Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

“ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубүүдийн дунд “Бид хуулиар хамгаалагдсан” уриан дор “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Өдөрлөг арга хэмжээ нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны Бямба  гаригт 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлэх юм. Өдөрлөгийн үеэр хөдөлгөөнт дасгал, урлагийн үзүүлбэр, богино зайн алхалт, өртөөгөөр аялах, “АХА” тэмцээнд оролцож мэдлэгээ шалгах зэрэг сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулах юм. Идэвх санаачилгатай оролцож, цоохор ирвэс, түүний экологийн ач холбогдлыг таниулах, хайрлан хамгаалахыг уриалахад өндөр хувь нэмэр оруулсан эхний гурван эко клубийг шалгаруулж, урамшуулах юм.

Уг арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас санаачилж, Дэлхийн байгаль хамгаалах сан  (WWF)-гийн   Монгол   дахь   хөтөлбөрийн   газар, Байгаль   орчин,   аялал жуулчлалын   яамны   харьяа   “Цэнгэг   усны   нөөц,   байгаль   хамгаалах   төв”   УТҮГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ зэрэг албан байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Тус арга хэмжээний удирдамж, хөтөлбөрийг хавсралт хэсгээс үзнэ үү.

Цоохор ирвэсийн тухай товчхон мэдээллийг хүргэе.
1. Монгол улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
2. Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.
3. Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой. 
4. Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
5. Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
6. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
7. Цоохор ирвэс нь 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
8. Цоохор ирвэс 10-13 насалдаг.
9. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
10.Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
11.Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
12.Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
13.Цоохор ирвэс хүн рүү дайрдаггүй.
14.Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [139.5.219.98] 2019/01/20
DAVHAR AVTOBUS GOL N AVTOBUS HOVORDSON UED ASHIGTAI AVTOBUS HOVORDOHOOR HULEELT BII BOLNO