Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Оросоос хоёр арлаа буцааж авах хувилбарыг Япончууд сонирхож байна

Японы ерөнхий сайд Шинзо Абэ маргаантай байгаа дөрвөн арлын хоёрыг нь эргүүлэн авч, Москватай энхийн гэрээ байгуулах хувилбарыг хэлэлцэж байгаа тухай засгийн газрын эх сурвалж өчигдөр буюу Ням гарагт мэдээллээ.
 
Дөрвөн арлыг бүтнээр нь буцааж авах хатуу шаардлагаа зөөлрүүлж, хоёр бага арлыг эхний ээлжинд авах нь илүү бодитой гэсэн дүгнэлтэд Токио хүрээд байгаа гэнэ.
 
Арваннэгдүгээр сард Перуд болох Ази, Номхон Далайн Эдийн засгийн Хамтын ажиллагааны чуулганд оролцохдоо Абэ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах бол арванхоёрдугаар сард Ямагучи мужийн Нагатод дээд хэмжээний уулзалт хийх юм.
 
Дөрвөн арлын бага хоёр болох Хабомай, Шикотаныг эргүүлэн авснаар одоо болтол зурагдаагүй байгаа Дэлхийн II дайны дараах энхийн гэрээг байгуулж харилцаагаа сайжруулах алхмыг Японы тал сонирхож байгаа юм байна. Үлдсэн хоёр арал болох Эторофу, Кунаширид Японы талаас хөрөнгө оруулж, эдийн засгийг нь хөгжүүлэхэд хамтран ажиллах санал тавьж болзошгүй байгаа аж.
 
Харин үлдсэн хоёр арлыг буцаан авах тухай яриаг сүүлд эхлүүлэхээр хойш тавих юм байна.
 
Бас Японы иргэд дээрх хоёр аралд визгүй зорчих саналыг ОХУ-д тавихаар ярилцаж байгаа аж.
 
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр ЗХУ эдгээр дөрвөн арлыг Японоос салгаж авсан гэдэг ба 70 гаруй жилийн турш хоёр улсын хооронд маргаан үргэлжилж байгаа юм.
 
Гэвч энэхүү зөрчилдөөнд өөрчлөлт авчрахын тулд шинэ санаачилга гаргах шаардлагатай гэж Абэ үзэж байгаа аж. Мөн түүхий эдийн үнийн уналт, Барууны хориг арга хэмжээнд нэрвэгдэн, эдийн засаг нь хямраад байгаа Орос улстай арлуудын асуудлаар ярилцахад тохиромжтой цаг гэж үзэж байгаа гэнэ. Арлуудыг хэсэгчилж буцаан өгсний хариуд Япончууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нөхцөл амлах нь тодорхой.
 
Мөн АНУ-д өрнөж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн явц Абэд Оростой ярилцах “улс төрийн вакум” гаргаж өгч байгааг ч үгүйсгэх аргагүй.
 
Гэхдээ шүүмжлэгчдийн гомдоллож байгаагаар Орост үлдэх Эторофу, Кунашири арлуудын талбай нь нийт маргаантай арлуудын газар нутгийн 93 хувийг эзэлж байгаа юм. Үүнээс гадна Оросууд “хоёр арлын хувилбарыг” хүлээж авах эсэх нь ч баталгаагүй байна.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)