Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

М.Зоригт: Монголоо тойрох аялал монголчуудын эв нэгдлийн уриа дуудлага байгаасай гэж хүссэн

Зам, тээврийн сайд асан, “Мөнхчулуун сан”-гийн тэргүүн М.Зоригттой ярилцлаа.
 
-Та Монгол орныхоо нэг ч сум, сууринг үлдээлгүй бүтнээр нь тойрох  төсөл хэрэгжүүлэхээ нийтэд зарласан. Таныг аялах дуртайг олон хүн мэддэг. Гэхдээ эх орноо бүтэн тойрох санаа яаж төрсөн юм бэ?
 
-Хэдэн сарын өмнө Өмнөд Солонгосоор дугуйгаар аяллаа. Хоёр Солонгосын хилийн заагаас урд цэг хүртэл нийт 660 км явсан. Унадаг дугуйгаар 660 туулж тухайн орныг харах боломж тохиосон. Өмнөд Солонгосын газар нутгийн хэмжээ манай Хөвсгөл аймагтай ойролцоо гэсэн. Хөвсгөл аймгийн газар нутаг дээр 58 сая хүн амьдарч байна хэмээн зүйрлэн хэлж болно. Өнөөгийн Солонгосын хөгжлийн төрх байдал үүнтэй шууд холбоотой. Гэтэл бид өргөн уудам газар нутагт 3-хан саяулаа амьдарч байна. Тэгэхэд бид хэчнээн цөөхүүлээ юм бэ гэдэг бодол орж ирсэн. Тэрнээс өмнө Чингисийн Монгол гээд бид цээжээ дэлдээд ярьдаг шиг тиймэрхүү хөөрүү бодолтой байснаа нуухгүй. Эргээд харахад бид дэлхийн талыг эзэлж явахдаа 50 мянга хүрэхгүй цэрэгтэй байсан гэдэг. Хүний олноор  биш ухаанаар, тактикаар том бодлогыг хэрэгжүүлсэн байдаг. Тэр нуль ухааны цаана харц арддаа ээлтэй байх, сахилга дэг журамтай, жанжин нь  цэрэгтэй хайртай байх гээд л энэ бүхэн эв нэгдэлтэй холбоотой. Энэ эв нэгдэл бол ухаан, бас хүч. Монгол шиг том улс энэ дэлхий дээр байхгүй юм шиг даналзаад байдаг. Яг мөн чанар, том агуулгаар харах юм бол бид хэтэрхий цөөхүүлээ. Үүнийгээ бид ойлгох ёстой гэдгийг мэдэрсэн. 
 
-Энэ аяллын амин сүнс нь эв нэгдэлд уриалан дуудах дуудлага гэж ойлгож болох уу?
 
-Энэ үзэл санааг олон түмэндээ хүргэе. Бидэнд эв нэгдэл чухал юм байна. Ядарсан нэгэндээ түшиг болоод өгдөг, мөн хайр энэрэл нь байдаг. Эв нэгдэлтэй байж улс орнуудтай энэ тэнцүү хөгжих нөхцөл бүрдэнэ. Бид олон намтай, нутаг усаараа талцдаг. Хамгийн түрүүнд эрхэмлэх зүйл бол эв нэгдэл. Чингис хааны үеийн нуль ухаан хэрэгтэй юм болов уу. Үүнийг би монголчууддаа хэлмээр санагдаад байгаа юм. 21-р зууны эхэн үеийн өнөө цагийн монголчуудын өнгө төрхийг түүхэнд авч үлдмээр байна. Мөн энэ зууны эхэн үеийн монголчуудын аж амьдралын талаар архив ухахаар гадны сурвалжтай, гадаадын хүмүүсийн авсан зураг хөрөгтэй материал олдож байна. Хойч үедээ хэрэгтэй юм үлдээх ёстой юм болов уу хэмээн Монгол орныхоо нэг ч сум, суурин газар үлдээлгүй бүтэн тойрохоор зориг шулуудсан. Төслөө “Бидний цөөхөн монголчууд” гэж нэрлэсэн. Манай төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж, ивээлдээ авахаа илэрхийлсэн. Энэ баярт мэдээ бидний хувьд том хүндэтгэл, итгэл, хариуцлага боллоо.
 
