Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Агаарын бохирдлын асуудлаар явагдах Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж байна

2019/01/22
НИЙСЛЭЛ.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм.

Энэхүү албан бичигтээ:

“…Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа байдаг/ ирсэн боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна…” гэж дурдаад:

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан юм.

Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөр товлосон байна.

Иймд сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагууд дараах зааврын дагуу бүртгүүлж агаарын бохирдлын асуудлаар явагдах сонсголд оролцоно уу.

Сонсгол болох газар: 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд.

Бүртгэл: 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдана. Ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ.

Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн дотор бичгээр ирүүлсэн байна.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо. /Лавлах утас: 51-261240/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журамд заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажих бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.182.198] 2019/01/22
DAVHAR AVTOBUS DAVHAR AVTOBUS DAVHAR AVTOBUS