Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ц.ТУВААН: АН-ЫН ГИШҮҮД ЭРХЭЭ ЭДЭЛЖ, САНАЛАА ӨГӨХИЙН ТУЛД ТАТВАРАА ТӨЛСӨН БАЙХ ЁСТОЙ

Намын гишүүний татварын асуудлаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.

-Ардчилсан намын гишүүдийн тоо 204 мянгад хүрсэн. Эдгээр гишүүдийн төлсөн татвар юунд зарцуулагддаг вэ?

-АН-ын гишүүдийн хувьд сонгуульт гишүүн, саналын эрх нь нээлттэй гишүүн, гишүүн гэсэн 3 статус байдаг. Сонгуульт гишүүдийн хувьд татварын хэмжээ шат шатандаа өөр, жирийн АН-ын саналын эрх нь нээлттэй гишүүн жилд 12 мянган төгрөг буюу сард 1000 төгрөгийн татвар төлдөг, мөн АН-ын гишүүн нь татвар төлөхгүйгээр намын гишүүн байх эрхтэй гэсэн ялгаатай байдаг. Гишүүдийн татварын зарцуулалтын тухайд, Сонгуульт гишүүдийн татвар нь тухайн шат шатныхаа байгууллагын үйл ажиллагаанд зарцуулагдана. Тухайлбал, ҮБХ-ны гишүүдийн төлсөн татвар нь төв намаас зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаа болон аппаратад ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс олгоход зарцуулагддаг. Жирийн гишүүдийн төлсөн татвар нь анхан шатны нам буюу аймаг орон нутаг, дүүргийнхээ дансанд орж, тухайн шатанд зохион байгууллагдаж буй үйл ажиллагаа болон анхан шатанд ажиллаж буй хүмүүсийн цалин хөлсийг олгоход зарцуулагдаж байна.

-Татвар төлсөн гишүүн болон татвар төлөөгүй гишүүний хоорондох ялгаа юу вэ?

-АН-ын дүрмэнд заасны дагуу, саналын эрх нь нээлттэй буюу гишүүний татвар болох 12 мянган төгрөгөө төлсөн гишүүн болон татвар төлөөгүй гишүүн нь ялгаатай. Гишүүний татвараа төлсөн бол АН-аас зарлан явуулж буй бүх шатны дотоод сонгуульд орж санал өгөх эрх нь нээгдэнэ. Үүгээрээ ялгаатай гэж ойлгож болно.

-2019-2020 оны хувьд татвараа төлсөн гишүүдийн хувьд ямар онцлогтой жил байх вэ?

-2019 он бол сонгуулийн өмнөх жил эхэлж буйгаараа онцлогтой болж байна. 2019 оны татвараа 2018 оны 12 дугаар сарын 31-ний 24 цагийн дотор төлсөн байх ёстой гэсэн заалт байдаг. Харин саяхан хуралдсан намын IX их хурлаар намын үндсэн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж, татварын хугацааг ерөнхий нарийн бичгийн тушаалаар 1 удаа өөрчлөн тогтоож болно гэсэн заалт орсон. Заалтын дагуу энэ оны АН-ын гишүүдийн татвар төлөх хугацаааг 2019 оны 1 сарын 24-ний өдрийн 24 цаг хүртэл хугацааг сунгаж байгаа. Анх удаагаа энэ заалт хэрэгжиж байгаа нь энэ юм. Хоёрдугаарт шинэ он давхцсан зэрэг шалтгаанууд мөн анхан дунд шатны үүрүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу татвар төлөх хугацааг нэг удаа сунгаж байгаа юм.

-Удахгүй ҮБХ-ны гишүүдийн ротаци явагдах гэж байна. Энэ сонгуулийн тухайд гэхэд намын бүх гишүүд санал өгөх ёстой юу?

-Саналын эрх нь нээлттэй буюу татвараа төлсөн гишүүн АН-ын дотоод сонгуулийн хорооноос явуулж буй сонгуулиудад оролцож саналаа өгч тухайн сонгуульт гишүүдийг сонгох эрх нь нээгддэг. Мэдээж энэ намын даргыг, бодлогыг тодорхойлж явах ҮБХ-ны гишүүдийг, аймаг дүүрэгт бол дүүргийн намын хорооныхоо гишүүдийг, УБ хотод нийслэлийн намын хорооны гишүүнийг сонгох эрх нь нээгдэж байгаа гэсэн үг. Ер нь бол аливаа хүн татвараа төлж гишүүнийхээ үүргийг биелүүлснээр дүрмийн дагуу олгогдож байгаа эрх гэж ойлгож болно. Мөн намын удирдлага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох гэдэг бол тухайн гишүүний хувьд, цаашилбал тухайн орон нутаг аймаг дүүргийн хувьд нэлээд чухал асуудал юм.

-Намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхээр цаашид төрийн бодлогын түвшинд ажиллах хүмүүсийг сонгох анхан шатны сонгууль бол дотоод сонгууль юм гэж ойлгож болох уу. Тэр хүмүүсийг сонгохын тулд гишүүд татвараа төлж эрхээ эдлэх ёстой гэж хараад байна л даа.

-Мэдээж АН-ын дотроо баримталдаг үндсэн дүрэм түүнийг дагаж мөрдөх журмын дагуу энэ намаас УИХ болон бүх шатны ИТХ-д нэр дэвшигчид тодордог. УИХ-д нэр дэвшигч нь АН-ын ҮБХ-ны гишүүн байна гэсэн үндсэн дүрмийн заалттай, ирэх сонгуульд нэр дэвшигч нь ҮБХ-ны гишүүдээс тодорно. Нийслэл, аймаг дүүрэг сумын хувьд тухайн шат шатныхаа намын хорооны гишүүд дундаас тодорно. Тэгэхээр энэ хүмүүсийг хэн байх, хэн сонгогдох вэ гэдэг асуудлыг манай намын гишүүд өөрсдөө тодруулах дүрэм журамтай. АН-ын шинэчлэлийн амин сүнс болсон үндсэн дүрмийн өөрчлөлтийн гол концепци нь бүх гишүүдээсээ сонгогддог байхаар дүрмэндээ заасан учраас энэ эрхээ эдлэхэд гишүүн бүр татвараа төлж оролцох ёстой гэдгийг энэ дашрамд хэлье.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)