Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулж, батламжид гарын үсэг зурлаа. Батламжид нутгийн захиргааны байгууллагын цомхон чадварлаг, мэдлэг боловсролтой, туршлагатай, мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэн, аймагтаа төсвийн хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдлээс ангид байлган иргэдэд нээлттэй, ил тод, шударгаар үйлчлэх, эдийн засаг, санхүүгийн чадавхийг байнга сайжруулж, төсвийн сахилгыг чанд сахиж, хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэх зэрэг олон зүйлийг амлалт болгон тусгажээ.
 
Түүнчлэн Засаг дарга бүр сахилга, хариуцлагыг эрс сайжруулан, нутаг дэвсгэрийн байгууллага, сум, багт тогтмол ажиллаж, гадаад улсад албан томилолтоор ажиллах бүртээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдэгдэж, томилолтын удирдамжийг батлуулж байх нь. Энэхүү батламжаар хүлээсэн үүргийн биелэлтийг жил тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнах аж.
 
Дараа нь Засгийн газрын гишүүд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг оролцуулсан өргөтгөсөн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, орон нутгийн удирдлагуудын саналыг тусгаад УИХ-д өргөн барьсан юм. Засгийн газар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон байна.
 
Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газар улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлт бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ амьдралыг эрс сайжруулахыг гол зорилтоо болгожээ. Мөн төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, ил тод нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дөрвөн бүлэг, 350 заалттай байхаар төсөлд тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)