Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

ЦЕГ: Цагдаа нарын гэм буруутай үйлдэл тогтоогдсон тул албан үүргээс нь чөлөөллөө

Иргэний биед халдсан алба хаагчийн асуудлаар ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсээс мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар “Энэ сарын 29-ны өдөр 21.00 цагийн орчимд нийтийн цахим сүлжээ, твиттер хуудаснаас цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа бичлэг цацагдсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг чиглэл өглөө. Үүний дагуу шалгах ажиллагааг хийж гүйцэтгэхэд цахимаар цацагдсан энэ үйлдэл тогтоогдож байгаа.

Тодруулбал 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.00 цагт ирсэн “ЧГД-ийн 3 хороонд байрлах цэнгээний газарт нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж ажилласан. Ингэхдээ зөрчил гаргаж, иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдож байна. Тухайн үед иргэн, цагдаа хоорондоо ярилцан тохиролцож дээд шатны байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдөр олон нийтэд ил болсон.

Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харъяаллаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх саналыг хүргүүллээ. Хуулийн хариуцлага хүлээлгэх эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Иргэдийн эрх чөлөөнд халдсан тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарын албан тушаалыг өнгөрсөн шөнийн 04.00 цагаас эхлэн түдгэлзүүлж, үүрэг гүйцэтгэлийг зогсоосон” гэлээ.

ЦЕГ-аас алба хаагчдын ёс зүйгүй үйлдлийн өмнөөс иргэд, олон нийтээс уучлал хүсэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)