Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хотын дарга иргэдтэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 14 хоног тутам иргэдтэй хийдэг ээлжит уулзалт “Дүнжингарав” дахь төрийн үйлчилгээний нэгдсэн төвд өчигдөр боллоо. Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлаг, хэлтэс, төрийн өмчит үйлдвэрийн захирлууд уг уулзалтад оролцов.
 
Монголын язгуур бий биелгээний багш Г.Баярт ерөнхий боловсролын сургуулиудад дээрх чиглэлээр анхан шатны сургалт явуулах хүсэлтэйгээ уламжилж, хотын удирдлагаас дэмжлэг хүссэн бол хог хаягдлыг бууруулах талаар судалгаа хийсэн иргэн Д.Дарамренчин хогийг баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц бололцоо бий гэдгийг дуулгасан. Мөн иргэн Ч.Мөнхтулга хотын хаягжуулалт, зам талбайд хийж буй явган хүний гарц, замын хөдөлгөөний зөв зохицуулалтын талаар зураг бүхий материал дээр тулгуурлан саналаа танилцуулсан.
 
Уулзалтад ирсэн иргэдийн олонх нь газрын маргаан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны халамжийн асуудлаар санал хэллээ. Нийслэлийн төр захиргааны байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа агентлаг, газар хэлтсүүд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хүрээнд түргэн, шуурхай шийдэх ёстойг нийслэлийн Засаг дарга С.Батболд онцолсон. Нэг удаа уулзаад өнгөрөх биш, асуудлыг хэрхэн шийдсэнээ хотын даргад мэдээлэхийг ч үүрэг болголоо.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)