Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Аж үйлдвэрийн салбарын гарц 6.5 хувиар өсч, 6.8 их наяд төгрөг болов

2016 оны эхний гурван улиралд боловсруулах үйлдвэрлэл буурсан боловч уул уурхайн салбарын гарц, ялангуяа нүүрсний олборлолт нэмэгджээ. Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр аж үйлдвэрийн салбарын нийт гарц 6.8 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 6.5 хувиар өссөн байна. Харин уул уурхайн гарц 11.3 хувиар өсч, 4.7 их наяд төгрөг болсон бол боловсруулах аж үйлдвэрийн гарц 10.5 хувиар буурч, 1.4 их наяд төгрөг болжээ.
Боловсруулах аж үйлдвэрээс үр тарианы гурил, цардуул, малын тэжээлийн үйлдвэрлэл 14 орчим хувиар буурсан байна. Үр тарианы ургац хураалт есдүгээр сард эхэлсэн учраас улирлын шинжтэй шалтгаанаар үйлдвэрлэл буурсан гэж харж болохоор байна. Энэ онд 482 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвтэй байгаагаас 375 мянгыг нь гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр зорьж байгаа аж.
Гурилын үйлдвэрүүдийн хувьд хаягдлаар нь малын тэжээл гаргаж худалддаг бөгөөд тухайлбал, дотоодын томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Од” групп энэ онд ойролцоогоор 100 мянган тонн малын тэжээл БНХАУ-д экспортлохоор төлөвлөжээ.
Үүнээс гадна ундааны үйлдвэрлэл 11 орчим хувиар өсч, 450 тэрбум төгрөг болсон байна. Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжихтэй зэрэгцэн Японы зах зээлд ийм төрлийн бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой компаниуд нэмэгдэж байгаа аж. Ялангуяа чацаргана экспортлохоор гарал үүслийн гэрчилгээ авсан компани байгаа талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. Мөн “Витафит” компани өнгөрсөн тавдугаар сараас эхлэн бүтээгдэхүүнээ Японд экспортолж эхэлсэн юм.
Боловсруулах үйлдвэрлэл дундаас нэхмэлийн үйлдвэрлэл есөн хувиар өссөн бол тавилгын үйлдвэрлэл болон бусад жижиг салбарын үзүүлэлт 32 хувиар буурсан байна. Хэдийгээр тавилгын импортын татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн, мөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг Засгийн газар бодлогоор дэмжиж байгаа боловч дотоодын зах зээлд тавилгын эрэлт маш сул байгаа талаар тавилга үйлдвэрлэгч “Nature Urgoo”, “Долоон болдог” зэрэг компаниуд мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)