Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ажлаа хүлээн авлаа

2019/02/28
НИЙСЛЭЛ.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан олонхын санал авсан билээ. Нийслэлийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг батламжилсны дагуу өнөөдөр С.Амарсайхан ажлаа хүлээн авлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ уншиж танилцуулав. Захирамжид "Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3, 26.4 дэх хэсэг, нийслэлийн ИТХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 07/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Сайнбуянгийн Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилсугай. Энэ захирамжийг үндэслэн ажлаас чөлөөлөх тухай Ерөнхий сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар захирамжийн хоёр дахь хэсгийг хүчингүй болгосугай" гэжээ.

С.Амарсайхан: Иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хотын хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудлыг хуулийн хүрээнд, шинэ жишиг тогтоох байдлаар шийдэмгий алхам хийнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдийн зарим асуултад хариулсныг тоймлон хүргэе.

-Та тамгаа гардан авлаа. Эхний ээлжинд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Агаар, хөрсний бохирдол, авто замын ачааллыг бууруулах, иргэд, оршин суугчдад аюулгүй орчин бүрдүүлж өгөх, хот төлөвлөлтийг зөв явуулах гээд олон ажил бий. Энэ бүхнээс ажлаа үргэлжлүүлнэ. Нийслэлийн нөхцөл байдал, иргэдэд тулгамдаж буй асуудлыг мэддэг, ойлгож байгаа хүний хувьд ямар нэгэн байдлаар цаг алдах зүйл үгүй. Хийх ажил олон бий учраас анхаарч ажиллана. Ингэхдээ хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага шат шатанд сул, ёсзүй дорой байгаа. Төрийн алба хаагчид бүх шатандаа хариуцлагатай байвал шийдэж чадахгүй асуудал байхгүй. Гэхдээ хариуцлагыг эхлүүлж байна гээд туйлшрахгүй. Төрийн алба хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэлийг чанартаа байлгахад анхаарна.

-Халаа, сэлгээ хийх үү?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг үр дүнтэй болгох үүднээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг цаг тухайд нь хийнэ. Гэхдээ хэн нэгэн хүн, хэсэг бүлэглэлд зориулсан бус, асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн бүтэц, зохион байгуулалт хийх юм. Хяналтыг сайжруулж, ажлыг үр дүнтэй болгоно. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын баримталж ирсэн уламжлалт бодлого, тогтолцоог нийгмийн шаардлагад нийцүүлэн өөрчилнө.

Энэ дашрамд хэлэхэд би нийслэлийн бүх ажлыг хормын дотор шийдчихнэ гэж хоосон амлахгүй. Хэн нэгний таалалд нийцүүлэх гэж, эсвэл цаг нөхцөөх гэж суухгүй. Үр дүнтэй ажиллахын тулд бүх хүчээ дайчилна. Ингэхдээ төрийн захиргааны алба хаагчдынхаа туршлагад суурилуулж, судалгаа тооцоонд үндэслэн, хот төлөвлөлтийг ухаалаг шийдэлтэй болгоно. Иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хотын хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудлыг хуулийн хүрээнд, шинэ жишиг тогтоох байдлаар шийдэмгий алхам хийнэ. Үүнд иргэд болон төрийн албан хаагчдын оролцоо чухал. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [202.21.106.143] 2019/03/07
Bayar hurgeye, irgedees sanalaa yaj zasag dargad hurgeh ve? Hariult ugnu uu.
Amarsaihan [202.55.188.35] 2 өдөр
Shuud uulzaarai. Durtai uedee ireed helee