-Таны өмнөх аяллуудаас тэс өөр, том утга агуулга тээсэн төсөл болох юм байна. “Шүүдэр дундуур” киногоо хөдөөгийнхөнд үзүүлж урлагаар үйлчлэх төлөвлөгөө хэвээрээ юү?
 
-Зун  хадлан авангаа залуустай хамтарч “Шүүдэр дундуур” гэсэн сайхан уран бүтээл хийсэн. Олны таашаал хүртлээ, үзсэн хүн бүрт таалагдаж байна. Энэ киногоор өнөөдрийн нийгэмд байгаа эмзэг асуудлыг хөндөж чадсан. Мөн шийдэл, гаргалгааг нь хэлэхийг зорьсон. Уг бүтээлийг үзсэн хүмүүсийн олонх нь хоёр удаа уйлж, 4-5 удаа ойчиж тусан инээж байх шиг байна. Нэг суманд нэг хонохоор тооцвол нэг жил явна. 320-иод сумтай, суурийн газраа нэмбэл 400 гаруй болно. Улаанбаатар хотдоо ирлээ гэхэд бид бүх хороогоор явна. Ингэж бодохоор ойролцоогоор 500-600 орчим уулзалт болно. Бүтэн тойроод явахад 2-3 жилд 240 орчим мянган км замыг туулахаар байна лээ. Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгчээр миний аавын нэрэмжит хүний хөгжлийн төлөө эрхэм зорилготой “Мөнхчулуун сан” ажиллана. Энэ аяллын үр дүнд 30 гаруй ном, цомог гарна. Үүнийг “Nepko” компанитай хамтран хэрэгжүүлээр боллоо. Очсон газруудынхаа тухай 10 гаруй баримтат кино хийнэ. 400 орчим телевизийн нэвтрүүлэг шууд дамжуулан явуулах болно. Очсон газрууддаа киногоо гаргана, төслийн зорилгоо танилцууна. Асуулт байвал хариулна. Хөрөг зургууд авна. Тухайн ястан, үндэстний болон газар нутгийнх нь онцлогийг илэрхийлж чадсан ганц зүйл бол урлаг байдаг. Тухайн нутаг усны хүүхдүүд, хойч үе 100, 500 жилийн дараа үзнэ шүү дээ. Тэр үед өвөг дээдсүүд ямар байсныг илэрхийлэхүйц түвшний таван урлагийн үзүүлбэрийг сум, суурин газрууд бэлдэж байгаа. Мэргэжлийн өндөр түвшинд бичнэ. Бид шаардлагатай бүх техникийг авч явна. Мөн нутаг усныхаа талаар ярих таван хүнийг урьдчилан бэлдэж байгаа. Тухайн таван хүнээр түүх, домог яриулж бичиж авах юм. Түүнчлэн тухайн сум суурин газрын зайлшгүй дуранд буух зүйл бий. Тэр нь сургууль, цэцэрлэг, үзэсгэлэнт газрууд, нутгийн хүмүүсийн тахиж шүтдэг уул овоо, хайрхан шүтээн зэргийг буулгах юм. Аяллын туршид энэ бүгдийг  хийгээд явна гэсэн үг шүү дээ. 
 
 
 
 
-Та очиж байгаа орон нутаг, аж амьдрал, хүн ам дундаас сайн сайхныг түлхүү харъя гэж бодож байна уу. Ер нь бол бодит байдал ийм гэсэн архив авч үлдэхийг зорьж байна уу?
 
