Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Чингис хаан европ хүн байсан гэв үү?

Үнэн худлыг нь мэдэхгүй ч Их эзэн Чингис хааныг маань өөрсдийн удмын хүн болгох хүсэлтэй харийнхан болон бий. Тухайлбал, Казах байсан, Хятад хүн гэх мэтээр түүхийг гуйвуулан бичиж тэмдэглэдэг. Тэгвэл одоо эзэн Чингис маань Ази биш бүр Европ хүн болж хувирчээ. Энэхүү судалгааг Солонгос, Монголын генетикчид гаргасан гэнэ.
 
Өөрөөр хэлбэл, Солонгос, Монголын генетикчид Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой орчмын булшнаас олдсон хүмүүсийн араг ясанд судалгаа хийж үзжээ.
 
Энд Чингис хааны удмын гэгдэх Боржигин овгийнхны хүмүүсийг нутаглуулсан гэж үздэг юм. Үүнийг Боржигин овгийнхны тэмдэг болох алтан эдлэл дээрх цагаан шонхрын дүрс баталж байгаа гэнэ.
 
Ингээд цацраг нүүрстөрөгчийн судалгаагаар эдгээр булшийг 1130-1250 онд хамаарч байгааг тогтоосон байна. Эндээс эрдэмтэд өөрсдийнхөө судалж буй араг яснуудыг Чингис хааны эцэг, эсвэл эхийн талын төрлийнхнийх гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Судалгааны явцад эрдэмтэд гэнэтийн нээлт гаргажээ. Эдгээр булшин дахь гавалын яснууд нь монголжуу төрхтэй байсан ч тэдний эрэгтэй талынхан нь R1b-M343 буюу европчуудад түгээмэл байдаг гапло бүлэгт (генийн код) хамаарч байсан гэнэ.
 
Энэхүү нээлт Чингис хааныг С3с-М48 буюу азиудын түгээмэл гапло бүлэгт хамаардаг гэсэн үзлээс эрс зөрж байгаа тухай “PLoS ONE” сайтад бичжээ.
 
Хэрвээ булшин дахь хүмүүс Чингис хааны эцгийн төрлийнхөн бол тэр Ү хромсомын гапло бүлгээрээ R1b-M343-T хамаарна гэсэн үг. Ийм хэлбэрийн гапло бүлэг Баруун Европт түгээмэл байдаг бөгөөд Зүүн Азид бараг байдаггүй юм. Тэгэхээр Чингис хаан болон түүний төрлийнхөн Европоос өвөг дээдэстэй байж болох юм гэж эрдэмтэд таамаглажээ.
 
Исламын түүхчид хүртэл Чингис хааныг ногоон нүдтэй байсан гэж мэдээлдэг тухай судлаачид тэмдэглэсэн байна. Гэхдээ энд нэг учир дутагдалтай зүйл байгаа нь булшнаас гарсан араг яснууд Чингис хааны удмынх гэдгийг зөвхөн эдэлж байсан хэрэглэл нь баталсан. Тэгээд ч Чингис хааны булш олдоогүй цагт түүнийг европ, эсвэл ази хүн байсан гэж дүгнэхэд учир дутагдалтай болов уу.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)