Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн засаг даргад санал, зөвлөмж хүргүүллээ

НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс Нийслэлийн засаг дарга бөгөөд Хотын захирагч С. Батболдод өвлийн улиралд нийслэл хотод тулгараад байгаа халтиргаа гулгаа, цас мөс арилгах ажлын сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж хүргүүллээ.

Уг зөвлөмжид:

Удирдлагын арга барил, менежментийг сайжруулах чиглэл

Өнгөрсөн дөрвөн жилийн Нийслэлийн хот тохижилт, зам засвар арчлалт, халтиргаа гулгаа, цас мөс цэвэрлэх үйл ажиллагааг “Улаанбаатар Нэгтгэл” 1000 гаруй ажилтантайгаар нэгдсэн бодлого төлөвлөлт гарган хариуцан ажилладаг оновчтой бүтцэд шилжүүлсэн. МАН нийслэлд олонхи болсныхоо дараа буюу 2016 оны 9-р сард НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Улаанбаатар Нэгтгэл”-ийг татан буулгаж, үйл ажиллагааг гурван өөр чиглэлд хуваасан нь менежмент болон техник, ажиллах хүчний нөөц бололцоог тарамдуулахад хүрлээ. Өөрөөр хэлбэл, нэг компани нь олон ажилтантай ч гар мухар нөгөө байгууллага нь машин техниктэй ч цөөхөн ажилтантай болсон гэсэн үг. Иймд “Улаанбаатар Нэгтгэл”-ийг татан буулгасан алдаатай шийдвэрээ нэн яаралтай залруулж, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлага тулгарлаа. Мэдээж 350 гаруй ажилтантай одоогийн Хот тохижилтын газарт хүн хүч, тоног төхөөрөмж хэрэгтэй ч өвөлжилтийн бэлтгэлийг хангах төсөв хүрэлцээтэй. Энэ оны 10-р сард болсон НИТХ-ын 4-р хуралдаанаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанд өвөлжилтийн бэлтгэл болон цас мөс хайлуулахад зориулан 900 сая төгрөг нэмж баталсан. Энэ мөнгөөр 1750 тонн давс, бодис авах боломж байсан.

Цас, мөс цэвэрлэх ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэл

Юун түрүүнд цас мөс цэвэрлэх ажлын зураглалыг гарган түүнийгээ мөрдөн ажиллах замаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Аль ажлыг хаанаас нь эхлүүлэх гэх ажлын дарааллыг ягштал баримтална гэсэн үг. Цас хатуураагүй үед шуурхай цэвэрлэх, Замын цагдаагийн газраас мэдээлэл авч хамгийн их халтиргаа гулгаа үүсдэг зам уулзварт эхлэн цас хайлуулах бодисыг цацах гэх мэт. Шаардлагатай үед цас мөс цэвэрлэгээнд олон нийтийн хүчийг дайчилж болох ч байнга оролцуулах нь албадлагын шинжтэй тул цагийн ажлын байр бий болгож нийслэлчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг ашиглах шаардлагатай байна.

Нөөц боломжоо бүрэн дайчлах, санаачилгатай байх

Улирлын чанартай хүйтний улиралд зогсдог газар шорооны ажил хийдэг зам арчлалт, цэвэрлэгээнд ажиллах боломжтой машин, тоног төхөөрөмжтэй иргэд, аж ахуй, нэгж байгууллагатай хамтран ажиллах боломж их бий. Цаашид нийслэлийн авто баазад буй 67 машинаас заримыг нь хувьчилж оронд нь цас мөс цэвэрлэх бага оврын тоног төхөөрөмж, машин механизм худалдан авч болно. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөд жил бүр 6,8 орчим тэрбум төгрөг батлагддаг бөгөөд цас мөс хайлуулах чанартай бодис, давсыг түргэн хугацаанд худалдан авах боломж бий.

Сурагчдын амралтанд зохицуулалт хийх чиглэлүүд

Өвлийн ид хүйтэн, халтиргаа гулгаатай үед хүүхдүүдийн дунд өвчлөл газар авч, авто замын ачаалал нэмэгддэг. Түгжрэлийн гол шалтгаан нь сургуулийн хүүхдийг зөөдөг автомашины урсгалтай холбоотой. НИТХ-ын санал санаачилгаар 2014, 2015 оны хичээлийн жилд хүйтний улиралд хүүхдүүдийн амралтын хуваарь өөрчлөлт оруулж, шуурхай арга хэмжээ авч байсан бидний туршлага бий. Иймд нийслэлийн зүгээс салбарын яамтай тохироод хүүхдүүдийн амралтыг хуваарийг өөрчлөх бүрэн боломж бий. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 95 мянга I-Vангийн 117 мянган хүүхэд суралцаж байна гэсэн санал, зөвлөмж хүргүүлжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)