-Монголчууд билэггүй үгэнд дургүй. Зарим хүн Улаанбаатарт , эсвэл сошиол орчинд замбараагүй, цадиггүй аашилж байгаа болохоос биш монголчууд нийтээрээ тийм биш. Тиймээс бидний аяллын хальсанд муу муухай зүйл буухгүй. Гэхдээ олны анхаарлыг хандуулах ёстой бэрхшээлүүд байвал цаг тухайд нь шуурхай хүргэнэ. Саяхан цас зудтай аймаг руу яваад ирлээ. Энэ төслийнхөө бэлтгэл ажлын хүрээнд тухайн байдалд тулгарсан үйл явдлыг бид хальсандаа буулгаж олон нийтэд анхлан хүргэлээ. Одоо Налайхын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тусгай ор, техник хэрэгтэй байна гэсэн. Бид өмнө нь шатрын их мастер А.Энхтуултай Зайсан толгойд нэгэн зэрэг шатрын тоглолт хийлгэсэн. 95 хүнтэй зэрэг тоглосон тоглолт 6 цаг үргэлжилсэн. Энэ үйл явдал дээр цуглуулсан хандивыг гардуулж өгнө. Мэдээж тойрч яваа учир магадгүй олны хүртээл болох ёстой асуудлыг олон нийтэд хүргэнэ. 
 
-Монгол орныг тойрсон хүмүүс цөөн биш. Гэхдээ яг ийм далайцтай, цогц байдлаар төсөл хэрэгжүүлж байсан түүх байдаг болов уу?
 
-Байлгүй яахав. Манай залуучуудын оролцоотойгоор одоо ч үргэлжилж байгаа “Хүрээлэн” гээд төсөл байна. Бидний аяллын онцлог нь хүн рүүгээ чиглэж байгаа. Өнөө цагийн монгол хүн малаа мотоциклтой хариулаад байна уу, морьтой хариулаад байна уу гэдгийг харуулна. Хүн дээр төлөвлөрснөөрөө бусад төслөөс онцлогтой. 
 
-Гарааны цэгээ тодорхойлсон уу. Нууц биш бол маршрутаа яаж зохиосон бэ?
 
-Эх орноо нар зөв тойрно доо. Бид шинийн 15-нд буюу шинэ цаг тооллын 3 сарын 13-ны өдөр морин цагт зүүн тийшээ гаръя гэж шийдээд байгаа. Тэрнээс наана миний аав, ээжийн хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, мөн л наран ургах зүгт байрлах Налайх хот бий. Аавын минь нэрээр овоглосон сан энэ төслийг хэрэгжүүлж байгаа учир тэр цэгээс эхлэх ёстой юм болов уу гэж бодоод Налайх дүүрэгт төслийнхөө бүх арга хэмжээг энэ сарын 18-нд хийхээр товлоод байгаа. Налайх дүүргийн удирдлагуудтай уулзахад дэмжсэн. Налайхад хэрэгжүүлснээрээ Монгол орон даяар энэ төслийнхөө загварыг харуулахаар хийнэ. Мөн уг арга хэмжээнээс гарсан зураг, видео, нэвтрүүлгийн сурвалжлагаа олон нийтэд хүргэх юм. 
 
–Та бүх сум суурин газар хүрнэ. Мэдээж төслийн багийнхан тодорхой төлөвлөгөөтэй очно. Таны зүгээс орон нутгаас авах дэмжлэг юу байна. Энэ тал дээр тооцсон зүйл байгаа байх? 
 
-Сая Налайхынхантай уулзахад төслийн ач холбогдлыг ойлгосон. Мөн урлагийн үзүүлбэр гэхээр уртын дуунаас эхлээд домбор казах дуу эгшиглэсэн. Урлагийн номерт нэлээн ач холбогдол өгсөн. Түүнчлэн аж амьдралыг харуулахын тулд аж ахуйн нэгж, байгууллагуудад оруулах сонирхолтой байна гээд жагсаалт гаргаад бэлдсэн байсан. Иргэдийнхээ амьдралыг харуулахын тулд нэлээн олон айлаар оруулах төлөвлөгөө бэлдэж байх шиг байна. Үүгээр ч зогсохгүй Налайхын түүхээ яриулах тал дээр ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа. Бүх сум ийм хандлагатай байна байх.. 
 
