Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Даваа гарагаас ЕБС-уудад мэргэшсэн сэтгэл зүйч ажиллаж эхэлнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилд онцлон хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудал байв.

Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч өнөөдөр сертификатаа гардан авлаа.

Мэргэшүүлэх сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн сургалт, 14 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн хийж турших дадлага ажил гэсэн 3 чиглэлээр зохион байгуулагджээ.

Мэргэшсэн сэтгэл зүйчид Даваа гарагаас хүүхдүүдтэйгээ ажиллаж эхэлнэ. Тэд сертификат авахаас гадна иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүн, жишиг өрөө тасалгааг хүлээн авч байгаа юм.

Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах нь хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах, багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх, гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчил зөрөлдөөнийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад нь тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх зэрэг олон чиглэлээр дэвшил гарч нийгэм бүхэлдээ сэтгэл зүйн хувьд эрүүлжихэд тустай юм. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчид ажлын байртай болох сайн талтай.
Өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулах, сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшүүлэн сургах асуудлыг Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл, “Бадамлин” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэг, яамны харьяа байгууллагууд, мөн их дээд сургууль, мэргэжлийн төрийн бус байгууллагууд, сэтгэл судлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудын сэтгэл судлаачидтай хамтран зохион байгуулжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)