Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.ПУНСАЛМАА: “НЭМЭХ ХҮЧ” НӨЛӨӨЛЛИЙН ХӨТӨЛБӨР 2020 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

“Өртөө” мэдээллийн буланд орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Ардчилсан намын анхан, дунд шатны байгууллагууд, тэдгээрийн удирдлага, жирийн гишүүд, дэмжигчдийн үйл ажиллагааг онцолно. Энэ удаагийн “Өртөө” мэдээллийн буланд нийслэлийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч  Бадамдоржийн Пунсалмааг урьж ярилцлаа.

-Нийслэлийн АЭХ энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-2018 онд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль орон даяар амжилттай зохион байгуулагдлаа. Миний хувьд Нийслэлийн АЭХ-ны ерөнхийлөгчөөр  сонгогдоод хэдийгээр удаагүй ч гэсэн багагүй ажлуудыг хийж амжууллаа. Холбоо маань өөрийн гэсэн байртай болж, 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн. Мөн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд “Нэмэх хүч” нөлөөллийн хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд хэрэгжээд эхэлчихсэн байна. Нийслэлийн АЭХ энэ онд хэд, хэдэн ажил хийхээр төлөвлөөд байна. Нэн тэргүүнд бид нийслэлийн АЭХ-ныхоо гишүүдийн тоог нэмэх, цар хүрээг өргөжүүлэх, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Үүний зэрэгцээ нийслэлийн хэмжээнд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлуудыг онцлон тэдгээрийн шийдлийг олоход намынхаа манлайлагч эмэгтэйчүүдтэй хамтран бодитой бодлого боловсруулан хэрэгжүүлнэ. Ардчилсан намын 2020 оны мөрийн хөтөлбөрт нийслэлийн эмэгтэйчүүдийнхээ зорьж хүсч буй асуудал, ажлуудыг тусгах нь бидний зайлшгүй хийх ажлуудын нэг юм.

-Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд Үзэл баримтлалаа шинэчилж, Үндсэн дүрмээ ч баталлаа. Үндсэн дүрэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн заалтууд орсон байсан. Ер нь улстөрд эмэгтэйчүүд хэрхэн манлайлах ёстой юм бэ?

-Ардчилсан намын IX их хурлын үеэр эмэгтэйчүүдээ дэмжсэн чухал шийдвэрийг танилцуулсан. Тодруулбал, нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ бол эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн алхам болсон. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд өөрсдөө санаачлагатай, идэвхтэй байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүд нэг нэгнийгээ сайтар дэмждэг байх ёстой. Эмэгтэйчүүд байгалиасаа бүтээгч өгөгдөлтэй байдаг шүү дээ. Аливаа асуудлын гарц, шийдлийг олж харахдаа илүү гэж боддог. Тиймээс ч эмэгтэйчүүд нийгэмд манлайлах зайлшгүй шаардлагатай. Улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоо ч харьцангуй өндөр байх нь зүйн хэрэг. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй хэвээр байна. Ер нь эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү ажиллаж, карьераа өсгөхийн тулд 2-3 дахин илүү хүч гаргах шаардлагатай болдог. Учир нь бүсгүйчүүд гэр бүл, ажил, карьер гээд бүхнийг эн тэнцүүхэн авч явах ачааг нуруундаа үүрдэгтэй холбоотой. Нөгөөтэйгүүр нийгмийн халамж гэхээсээ илүү хувь хүнд эдийн засгийн эрх чөлөөг олгох нь чухал. Ардчилсан намын Үзэл баримтлалын тулгуур бодлогуудын нэг нь эдийн засгийн эрх чөлөөний тухай ойлголт. “Сэтгэлийн хүч” аяны хүрээнд дүүргүүдэд эмэгтэйчүүдтэйгээ уулзалт зохион байгуулаад явж байхад ажилгүйдэл, ядуурал их байгаа нь харагдсан. Эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, зохих түвшний орлоготой, эдийн засгийн хувьд чадавхтай, эрх чөлөөтэй байснаар нөгөө хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдлийн асуудал мэдэгдэхүйц хэмжээнд буурна. Тиймээс ч нийслэлийн АЭХ “Нэмэх хүч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

-“Нэмэх хүч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар сонссон. Энэ хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-“Нэмэх хүч” нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн АЭХ-ны гишүүн эмэгтэйчүүд сонирхлоороо нэгдэж, бүл үүсгээд ажиллах юм. Зарим нь нийгэмд дуу хоолойгоо өргөдөг, нөгөө хэсэг нь өөрсдийгөө чадавхжуулах сургалтад хамрагдах гэх зэргээр сонирхлоороо нэгдэж бие биенийгээ чадавхжуулж байгаа. Одоогийн байдлаар “Уран эсгий”, “Хувцас урлаг” , “Арьсан эдлэл”, “Гоёл чимэглэл”, “Органик хүнс”, “Амтат жимсгэнэ”, “Органик бүл”, “Уран гартан”, “Сувинер”, “Гоёмсог баглаа”, “Art” , “Тэмээний ноос ноолууран бүтээгдэхүүн”, “Уран хатгамал”, “Захирлуудын бүл”, “Удирдагч бүл”, “Сургагч сенарорууд бүл”, “Төслийн менежментийн бүл”, “Хууль эрхзүйн бүл”, “Акц тэмцлийн бүл”, “Байгальд ээлтэй бүл”, “Суралцагч бүл” гэсэн 21 төрлийн бүл үүсээд байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Нэг бүл 10 хүнээс бүрдэж байгаа. Зөвхөн өөрсдийгөө чадавхжуулаад зогсохгүй эмэгтэйчүүд маань тодорхой хэмжээний орлого олох боломжийг олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, илүү мэдээлэлтэй, итгэлтэй, манлайлах чадвартай бүсгүйчүүдээ бэлтгэх бааз суурь болно. “Нэмэх хүч” нөлөөллийн хөтөлбөрийн танилцуулга сургалт дүүрэг бүр дээр явагдаад эхэлсэн байгаа. Мөн цахим хуудас болон хэвлэлээр дамжуулан бид хөтөлбөртэй холбоотой мэдээ мэдээллүүдийг байнга иргэддээ хүргэж байх болно. Дэлхийн бусад улс орнуудын хувьд хувийн аж ахуй нэгжүүдийн эдийн засагт эзлэх хувь 30-аас доош байдаггүй. Харин Монголд өрхийн үйлдвэрлэлийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ ердөө 15-16 хувь байгаа. Өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ-ийг ихэвчлэн эмэгтэйчүүд эрхэлдэг. Энэ тоог бид 30 хүртэлх хувиар нэмэгдүүлснээр эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулаад зогсохгүй эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд онцгой нөлөөтэй гэж үзэж байгаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.182.198] 2019/01/22
NIISLELD TRANS JENDERUUDIIN BIYE UNELDEG NUUTS GAZAR BAIDAG