НҮБ-аас өнгөрсөн 20 жилийн хугацаанд тохиосон 7,000 гаруй удаагийн байгалийн гамшигт үзэгдэлд дүн шинжилгээ хийсэн тайланг гаргалаа. Тайланд дурдсанаар хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон Гаити улс дэлхийн улс орнууд дундаас хамгийн их хохирол амссан улсаар нэрлэгджээ.
Гаитигийн өмнөд, хойд Америкийн хамгийн ядуу буурай орон болох тус улсад 2010 онд томоохон хэмжээний газар хөдлөлт болсноос хойш сэргээн засварлалт бараг хийгээгүй байсан юм. Гэвч энэ сарын эхээр мөн л далайн хар шуурга тус улсыг дайрч, ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Карибын улс орнууд болон АНУ-ын өмнөд эргийн хотуудыг дайран өнгөрсөн Мэтью хар салхи АНУ-г ч дайрсан.
Хамгийн сүүлд авсан мэдээгээр зөвхөн АНУ-д гэхэд л 10 хүн хар салхины үеэр амиа алдсан байна. Хэдийгээр орон нутгийн захиргаа онц байдал зарлаж, хоёр сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, байгалийн гамшигт үзэгдэлд бэлтгэлтэй байсан боловч салхины хүч маш их байсан, их хэмжээний усархаг аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас ийнхүү олон арван хүний амь нас сүйджээ. Шуурганы үеэр мод үндсээрээ булгаран унаж, ойролцоох байшин барилгуудыг дарж унаснаар дотор нь байсан хүмүүс дарагдаж амь насаа алджээ.
Одоогийн байдлаар өмнөд эргийн хотууд болох Флорида, Жоржиа, Хойд Каролинад нэг сая гаруй айл өрх, албан байгууллага гэрэл цахилгаангүй болжээ. Гэхдээ Гаити улсад дээрхээс ч илүүтэйгээр хохирол учирч, 470 гаруй хүн Мэтью хар салхины үеэр үүссэн үер болон хөрсний гулгалтын улмаас амиа алдсан аж. Мөн хэдэн зуун мянган хүн орон гэргүй болж, эрүүл ахуйн нөхцөл байдал муудсанаар холер өвчний уршгаар нас барсан тохиолдлууд ч сүүлийн хэд хоногт бүртгэгджээ. Иймд нэн тэргүүнд тусламж хүртэх шаардлагатай байгаа Гаитигийн 750 мянга гаруй хүнд хоол хүнс, эм тариа, түр хорогдох майхан сав хэрэгтэй байгаа учир НҮБ-аас олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад хандан тусламжийн бараагаа нэмэгдүүлэхийг уриалаад байна.
НҮБ-ын тайланд дурдсанаар 1996-2015 онд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нас барсан 1.35 сая хүний 90 гаруй хувь нь бага, дунд орлоготой орнуудад амьдарч буй хүмүүс байсан бөгөөд тэр дундаа Гаитид зургаан хүн тутмын нэг нь гамшигт үзэгдлээр амиа алдаж байгааг онцолсон байв.
НҮБ-ын Гамшгийн асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Роберт Глассер хэвлэлийн хурлын үеэр “Улс орны нийгэм эдийн засгийн байдал, тус улсын дайрсан байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хүн төрөлхтөнд учруулсан хохирол хоёрын хооронд тодорхой харилцан хамаарал бий” гэдгийг тодотгожээ.
Харин сүүлийн 20 жилийн хугацаанд байгалийн үзэгдлийн улмаас амиа алдсан хүнийхээ тоогоор Индонез хоёрдугаарт бичигдэж байна. Индонезийн 182 мянга орчим хүн амь үрэгджээ. Харин гуравдугаарт Мьянмар эрэмбэлэгдэж байгаа бөгөөд тус улсад 139,500 хүн үрэгдсэн байна.