Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Шувуучлахуй

Хүн бүр байгаль руу ямар нэг хэлбэрээр татагддаг. Зарим нь нүд алдам ногоон талд хөл нүцгэн гүйхийг хүсдэг бол нөгөө хэсэгт нь нам гүм орчинд горхины чимээ чагнан хэвтэх хамгаас сайхан байдаг. Тэгвэл шувуудын жиргээг сонсож, тэдний үйл хөдлөл бүрийг шохоорхон ажиглахын тулд ямар ч бартаа саадыг үл хайхрах хүмүүс бас бий. Хүмүүсийн энэхүү хүсэл сонирхолд нийцүүлсэн шувуу ажиглах аялал олон улсад хамгийн өндөр түвшинд хөгжсөн байна. Заримыг нь тогтож анзаарах аргагүй, байнга дэрвэж дэгдэж байдаг бяцхан шувуудыг ажиглаж, араас нь хөөцөлдөнө гэдэг бүтэхгүй зүйл мэт санагдаж магадгүй. Гэхдээ л олон хүний хувьд шувуудын хөдөлгөөн бүрийг тогтоон анзаарч, үр төлөө өсгөж, хооллож буй байдал, гадаад үзэмжийг нь харахын тулд ямар ч хугацааг гарзадахад бэлэн байдаг аж.

Монгол бол шувуудын эх орон  

Манай улсад шувуу ажиглах аялал эрчимтэй хөгжиж буй тухай МУИС-ийн Экологийн тэнхимийн багш, профессор Х.Тэрбиш ярьж байна. Монгол далай тэнгисээс алслагдсан, уулсаар хүрээлэгдсэн өөрийн гэсэн онцлогтой орон юм. Тиймээс энэ өвөрмөц бүс нутагт дасан зохицсон шувууд манайд бүрэлдэн бий болсон байдаг аж. Тухайлбал, говийн дүр төрхийг илтгэх хулан жороог монгол, эсвэл түүнтэй хил залгаа нутагт ирж байж л үзэх боломжтой. Түүнчлэн, монгол орон говь цөл, тал хээр, уул нурууд, ой хөвчөөс бүрдсэн өргөн уудам нутаг тул байгалийн энэ бүс бүрийн өвөрмөц онцлогт зохицсон шувуудыг харах боломжийг олгодог байна. Жишээ нь Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Хонгорын элс, мөн говийн бүлэг нууруудад нутагшин амьдарч буй шувуудыг ажиглах боломжтой. Тэгвэл Орхон, Сэлэнгэ, Тамирын голын сав, Өгий нуурын бүс нутаг, хангайн нуруу, тэдгээрийн хоорон дахь хотос хөндий, нууруудад шувуу ажиглахад ихээхэн тохиромжтой аж. Өөрөөр хэлбэл, төвийн бүсийн шувуудын өвөрмөц амьдралыг дээр цэгүүдээс ажиглаж болно. Үүнээс гадна Монгол орны зүүн хэсэгт Онон, Хэрлэн, Улз голын сав нутаг, ус намхархаг газар, хээрийн бүсэд олон тооны шувууд нүүдэллэн ирж үр төлөө өсгөн өндийлгөж байна. Мөн манай орны баруун хэсэгт өндөр уулс, мөнх цастай хайрханууд бий. Бас л говь, хангайн бүс нутгаас ялгарах онцлогтой. Тиймээс уг онцлогт идээшиж дассан шувууд баруун бүс нутагт амьдрана. Нэг үгээр хэлбэл, байгалийн бүс бүслүүр бүрт байгаа шувуудыг харах бүрэн боломжтой. Түүнчлэн, аялагчид зөвхөн шувуу ажиглахаас гадна нүүдэлчдийн ахуй амьдралыг ихээхэн сонирходог байна.

