Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Индонезид Монголын соёлын төв үүдээ нээлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Индонезийн Ява арлын Бантэн мужийн аялал жуулчлалын тусгай бүс “Танжунг Лэсунг”-д Монголын Соёлын төвийн нээлт 11 дүгээр сарын 26-нд болов.

Монгол Улсын ЭСЯ болон Индонезийн “Жабабэка” группын Ерөнхийлөч бөгөөд тус улс дахь Монголын Соёлын Элч ноён Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар байгуулагдсан Монголын Соёлын төвийг Элчин сайд Ш.Батцэцэг, “Жабабэка” группын Ерөнхий захирал Будианто Лиман, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхим (Парламент)-ын Индонез, Монголын парламентын бүлгийн дарга Жазизуль Фаваид, БНИУ-ын Аялал жуулчлалын яамны Олон улсын маркетингийн асуудал эрхэлсэн Дэд сайд И Гдэ Питана нар тус тус үг хэлж, албан ёсоор нээв.

Элчин сайд Ш.Батцэцэг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээ нь энэ жил зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг болохыг онцлон тэмдэглэж, энэ төвд зочилсноор ЮНЕСКО-гийн Соёлын өвийн жагсаалтад бүртгэлтэй Монгол гэр, монгол нүүдэлчдийн түүх, соёл, амьдралын хэв маяг, монголчуудын оюун ухааныг шингээсэн оньсон тоглоом, монгол үндэсний хоолтой танилцах өргөн боломж нээгдэнэ гэж тэмдэглэв. “Жабабэка” группын төлөөлөл Монголын Соёлын төвийг цаашид өргөжүүлэн Индонез дахь “Бичил Монгол” болгох зорилт болгож, ингэснээр тус бүс нутагт гадаад, дотоодын жуулчдыг татсан шинэ чиглэл бий болгоно гэж мэдэгдэв.

Соёлын төвийн нээлтийн арга хэмжээнд Жакарта дахь Монгол Улсын ЭСЯ-ны хамт олон, БНИУ-ын Гадаад хэргийн яам, Аялал жуулчлалын яам, Төлөөлөгчдийн танхим (парламент)-ын төлөөлөгчид, БНИУ-д суугаа гадаадын Элчин сайд нар болон Индонезид ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол Улсын иргэд оролцов. Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Далантай үндэсний дуугаар ирсэн хүндэт зочдын сонорыг мялаасны дараа тэднийг монгол гэрт урьж, монгол үндэсний хоолоор дайлсныг зочид өндрөөр үнэлэв. Жакарта хотоос 180 км-т байрлах “Танжунг Лэсунг” аялал жуулчлалын тусгай бүсийн албан ёсны нээлтийг БНИУ-ын Ерөнхийлөгч Жоко Видодо 2015 онд хийсэн бөгөөд сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын жуулчдыг олноор татаж эхэлсэн газруудын нэг юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)