчтой арга хэлбэрээр шийдэх болно.

Үндэсний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн хамт олны үлдээсэн түүхэн замнал, бүтээсэн бахархалт үйл хэрэг нь үеэс үед уламжлагдан дэлгэрч, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө уурхайчид Та бүхэн улам ихийг хийж бүтээнэ гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)