Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

" Мөсний хатан хаан" гэгдэх С.Баярмаа зургаан жилийн хорих ял авлаа

2020/02/04
НИЙСЛЭЛ.mn

"Мөсний хатан хаан” гэх нэрээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч, худалдан авагчид болон хууль хяналтын байгууллагын дунд танил болсон иргэн С.Баярмааг хууль сахиулагчид өнгөрсөн сард хил дээрээс саатуулсан билээ.

С.Баярмаа нь хар тамхи, мансууруулах бодисын наймааг олон жил эрхэлсэн нь хууль, хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдоод байгаа бөгөөд БНХАУ-д ажиллаж, амьдарч байхдаа амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох арга нь “мөс” гэдгийг мэджээ. Мөн БНХАУ-д байхдаа хулгай хийдэг байсан гэх мэдээлэл цагдаагийн бүртгэлд байна.

Түүнийг 2015 онд анх саатуулж, Төв аймгийн мөрдөнд хорьж байсан. Тухайн үедээ хамгийн их хэмжээтэй буюу 93гр “мөс” оруулж ирээд баригдаж байжээ.

Улмаар 2016 оны 1 сарын 11-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний хамтрагч Х.Мөнх-Эрдэнэд хоёр жилийн ял оноосон. Х.Мөнх-Эрдэнийн хувьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан ч тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул хоёр жилийн хорих ял оноож байжээ.

С.Баярмаа нь Х.Мөнх-Эрдэнэд даалгавар өгч, БНХАУ-аас есөн удаагийн үйлдлээр нэг килограм орчим “мөс” оруулж ирсэн нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон юм.

Гэвч, С.Баярмаа нь 2016 онд оргон зайлж, БНХАУ руу зугтжээ. Тэрээр өөрт нь оногдуулсан арван жилийн хорих ялыг эсэргүүцэж, янз бүрийн арга хэрэглэн, давж заалдсаар тухайн оны долдугаар сарын 1-нээс шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийг ашиглан оргон зайлсан байна. Тухайн үед эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдүүдийн хилийн хоригийг түр цуцалсан нь түүнд оргон зайлах боломж олгосон батлагдсан юм.

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.02.03/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.  Тэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг  зургаан жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг таван  жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)