Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.Пүрэвдорж: МАН-ын “60 тэрбум" , “ЖДҮ” гэсэн хуваагдал бүх яам, агентлаг, аймаг, сумдад хүрсэн

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой УИХ-ын чуулганы үйл ажиллагааны талаарх байр суурийг нь сонирхож, мөн түүний орон нутагт хэрхэн ажилласан талаар нь ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган хуваарийн дагуу хуралдаж чадалгүй нэлээд тасарсан. Төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй учир “муу дүн” тавиулах байх даа?

-Харин тийм. Намрын чуулган Монгол төрийн эмгэнэл болсон зурвас үе хэмээн тэмдэглэгдэж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл сандал суудал, албан тушаал булаалдсан МАН-ын дотоод хэрүүлийн улмаас энэ чуулган ямар ч үр дүнд хүрсэнгүй. 2019 оны Төсвийн тухай хуулийг баталсан. Үүнээс өөр хийсэн ажилгүй юм. УИХ-ын гишүүд нь 40 гаруй хоног бойкот зарлаж төрийн хууль тогтоох үйл ажиллагааг гацаасан. МАН дотор “60 тэрбум”, “ЖДҮ” гэж хоёр хуваагдсан хүмүүс хоорондоо учраа олоогүйгээс төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгаа юм. МАН-ын энэ хуваагдал зөвхөн УИХ-д байгаа зүйл биш. Бүх яам, агентлаг, аймаг, суманд хүртэл талцсан байна. Өөрөөр хэлбэл нэг аймгаас УИХ-ын 2-3 гишүүн сонгогдон гардаг. Тэд талцсан. Тэгээд УИХ-ыг дагадаг, томилгоо авсан тэр хүмүүс нь орон нутагтаа мөн хуваагдсан. Үүнээс шалтгаалж Монгол төрийн ажил бүх төвшинд гацаж байгаа юм. Жишээлбэл ХЗДХЯ-ыг аваад үзье. Сайд нь “ЖДҮ”-гийн талынх. Дэд сайд нь “60 тэрбум”-ын талынх байсан. Ийм учраас дэд сайдаа саяхан огцрууллаа. Энэ хуваагдал төрийн байгууллагуудын дарга, орлогчийн хүрээнд бий болсон. Ингээд төрийн ажил урагш явахаа болиод байна.

-Тэгвэл УИХ-ын даргыг огцруулснаар төрийн гацаа арилахгүй нь гэж ойлгож болох нь ээ дээ?

-Нэг зүйлийг сануулах нь зүйтэй. Би УИХ-ын дарга асан М.Энхболд гэдэг хүнийг Ерөнхийлөгч болгохгүйн тулд 2016-2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болтол нийт 20 гаруй удаа шүүмжилсэн. Гэтэл тэр үед М.Энхболдыг хамгаалж хамгийн чангаар хашгирдаг байсан хүмүүс бий. Тэд одоо гудамжинд гараад М.Энхболдтой тэмцэж байна. Тэгээд тэр “ЖДҮ”-гийн хэсэгт багтаж буй хүмүүс юм. Тэгэхээр би М.Энхболдыг “хаан” байхад нь эсэргүүцэн шүүмжилж үг хэлдэг байсан. Харин “хаан” байхад нь долоож явсан хүмүүс бусадтай нийлээд М.Энхболдыг дэвсэлж байна. Монголын ахмадууд үр хүүхдэдээ жудагтай байхыг зөвлөж сургадаг. Өвөг дээдэс маань бидэнд жудаг гэж зүйл өвлүүлж ирсэн. Ийм учраас М.Энхболдыг бүх хүн дэвсэлж байгаа үед нь монгол жудаг гаргаж би бас нэмээд хэрэггүй гэсэн зарчим баримталсан. Гэхдээ М.Энхболдыг огцруулах байр суурьтай байсан. Монголчууд сүүлийн үед нэгэн рүүгээ хэт их дайрдаг болчихсон. Энэ нь сошиал ертөнцийн хэрэглээтэй холбоотой болов уу гэж бодож байна. Хэн нэгэн рүү бүх хар будгаа цацдаг. Түүгээр нь нийгэм амьсгалах нь монгол хүний муухай үзэгдэл болсон. Үүнд би маш их шүүмжлэлтэй ханддаг.