-Би яг танаас асуух гэж байлаа. Энэ аяллаас янз бүрийн контент гарна. Тэгэхээр “National geographic” мэтийн дэлхийн улс орнуудын зан заншил, байгалийн тогтоц, ан амьтныг дагнан үзүүлдэг олон суваг бий. Дэлхий дахинаар үздэг томоохон сувгууд руу нийтлэл, нэвтрүүлгээ гаргах санаа бий юү?
 
-Санаа байна. Бидний төслийн үр дүнд 30 орчим бүтээл гарна гэж хэлсэн. Уг бүтээлийн тэн хагас нь гадаад зах зээлд зориулагдаж байгаа. Тэр нь монгол орноо сурталчлах том арга хэмжээ болно. Гадаадад  эх орноо сурталчлах, таниулахыг эрмэлзэж байна. Дэлхийн улс орон биднийг Чингисийн Монгол гэж хардаг. Сүүлийн жилүүдэд уул уурхайтай, байгалийн баялагтай гэж хардаг болоод байна. Сайхан сэтгэлтэй, зочломтгой ард түмэн гэдгийг харуулах хүсэл байна. Түүнчлэн бидний бүтээлийг үзснээр дотоодын аялал жуулчлал ч хөгжих боломжтой. Тэр болгон хүмүүсийн мэдээд байдаггүй байгалийн үзэсгэлэнт газрууд зэрэг олон боломжийг нээж өгнө. Сум болгон хүмүүст үзүүлчих өвөрмөц уламжлалтай, байгалийн тогтоцтой. Тэр бүх зүйлийг олон нийтэд хүргэхээр дотоодын аялал жуулчлалын урсгалд идэвхжүүлэлт болно гэж би харж байгаа. 
 
 
 
-Манай улс том газар нутагтай. Аялал хийж байгаа хүмүүст нэлээн хүнд. Танай баг хэр өргөн бүрэлдэхүүнтэй вэ. Аюулгүй байдлыг яаж анхаарч байна вэ?
 
-Арваад хүний бүрэлдэхүүнтэй явна. Чиглэлүүдэд өөрчлөлт орж магадгүй. Жишээлбэл, зүүн чиглэлд хэвлэл мэдээллийн баг явлаа гэхэд өмнө зүг рүү өөр бүрэлдэхүүн гэх мэтчилэн солигдоод явна. Мөн явцын дунд хүмүүс солигдох гэх мэт өөрчлөлт гарч магадгүй. Гэхдээ төслийн агуулга, зорилтыг биелүүлэх чадамжтай баг явна. Уул хадтай, шавартай, устай газар явах учраас машинуудаа тусгай тоноглол суурилуулаад дуусаж байна. Мөн  тусгай зориулалтын хоёр чиргүүл хийсэн. Монгол залуус чиргүүл хийж өглөө. 
 
- Машины чиргүүл гэхээр бид ачаа ачдаг чиргүүл гэж ойлгоод байдаг. Танай чиргүүлийг Монгол орны замын онцлогт тохируулан бүтээсэн гэж сонссон?
 
-Засмал зам болон шороон замтай газраар явахад машиндаа ч, бидэнд ч тээг болохооргүй техникийн үзүүлэлт маш сайн хангасан чиргүүл болж байгаа. Мөн хөдөө аялж яваад хаана ч хонолоо гэхэд татахад гал тогоо гараад ирдэг, газан плиткад холбоод байх шаардлагагүй. Аяга тавгаа угаах угаалтууртай. Халуун хүйтэн устай. Бид 30 орчим камертай явна. Тэр бүгдийн баттерейг цэнэглэж явах асуудал байдаг. Тэгвэл ямар ч үед 24 цаг цэнэглээд явах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Энэ нь цахилгааны болон нарны эх үүсвэр юм. Хээр хоноход дээврээс нь татахад майхан хялбар аргаар босдог. Түүнчлэн доторх хэмжээ нь том. 
 
