Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүл шинэ байрандаа орлоо

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Дансрангийн Батсайханы гэр бүлд орон сууц олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Тэрбээр ээж, эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдарч байсан бөгөөд тэдний гэр бүл Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд байрлах “Очир” хотхонд байр сонгожээ.

“Таны хүү, эр нөхөр, аав тань ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө тэмцэж яваад алтан амиа алдсан. Танай гэр бүлд дахин гүн эмгэнэл илэрхийлье.  Та бүхний амьдралд туслалцаа, дэмжлэг үзүүлэх нь төрийн үүрэг“ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд хоёр өрөө байрны гэрчилгээг гардуулан өглөө.

Ахлах ахлагч Д.Батсайханы том хүү, 14 настай Б.Цолмонбаяр аавынхаа мэргэжлийг өвлөж, цагдаагийн албан хаагч болох хүсэлтэй гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Цолмонбаяр хүүг аавынхаа мэргэжлийг өвлөхөд нь тусалж, дэмжээрэй гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавт хэллээ.

"Танай аав жинхэнэ эх оронч байсан. Ааваараа бахархаж яваарай. Аав шигээ эр зоригтой, эх оронч хүү болоорой” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүд хэллээ. Мөн “Ахлах ахлагч Батсайхан амь насаа алдсан ч алдар нэр, ажил үйлсээрээ анд нөхөд, хамт олныхоо дунд мөнхөд байх болно” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон ниттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)