Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.Эрдэнийг дагаад Худалдаа хөгжлийн банкныхан давхар унах уу?

Сүхбаатарын талбайн зүүн тал дахь Соёлын төв өргөөний залгаа, хүзүүвчинд байрлаж асан АН-ын байр газартай тэгшлэгдээд удаж байгаа. АН-ынхан энэ байрны асуудлыг олон жил хөндсөнгүй.

Харин С.Эрдэнэ намын даргын суудлаасаа буухтай зэрэгцэн, түүний хувь оролцоотой гэх “Шонхор” тауэрээс хөөгдсөн АН-ын шинэ удирдлага газартай тэгшлэгдсэн намын байрны асуудлаа судлан, сурвалжилж эхэлсэн байна.

2012 онд АН-ын байрны хувь заяа Н.Алтанхуягийн гараар ороод замхарсан аж. Н.Алтанхуяг “Ардчиллын өргөө” бариулна гээд газрыг тодорхой компанид өгсөн гэх. Энэ талаар тус намын гишүүд өмнө нь хэвлэлийн хурал зарлан “Манай намын дарга нар долоон тэрбум төгрөг, мөн их хэмжээний өртгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө зарах, худалдах нууц тогтоолд гарын үсэг зурчихлаа” гэж ч мэдэгдэж байсан удаатай.

Сураг сонсоход АН-ын дарга асан Н.Алтанхуяг намын байраа гурван үсэгтэй компанитай тохирон буулгасан гэж зарим хэвлэл мэдээллэж байсан бол АН-ын өнөөгийн удирдлага харин уг асуудлыг судлан сурвалжилсны үндсэн дээр Худалдаа хөгжлийн банкийг буруутан шүүхэд өгсөн гэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Худалдаа хөгжлийн банк АН-ын хуучин барилгыг нь нураан шинэ байр барьж өгнө гэж гэрээлчихээд, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 8 жил өнгөрч, энэ л урт хугацаанд АН-ынхан түрээсийн байраар толгой хорогдон явж байв. Ямартай ч АН-ын гал голомттой холбоотой уг маргаан энэ удаа өндрөө авч, шүүхээр шийдвэрлэгдэхээр боллоо. Хэрхэн шийдэгдэхийг харах л үлдэж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)