-Та улс төрд нэлээн идэвхтэй байсан хүн шүү дээ. Засгийн газрын болон УИХ-ын гишүүн байсан. Таны гэр бүл найз нөхөд юу гэж байна. Та 3 жил гэртээ байхгүй байх бололтой. Ойр дотны хүмүүс тань яаж хүлээж авсан бэ?
 
–Эхлээд хэлэхэд шоконд орсон. Сүүлдээ машинаа хотод ирж үйлчилгээнд оруулахаас эхлэн хотоор зайлшгүй өнгөрөх шаардлага гарна. Миний хань аялал жуулчлалын мэргэжилтэй. АНУ-ын Нью-Йорк хотын урдаа барьдаг сургуульд аялал жуулчлалын чиглэлээр магистар хамгаалсан. Аялал жуулчлалын салбарынхан манай эхнэрийг андахгүй дээ. Манай төслийн гадаад харилцааг хариуцан ажиллаж байна. Мөн  зарим чиглэлд нь өөрөө надтай хамт явна гэж байгаа. Тэгэхээр аяллын хугацаанд нэг нь салаад урт хугацаагаар явах биш магадгүй хань бид хоёрыг илүү ойртуулж мэдэх юм шүү.
 
–Телевизийн нэвтрүүлгүүд аялал 100 хувь дууссаны дараа гарч эхлэх үү? 
 
-Очсон сум суурин газрын тухай бүр баримтат кино, нэвтрүүлэг хийнэ. Тэр бол бидний аялалтай зэрэгцэж гаргана. Бид www.khadlan.mn гэсэн вэб сайт ажиллуулна. Энэ төсөлд “UB info” хамтран ажиллаж байгаа. Томоохон нэр хүндтэй аялагчид яаж олны санал зөвлөгөөг авдаг байсан талаар судлаж байгаад иргэддээ мэдээллээ шуурхай хүргэнэ. “UB info”-гийн залуус www.khadlan.mn сайтыг хөгжүүлэлтийг хариуцаж байгаа. Сонирхогч, уншигчдад хялбар байх шийдлээр хийж өгч байна. Тэр вэб сайтаар дамжуулан иргэдтэй холбоотой байна. Аль ч сум, сууринд байсан хүмүүсийн санал, зөвлөмжийг авна. Бидэн шиг аялах сонирхолтой иргэд байвал сайт руу ороод намайг ямар хувцас өмсдөг, ямар зургийн аппараттай, ямар үзэгтэй гэх мэт зүйлийг харж болно. Хүсвэл шууд худалдаад авах онлайн худалдааг нээнэ.
 
-Монгол орноо бүтнээр нь тойрох төслийг бизнесийн байгууллага сонирхох магадлалтай. Яагаад гэвэл бүх сум суурин газарт бүтээгдэхүүнээ таниулах боломж гэж харж магадгүй. Хэрэв ийм санал тавьбал яаж хүлээж авах вэ?
 
-Дуртай хүлээж авна. Бид хоёрын ярилцлагаар дамжуулж анх удаа энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүмүүст хүрэх гэж байх шиг байна. 2017 оны нэгдүгээр сарын 18-нд Налайхад хийх арга хэмжээн дээр очвол илүү мэдээлэл авах боломжтой. Тэгэхээр хамтрах хүсэлтэй байгууллагууд холбогдоно гэж найдаж байгаа. Монголчуудын ахуйд зохицсон бараа материал, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дуртай хүргэнэ. Бидний үйл ажиллагааг мэдсэн хүмүүс хандив өгмөөр байна гэх болсон. Хэрвээ хандив өгвөл бид тухай бүрт нь тайлагнаад явна. Зөвхөн хөдөө сумдад уулзаад яваад байна гэж ойлгож болохгүй. Бид цаг минут тутам хэвлэл мэдээллийн бүх сувгаар дамжуулаад мэдээллээ хүргэнэ. Сайтуудын болон Телевизүүдын холбоо хэвлэл мэдээллийн хамтрагчид болж байгаа.
 
