Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хүүхдийн 20 мянган төгрөгийг хязгаартай олгож, оюутны 70 мянгыг бүр зогсоох уу

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 1.6 их наяд төгрөгөөр буурах төлөвтэй. Энэ оны төсөв батлагдсанаас хойш баталсан зарим хууль, Засгийн газрын шийдвэр болон бусад хүчин зүйлийн улмаас зарлага нийт дүнгээр 2.3 их наяд гаруй төгрөгөөр нэмэгдэж, алдагдал ДНБ-ий 20.6 хувьд хүрэхээр байгаа нь төсвөө тодотгох зайлшгүй нөхцөл болж буй талаар Ерөнхий сайд болон Сангийн сайд нар удаа дараа мэдээлж байсан.
 
Энэ дагуу боловсруулсан тодотголын төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1.6 их наяд төгрөгөөр буурч 5.3, зарлага ба цэвэр зээлийн дүн 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдэн 9.7 болж, нийт алдагдал 4.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 18.2 хувьтай тэнцэхээр тусгажээ. Төсвийн алдагдал ДНБ-ий 18.2 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.6-д “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2016 онд тухайн жилийн ДНБ-ий дөрвөн хувиас хэтрүүлэхгүй байна” гэсэнтэй нийцэхгүй байгаа ч, үүсээд буй хүндрэлийг даван туулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудад өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн аж.
 
Тодотголын төсөлд тусгаснаар өнгөрөгч зургадугаар сараас хойш олгоогүй хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргаа тогтоох судалгаагаар 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд олгох нь. Энэ нь нийт хүүхдийн 60 хувь бөгөөд бусад хүүхдийнхийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж. Мөн их, дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог сар бүрийн 70.200 төгрөгийг олгохгүй байхаар тусгажээ. Түүнчлэн МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг ч түр зогсоох гэнэ. Үүнээс гадна нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг байхаар тодотголын төсөлд оруулсан байна.
 
Мөн төсвийн тодотголыг өргөн барьснаар нь баталбал 2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй нь. Цаашлаад төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээс хамааран 36 бус, 1-12 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа авах юм байна. Үүнээс гадна өдгөө ажиллаж буй 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар тусгажээ.
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ өдөр өргөн мэдүүлсэн. Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хөдлөх болон бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал, хувьцаа, үнэт цаас, шаардлага буюу авлага, оюуны өмч барьцаалах замаар хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн уг хуулийг жилийн өмнө баталсан бөгөөд ирэх сарын 1-нээс мөрдөхөөр буй.
 
Харин хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим сан байгуулах ажил хийгдээгүй нь дээрх төслийг санаачлахад хүргэжээ. Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-тай байгуулсан хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх төслийн хүрээнд цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байгаа ч шаардагдах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх, сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн аргаар сонгон шалгаруулах ажил хугацаа хоцорсон байна. Төсөлд хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны гуравдугаар сарын 1 хэмээн тусгажээ.
 
Мөн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах, бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх төрийн албан хаагчид зургаа бус, гурван сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор байна. Үүнээс гадна энэ сарын 17-ны байдлаар гүйцэтгэгч нь шалгараагүй, гэрээ байгуулаагүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хасах, дээрх хугацаанд гүйцэтгэгч шалгарсан боловч ажлаа эхлүүлээгүй санхүүжилтийг 2017 он болгож хойшлуулах, 2015 онд Хөгжлийн банкнаас санхүүжилтээ авч чадаагүй, ажил нь бүрэн дууссан боловч үлдэгдэл санхүүжилтээ авч чадаагүй төсөл арга хэмжээнүүдийг бүрэн санхүүжүүлэхээр тусгажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)