Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзав

2019/02/25
НИЙСЛЭЛ.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа иргэдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

  Ерөнхий сайд улс орны эдийн засаг, нийгмийн өнөөг байдлын талаар товч танилцууллаа. Засгийн газар олон тулгуурт эдийн засагтай болж, эрүүл хүнсээр иргэдээ ханган, улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай сүлжээтэй, газрын тос боловсруулах үйлдвэртэй, зам, тээвэр, дэд бүтэц, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадаад харилцаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн нийгэмд шударга ёс тогтоож, бүх шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэхийг зорьж байна гэлээ.

  ХУД, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн ахмадын хорооны дарга нар ахмадуудаа төлөөлөн санал, хүсэлтээ хэллээ. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, тэр дундаа олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шударга ёс тогтоон, сахилга, хариуцлагыг чангатгаж байгааг нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.

  Мөн ахмадуудыг үнэ төлбөргүй эмчилдэг герентлогийн төвийг нэн даруй ашиглалтад оруулах, тэтгэврийн зөрүүг арилгах, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хуваарилдаг төсвийг нэмэх, орон нутагт ахмадын түрээсийн орон сууц барих, аймгийн Засаг дарга нартай байгуулдаг үр дүнгийн гэрээнд  ахмадуудыг дэмжих чиглэлээр заалт нэмэх, 2020 оныг Ахмадын жил болгох зэргийг хүсэв.

Дээрх санал, хүсэлтийг анхааралдаа авна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд эдийн засгийн өсөлтийн үр шимийг ахмад настнууддаа хүртээхийн төлөө ажиллана гэлээ. Ахмадуудад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг орон нутагтаа шийдэх чиглэлээр бодитой арга хэмжээ авахыг Засаг дарга нарт даалгаж Албан даалгавар гаргана. Мөн Ахмадын холбооны санхүүжилтийг боломж бололцооныхоо хүрээнд нэмнэ гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)