Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Г.Сугар: Чацаргана, аньсыг буцалгаж өгснөөр амин дэмээ алддаг

Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл сургалтын төвийн захирал, доктор Н.Сугартай зохистой хооллолтын талаар ярилцлаа.

 

–Зохистой хооллолт гэж юуг хэлдэг вэ. Ямар хоолыг зохистой хоол гэж нэрлэх вэ?


–Зөв зохистой хооллолтын тухай үндсэн ойлголтууд бий. Хүнсний бүтээгдэхүүнээ зургаан хэсэгт ангилан хуваадаг. Тухайлбал, төрөл бүрийн хүнсний ногоо хэрэглэх, тогтмол цагт хооллох ёстой. Монголчууд хүнсэндээ гурил, махыг түлхүү хэрэглэдэг. Ногоог төдийлөн түлхүү хэрэглээд байдаггүй. Бид гурил, махтай хоол идэхэд цатгалан болох хэдий ч авах ёстой амин дэмийг авч чаддаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.


-Өвлийн улиралд ямар хоол хүнс хэрэглэх нь зохимжтой вэ. Хүмүүс адууны мах хүйтэнд хэрэглэвэл биеийн дулаанаа алддаггүй гэсэн ойлголттой байдаг. Энэ үнэн үү?


–Хүйтний улиралд хүнд энерги хэрэгтэй болдог. Зарим хүн мах идэж болохгүй гэж ярьцгаадаг. Энэ бол худлаа. Мах сайн идэх хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны хувьд махыг сэрүүн, тэгш, халуун чанарын гэж ангилдаг. Сэрүүн чанарын мах нь үхрийнх, халуун чанарын мах нь адууны мах юм. Харин тэгш чанарын мах нь хониных ордог. Хүмүүс адууны махыг халуун чанарынх болохоор нь түлхүү хэрэглэдэг. Өвлийн улиралд зөвхөн адууны мах хэрэглээрэй гэвэл энэ өрөөсгөл ойлголт.


-Өглөөний цайгаа уудаггүй хүмүүс их байна. Өглөөний цайг уухгүй гарснаар тухайн хүнд ямар сөрөг дагавар гарах вэ?


–Өдөрт авах ёстой нийт илчлэгийг 2500 гэж бодох юм бол 20 хувийг нь өглөөний цайнаас авна. Өглөөний цайгаа тогтмол ууж явдаг хүний оюуны бүтээмж өндөртэй, таргалахгүй байх магадлал маш өндөр байдаг. Өглөөний цайгаа ууж амжаагүй бол өдрийн цайны цагаа наашлуулаад 11 цагаас хоол идвэл, эсвэл өлөн байж байгаад гэнэт хоол идэх зэрэгт сөрөг үр дагавар гардаг. Өглөөний цайнд өндөг, үр тарианы талх, сүү, жимсний шүүс хэрэглэвэл зохимжтой.


–Ханиад томууны тархалт их байна. Энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг яаж дэмжих хэрэгтэй вэ?


–Ногоо сайн идэх шаардлагатай. Манайхан ногоо гэхээр төмсийг түлхүү хэрэглээд байдаг. Гэтэл төмс гурил шүү дээ. Мөн аньс, чацаргана, лууван гээд С амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Бид нэг зүйл дээр алдаа гаргаад байна. Юу вэ гэхээр С амин дэм халуунд тэсвэр муутай. Тэгэхэд эцэг эхчүүд хүүхдэдээ чацаргана, аньс буцалгаж өгдөг. Тэгэхээр С амин дэм нь алга болж байна гэсэн үг. Хандалж уувал илүү үр дүнтэй.  Түүнчлэн хүүхэд нь чацаргана, аньсыг сахаргүй бол ууж чаддаггүй гээд сахар хийж өгдөг. Энэ бас л алдаа. Учир нь сахар хэрэглэсэн хүүхэд өлсдөггүй. Тэгэхээр хоол хүнс идэх сонирхол төрдөггүй. Мөн их идээд байхаар тогтворгүй болдог. Бид хөдөлгөөнтэй хүүхдийг өрөмний өт шиг гэж ярьцгаадаг. Энэ нь сахартай холбоотой. Сахарыг хоол хүнснээсээ хасах шаардлагатай.  Мөн давсны хэрэглээ манай улсад маш өндөр байна. Гэтэл ДЭМБ хүн хоногт 5 грамм давс хэрэглэхийг зөвлөдөг. Харин манай улсад насанд хүрсэн хүн өдөрт 13.2 грамм давс хэрэглэж байна. Давс их хэрэглэвэл даралт ихсэх, цус харвах зэрэг сөрөг үр дагавартай.


–Ханиад томуу их байгаа энэ үед ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй вэ?


-Манайхан ханиад томууны үед сармис хэрэглэдэг. Гэхдээ сармис, сонгино хурц үнэртэй болохоор зарим хүн татгалзаад байдаг. Энэ нь хүхэрт нэгдлийн үнэр юм. Бид хоолондоо нэг хумс сармис, нэг бүтэн сонгино хийдэг. Ханиад томуу тусахгүйн тулд сармис, сонгиныг хэрэглэх хэрэгтэй. Мөн энэ хоёр хүнсний ногоо ясны сийрэгжилт болон өрөвсөл дарах үйлчилгээтэй. Тиймээс заавал ханиад томуутай үед л хэрэглэнэ гэж ойлгож болохгүй.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [202.5.196.98] 2017/01/16
Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа
Зочин [59.153.87.61] 2017/01/15
Увсаас ирсэн чацаргана хүргэлтээр зарна. 91620177
Зочин [27.123.214.94] 2017/01/13
Ene hergtei medelel bn bayrlla