Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хойд Солонгос Монгол улсаас тусламж гуйжээ

Тав дахь цөмийн туршилтаа хийгээд байгаа Хойд Солонгосын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг хориг арга хэмжээ авахаар ажиллаж байгаа билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Хойд Солонгосын хойд мужуудад үүссэн байгалийн гамшиг хүмүүнлэгийн байгууллагуудын анхаарлыг татаж, тусламж үзүүлэх хөдөлгөөн өрнөөд байна.
 
Хамгён мужид болсон үерийн гамшигт өртсөн иргэдэд туслахаар НҮБ-ын 13 хүмүүнлэгийн байгууллага хамтарсан мэдэгдэл гаргаж, дэлхийн улс орнуудыг туслахыг уриалжээ.
 
Хэдийгээр Өмнөд Солонгосын засгийн газар ямар нэг арга хэмжээ аваагүй ч төрийн бус байгууллагууд, хүмүүнлэгийн байгууллагууд нь туслахаар мөнгө цуглуулах аян эхлүүлсэн байна.
 
Хойд Солонгосын эрх баригчдын өгүүлж байгаагаар хойд Хамгён мужид наймдугаар сарын 29-31-нд болсон үерийг “чөлөөлөгдсөнөөс хойш тохиосон хамгийн хүнд гамшиг” гэжээ.
 
Номхон далайд дэгдсэн энэ жилийн 10 дахь хар салхи болох ЛионРокийн нөлөөгөөр үүссэн ширүүн аадар бороо Хамгён мужид бууж Түмэн голын усны түвшин хэвийн хэмжээнээсээ 6-12 метр нэмэгдсэн юм.
 
Үүнээс 500 орчим хүн гамшигт өртсөний дотор 138 нь амь үрэгдэж, 398 нь сураггүй болоод байна. 37,000 орчим сууц усанд автсанаас 15,740 нь бүрэн сүйрсэн ба 118,000 орчим хүний амьдралд шууд хохирол учирсан юм.
 
Мөн үерийн уршгаар газар тариалангийн салбар сүйрч их хэмжээний будаа, эрдэнэшиш, үр тарианы ургац алдахад хүрчээ.
 
Энэ бүс нутагт аравдугаар сард шөнөдөө -3 хэм хүрдэг нь орон гэргүй болсон иргэдэд дахин нэг аюул занал бий болгож байна.
 
Есдүгээр сарын 14-нд ДЭМБ $175,000-ын эрүүл мэндийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ. Мөн тэр өдөр Хойд Солонгосын гадаад хэргийн яам Пьёньянд суудаг Азийн есөн орны дипломат төлөөлөгчдөд хандан мэдээлэл хийж тусламж хүссэн байна. Тэдгээрийн дотор уламжлалт найрсаг харилцаатай Монгол, Вьетнам улсууд байсныг эх сурвалж мэдээлжээ.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)