Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Нью-Йорк, Нью-Жерсид болсон дэлбэрэлтэд сэжиглэж буй этгээдийг саатуулжээ

Нью-Йорк хотын төв Манхэттэнд есдүгээр сарын 17-нд буюу өнгөрсөн бямба гарагийн орой дэлбэрэлт болж, 29 хүн бэртсэн юм. Гэмтэгсдийг эмнэлэгт хэвтүүлжээ.
 
Тэсрэх бөмбөгийг Челси дүүрэг дэх зургаа, долдугаар өргөн чөлөөний хооронд байрлах 23 дугаар гудамжинд байрлах хогийн саванд хийсэн  байжээ.
 
Түүнээс нэг хоногийн дараа Нью-Жерси муж улсын Элизабет хотноо цагдаа нар гар хийцийн хоёр ч бөмбөг илрүүлсэн юм. Тусгайгийнхан бөмбөгийг аюулгүй болгохыг оролдсон ч дэлбэрсэн аж.  Цагдаа нарын үзэж буйгаар эдгээр гар хийцийн бөмбөг нь 2013 онд Бостон хотноо болсон марафон гүйлтийн үеэр ах, дүү Царнаевын халдлагадаа ашигласан бөмбөгтэй төстэй байжээ.
 
Холбооны мөрдөх товчооноос дээрх хэрэгт 28 настай афган гаралтай Ахмад Хан Рахами гэгчийг сэжиглэн эрэн сурвалжилж байв. Түүний Манхэттен дүүргийн 23 болон 27 дугаар гудамжаар алхаж яваа нь камерт бичигдэн үлдсэн байжээ. Өнгөрсөн даваа гаригт түүнийг Нью-Жерси муж улсын Линден хотноо саатуулжээ.  Тусгай ажиллагааны үеэр хоёр цагдаагийн офицероос гадна сэжигтэн мөн шархадсан байна.
 
“NBC News”-ийн мэдээлснээр Рахами эхлээд цагдаа нар руу гал нээсэн аж. Эсэргүүцэл үзүүлсэн түүн рүү цагдаа нар хариу гал нээж, түүний мөр, хөлийг буудаж шархдуулжээ.
 
Үүний зэрэгцээ өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаа нар халдлагатай холбоотой таван этгээдийг саатуулсан талаар мэдээлж байв.
 
Энэ талаар Холбооны мөрдөх товчооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Келли Лангмессер мэдэгдэхдээ  “Одоогоор дээрх хэрэгт хэн нэгнийг албан ёсоор буруутгаагүй байна”  гэсэн юм.
“Fox News” телевизийн онцолсноор халдлагад ашигласан гар хийцийн бөмбөгийг нэг хүн хийсэн байх магадлалатай гэв.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)