Зөвхөн Монголд үзэх боломжтой шувуу олон бий

Монгол Улсад дэлхийд ховордсон, хүмүүсийн сонирхолыг ихээр татдаг шувуудаас гадна зөвхөн манай оронд байдаг, төв Азийн цээжинд идээшиж дассан жигүүртэн олон бий. Тухайлбал, хулан жороо, ногторуу байна. Ногторуу байнга нүүдэллэдэг, их сонин амьдралтай шувуу аж. Говь цөлийн шувуу тул булаг шандад сүргээрээ буугаад маш богино хугацаанд цээжнийхээ хөндийг усаар дүүргээд хэдхэн секунд болоод дэр хийн нисдэг. Ингээд хуурай газар байгаа үр төлөө ундаалдаг аж. Мөн алтайн хойлогийг манай орноос л үзэх боломжтой юм. Гоёмсог, том биетэй. Хахилаг гэж шувуу байна. Хурдан гүйдэг, ургамлаар хооллож, уулсаар амьдардаг. Тэгвэл ой хөвчид амьдардаг ур, сойр, цагаан ятуу зэрэг олон ховор шувуу бий. Жишээ нь сойр үржлийнхээ үед маш өвөрмөц зан төрхийг үзүүлдэг. Үржлийн үед өглөөнөөс орой хүртэл бүжиглэнэ. Энэ үед ажиглахад их сонин содон харагддаг байна. Манай оронд нүүдэллэн ирж нутагладаг олон сайхан шувуу байдаг аж. Тухайлбал, Монгол төдийгүй дэлхийд ховорт тооцогддог цэн, цагаан, алаг зэрэг олон төрөл зүйлийн тогоруу байдаг аж. Эдгээр тогоруу Монгол орны зүүн талын бүс нутаг, Онон, Улз, Хэрлэн голын сав нутгаар нутаглаж байна. Монгол оронд 480 зүйлийн шувуу бий.

Амьтны аймаг хүнийг соронзон адил татдаг өвөрмөц ертөнц

Great Genghis tours & expeditions” компанийн аялал хариуцсан захирал, профессор Х.Тэрбишээс цөөн зүйл тодрууллаа.

-Шувуу ажиглах хоббитой гадаад, дотоодын олон жуулчинд та хөтөч хийж байсан. Тэгвэл энэ сонирхолын хүний сэтгэлийг татах хамгийн өвөрмөц онцлог нь юу вэ?

-Зөвхөн шувуу гэлтгүй амьд байгаль, тэр дотор амьтны аймаг байнга хүнийг өөртөө соронзон адил татаж байдаг өвөрмөц ертөнц шүү дээ. Яагаад гэвэл амьтан болгон өөрийн хэлтэй, өнгө зүстэй, араншинтай, амьдрах аргатай. Тэр болгоныг хүн ажиглаж танин мэднэ гэдэг шинэ зүйлийг нээж эзэмшиж байгаа үйл явц юм. Тухайлбал, хөхөө шувуу хаа сайгүй байж байдаг. Гэтэл тэр шувуу үүрээ засдаггүй. Бусдын үүрэнд өндөглөдөг. Ингэхлээр хоёр өөр шувууны өндөг нэг дор байх нь байна шүү дээ. Тэгээд өндөгний хальснаас хоёр улаан нялзрай ангаахай гараад ирэхэд хөхөөний ангаахай нөгөө шувууныхаа ангаахайг ялгаварлан гадуурхаж үүрнээсээ хөөж золигт гаргах жишээтэй. Энэ бол амьтны өвөрмөц сонин зүйл байна. Гэтэл эндсэн ангаахайны эх үүрэнд нь үлдсэн хөхөөний ангаахайг тэжээгээд байх жишээтэй. Энэ болгоныг шувууны аялалын явцад ажиглаж харна. Тэгэхээр бүхнийг мартаж, оюун бухимдлаа тайлж, тэр л зүйлийг танин мэдэж учрыг олох гэж аялах нь ээ дээ.

-Монгол оронд ирж буй жуулчид ямар шувуудыг хамгийн ихээр сонирходог вэ?

-Дэлхийн бусад өнцөг буланд тэр бүр тохиолдоод байдаггүй, Монгол оронд л байх шувуудыг хамгийн түрүүн үзэхийг хүсдэг. Ер нь тэд шувуу харж л байвал сэтгэл нь ханадаг улс шүү дээ. Тогорууг их сонирхоно. Говьд байгаа хулан жороо, ногторуу, алтайн өндөр уулан дахь хойлгыг сонирхоно. Мөн шөнийн шувууд болох шар шувуу, ууль зэргийг үзнэ. Өдөр байж байгаад шөнө гарч ирдэг тул их нууцлаг амьдралтай шүү дээ. Дээрээс нь ус намгийн амьдралтай шувууд байна. Түүнчлэн, жижиг шувууд олон бий. Мөн ойн шувууд байна. Хур, цэвдгийн цагаан ятуу байна, тоншуул гэх зэргээр тоочиж болно. Тухайлбал, тоншуул манайд олон төрөл бий. Хумс нь маш хурц. Эгц босоо модон дээр хумсаа шигтгэж суугаад сүүлээрээ тулж байгаад толгойгоороо модны холтсыг цөм цохиж өт хорхой иддэг. Маш сонор. Хаана өт хорхой явж байгааг соргог сонсдог. Энэ мэтээр шувуу сонирхогчдын сонирхолыг татах маш олон зүйл амьтны ертөнцөд бий. Мэдээж Монголыг зорьсон жуулчид шувуу ажиглахаас гадна байгалийг үзнэ, нүүдэлчин ахуй соёлтой танилцана.

