Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Багануур дүүргийн Хэрлэн, СХД-ийн Шар хөтлийн мал эмнэлгийн хяналтын цэгийг үргэлжлүүлэн ажиллуулна

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдаа хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцлээ.
 
Шүлхий өвчний эрсдлээс урьчилан сэргийлэх зорилгоор Багануур дүүргийн Хэрлэн, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтлийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэдэх мал эмнэлгийн хяналтын цэгийн ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо.
 
Харин ариутгал халваргүйжүүлэлт хийж байгаа бусад долоон хяналтын постыг 2016 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлэлээ. 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Гар аргаар бус механикжсан хэлбэрээр тоноглосон тухайн хоёр хяналтын цэгийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй. Хөл хөдөлгөөн ихтэй учраас цаашид хүн, малын гоц халдварт өвчин бусад зүйлсээс урьдчилан сэргийлж байнгын ажиллагаатай байлгах саналтай байна. Халдварын голомтод байдал намжиж, дахин сэдрээгүй учраас үлдсэн долоон хяналтын цэгийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй” гэдгийг хэллээ.
 
Мөн Нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд болон малтай иргэдэд малаа вакцинжуулалтанд идэвхтэй хамруулах шаардлага хүргүүлэхийг  холбогдох албаныханд  үүрэг болголоо.
 
2016 оны аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд нэг аймгийн хоёр сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчний хоёр тохиолдол, таван аймгийн 11 суманд цэцэг өвчний 12 тохиолдол, таван аймгийн 15 сумын нутагт мялзан төст өвчний 15 тохиолдол, Архангай аймгийн Өгийнуур суманд хорт салст халуурал, Хөвсгөл аймагт боом, Говь-Алтай аймгийн Бигэр суманд галзуу өвчин тус бүр нэг нэг бүртгэгдсэн байна.
 
Нийт 12 аймгийн 32 сумын нутагт 33 тохиолдлын голомтод хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
 
Төв аймгийн Баян суманд энэ оны наймдугаар сарын 24-нд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод 52 хоног, Төв аймгийн Баянжаргалан суманд гарсан шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 23 хоног, хязгаарлалтын дэглэм тогтоогоод 25 хоног нийт 48 хоног, наймдугаар сарын 31-ний өдөр гарсан хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм тогтоогоод 45 хоног болж, голомтын бүсэд байгаа малын вакцинжуулах ажил 100 хувь хийгдсэн байна.
 
Одоогийн байдлаар ямар нэгэн малын гоц халдварт өвчин нэмэгдээгүй байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)