-М.Энхболдыг огцруулах асуудлын дүйвээнд “ЖДҮ”-гийн хэрэг нам жим болчих шиг боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын чуулган завсарласан энэ үед “ЖДҮ” гэдэг галыг унтраах, ач холбогдолгүй болгох арга хэмжээ авах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл энэ бол гэмт хэрэг биш зүгээр л нэг байдаг л зээл мэтээр тайлбарлан сурталчлах үйл явц өрнөнө. Тэгээд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд “ЖДҮ” энгийн үзэгдэл мэт ойлголт иргэдийн тархинд суусан байх вий гэсэн болгоомжлол төрж байна. Гэвч монголын ард түмний ой санамж сайн. Ийм учраас У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шинээр байгуулахын тулд үйлдсэн энэ гэмт хэргийг байнга сануулах болно.

-УИХ-ын чуулган завсарлах үеэр та ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Би тойрогтоо ажиллаж 2018 оны ажлын тайлангаа тавиад ирсэн. Мөн 2019 онд хийх ажлаа танилцуулаад ирлээ. Энэ хавар зарим багт очиж уулзалтад ирээгүй малчидтай уулзах ажил зохион байгуулна.

УИХ-ын чуулган завсарласан энэ үед “ЖДҮ” гэдэг галыг унтраах, ач холбогдолгүй болгох арга хэмжээ авах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл энэ бол гэмт хэрэг биш зүгээр л нэг байдаг л зээл мэтээр тайлбарлан сурталчлах үйл явц өрнөнө. Тэгээд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд “ЖДҮ” энгийн үзэгдэл мэт ойлголт иргэдийн тархинд суусан байх вий гэсэн болгоомжлол төрж байна.

-Таныг сонгосон тойрогт тулгамдсан ямар асуудал байна. Тэдгээрийг шийдэх боломж, гарц хэр байгаа вэ?

-Тулгамдсан асуудал олон бий. Тэдгээрийг эрэмбэлээд шийдвэрлээд явах нь чухал. Гол гол асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн. Монгол Улсын төсөв тодорхой хэмжээгээр хязгаартай. Хүний хүслийг бүрэн хангасан тийм хөрөнгө оруулалт хийх боломж хязгаарлагдмал. Нийт иргэдийн саналыг авч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тулгамдсан асуудлаа шийдээд байгаа.

-Тухайлбал?

-Өнгөрсөн хугацаанд сум тус бүрт гурван томоохон бүтээн байгуулалт хийсэн. Тухайлбал, Соёлын төв эсвэл цэцэрлэг, Нутгийн удирдлагын ордон барих асуудлыг ард нийтийн саналаар амжуулсан.

-УИХ-ын ээлжит бус чуулган зарлах тухай яриа бий. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах юм бол хэн нэгний албан тушаал, томилгооны тухай асуудал яригдана. Өөр хэлэлцэх чухал асуудал байхгүй. Хэрэв ээлжит бус чуулган зарлан хуралдуулах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэх хэрэгтэй. Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулийг ярих ёстой. Зөвхөн албан тушаалтнуудыг томилох, халах тухай асуудал ярих бол хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Та Цагаан сарын өмнө тойргоороо яваад ирсэн. Орон нутагт өвөлжилт ямар байна вэ?

-Манай тойрог таван сумтай. Өнгөрсөн зун бороо хур бага, ган болсон. Харин намар оройтсон ч гэсэн бороо орж ногоо сэргэсэн. Үүний үр дүнд гурван суманд өвөлжилт гайгүй байна. Зэрэг, Дарви суманд өвөлжилт хүндэрсэн. Гандуу зуссан учир цасан дороос малын хамар хатгах өвс алга. Ингээд Онцгой байдлын ерөнхий газарт дээрх сумдын малчдад туслах хүсэлт гаргасан. Өвс, тэжээлийг түлхүү хуваарилах хүсэлт тавьж тодорхой шийдвэр гаргууллаа. Дээрх сумдад хуваарьтай өвс тэжээл удахгүй очно. Иймд төлөө сайн авч мал сүрэг нь өсөх байх гэж бодож байна.

-Тэгэхээр хэдий хэмжээний өвс тэжээл хуваарилсан бэ?

-Нэг суманд ойролцоогоор 60 тонн тэжээл, 3000 орчим боодол өвс хуваарилсан шийдвэр гарсан.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Сэтгүүлч: Т.ЖАНЦАН 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)