-Шувуу ажиглах аялалыг хэддүгээр сард зохион байгуулбал тохиромжтой вэ?

-Хавраас эхлээд буцах хүртэл дулааны улиралд зохион байгуулахад илүү тохиромжтой. Яагаад гэвэл дулааны улиралд нүүдлийн шувууд олноор ирдэг. Нэг хэсэг нь Монголд ирнэ. Нөгөө хэсэг нь манай орноор дайрч Сибирийн ус намгархаг газар руу яваад өгдөг. Хаврын нүүдлийн үеэр Монголд нүүдлийн болон суурин шувуудыг зэрэг харах өргөн боломжтой. 5-6 дугаар сар их тохиромжтой. Ер нь шувуу ажиглах аялалыг хэзээ ч зохион байгуулж болно. Жишээ нь манай дотоодын шувуу сонирхогч залуус жилийн дөрвөн улиралд шувууг ажиглаж байна. Улаанбаатар хотын ойролцоо гарч шувуу ажиглаж, дурандан, зургийг нь авч байна.

-Ховор шувуудыг ажиглахын тулд нүүдэллэх хугацаа, суурьших нутаг зэргийг нь тооцох зэргээр наана нь судалгаа хийх хэрэгтэй байх?

Тийм ээ. Шувууны аялалыг тодорхой төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. Үүний өмнө хаана очвол шувуу ажиглах бололцоотойг судлана. Шувуу нэг нүүдэллэн ирдэг газраа жил бүр ирдэг. Жишээ нь Баянхонгор аймгийн Их богд ууланд өгөөлэй шулганаа гэж дэлхийд ховордсон шувуу ирдэг. Их богд уулын тодорхой нэг хэсэгт жил бүр хэдэн хос ирээд үүрээ засаад өндөглөөд буцаж байх жишээтэй. Мөн алаг, цагаан тогорууны найман хос Улз голын тодорхой нэг хэсэгт ирээд зусаад өндөглөөд явдаг.

Сонирхолтой мэдээлэл

-Шувууд гайхалтай хурц хараатай. Шонхор, тас болон бусад махчин шувууны харааны хурц байдал хүнийхээс найм дахин илүү. Шонхор олзоо нэгкм-ээс ялгадаг бол тас 3-4 км-ээс ялгана.

-Бараг бүх махчин шувууны ангаахайн нүд хар байх ба тэр нь тэдний цайвар цагаан өнгөнөөс нэн сайн ялгардаг. Энэхүү хар нүд нь эцэг, эх бодгалуудыг өөрийн үр төлөө хооллохыг шаардсан нэг хэлбэрийн дохиоллын үүрэгтэй ажээ. Хоолондоо цадсан ангаахайнууд эргэж, нуруугаа эцэг эх рүүгээ харуулна. Ингээд том хар нүдийг нь харахаа болсон тэжээгчид хооллолтоо зогсоодог байна.

-Америкийн шувуу судлаач Вильсон, бидэн явагч тагтааны сүрэг түүний дээгүүр дөрвөн цаг нисэж өнгөрсөн гэж нотолсон байдаг. Уг сүрэг 360 км урт цувжээ. Тэр судлаач сүрэгт хичнээн тагтаа байсныг тооцоолоод 2 230 272 000 шувуу байжээ гэсэн итгэмээргүй тооцоо гаргасан байна. Харамсалтай хүмүүс энэ шувууг үй олноор нь хөнөөж 1914 оны есдүгээр сард Америкийн Цинцинатти хотод хамгийн сүүлчийн бидэн явагч тагтаа үхжээ.

 -Зарим зүйл тоть 800 үг, хэллэгийг ойролцоо аялагаар хялбархан тогтоодог. Үүнд Африкийн жако тоть бүр ч гаргуун. Энэ шувуу эзэнтэйгээ“харилцан яриа” өрнүүлээд зогсохгүй ханиалгах, инээх, шүгэлдэх, хуцах, муур маялах зэргийн маш чадварлаг дуурайх ба бүр дуулдаг гээд боддоо. Мяраан тотинуудЛермонтонтовын “Бородино” шүлгийн хэсгийг “уран сайхнаар” уянгалуулан уншихад, нөгөө нэг нь эртний Оросын романсыг аялгуулан дуулж байдаг.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.26.194.37] 2017/11/16