 
 
 
-Улс төрд байсан болон одоо байгаа зарим хүн олон нийт рүү чиглэсэн нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллах тохиолдол байдаг. Та энэ аяллын явцад хийх гэж буй нэвтрүүлгүүдэд хөтлөгчийн ч юмуу ямар нэг үүрэг хүлээж байгаа юу?
 
-Яг тэр тухай айхтар бодож төлөвлөөгүй байна. Би хувьдаа хөтлөгч болгоосой гэж хүсээд байгаа. Би өөрийгөө яриад явж чадна гэж боддог. Гэхдээ нэвтрүүлэг болгонд ажиллана гэвэл хүрэлцэхгүй ч байж магадгүй. Энэ төслөө бүхэлд нь удирдаж явах учраас ачааллаа зөв хуваарилахгүй бол болохгүй. Би чадна гээд өөрийн толгойн дээр бүх асуудлаа тавьбал төсөл суучихаж магадгүй. Нэг суманд юм уу нэг аймагт дайраад өнгөрнө гэж байдаггүй юм байна. Жишээлбэл, бид зүүн чигт гарч байгаа ч гэсэн өвөл цагт хаана зураг авч болох уу, зуны улиралд хаана очиж зургаа авах уу гээд бодох шаардлагатай асуудлууд байдаг юм байна. Дахин дахин очих газрууд зөндөө бий. Бид баруун аймаг руу зуны цагт очно гэж төлөвлөж байгаа. Тухайлбал, бүргэдийн ан казах түмний өв соёл бий. Бүргэд тэжээнэ гэдэг хурдан морь уяхтай бараг л адилхан юм байна лээ. Бид нар саяхан Баян-Өлгий рүү явж бүргэдийн ангийн зураг авсан. Ирэх сарын 5-нд дахиад явах гэж байна. Тэгэхээр нэг газраа 2-3 дахин очиж байж санасандаа хүртэл зургаа авах юм. Бид удахгүй Төв аймгийн Эрдэнэсантаас цаашаа айл руу явна. Удахгүй Цагаан сар болох гэж байна. Тэгэхээр битүүний орой болон шинийн нэгний өглөө юу болдог талаар эсвэл малчин гэрийн эзэгтэйн өдөр тутамдаа ямар ажил хийдэг талаар зураг авалтыг төсөл эхлээгүй ч гэсэн авч байгаа. 
 
-Монголын төр аялал жуулчлах салбарыг тэргүүлэх бодлого явж байгаа. Танай энэ төслийг хэрэгжүүлэх явцад гадаадын жуулчид болон бүлэг хүн, аялал жуулчлалын хүмүүс хамтрах санал тавьбал нээлттэй юү?
 
-Би Боловсролын яам, Зам тээврийн яам болон БОАЖ-ын сайд, холбогдох албаны хүмсүүстэй уулзсан. Та нарт биднээр хийлгэх ажил, захих даалгавар юу байна, бодож байгаад хэлээрэй гэсэн байгаа. Бидний аялал аль аль яамных нь зүгээс харахад үр өгөөжтэй л байх ёстой.
 
Б.Түвшинтөгс
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (15)
Зочин [66.181.177.188] 2017/03/02
Saikhan medee bna. Yaj ene tusuld hamragdah ve. Yag minii jinhene hobby baina daa. Bi zaaval ormoor baina. Tuslaarai.
Зочин [103.26.194.5] 2017/02/20
Mundag hun
Зочин [43.242.243.104] 2017/01/17
Ene aylald oroltsoj boloh uu
Зочин [122.201.26.13] 2017/04/07
энэ аялал хэзээ эхлэх вэ? Ямар утсанд холбогдох вэ
Зочин [27.123.214.126] 2017/01/15
Нийтлэлд гарсан хадлан киноны зураг дээрхи гол дүрийн залуугаас бусад нь шүд байна уу засаг шүд үү ха ха ха
Зочин [184.99.248.84] 2017/01/15
хэнтийд цохьсон хуухнийхээ зургийг тавиарай ах
Зочин [43.242.243.104] 2017/01/17
Chi bolildoo sda. Uuruu huuhen tsohidguimshig zan gargaad
Зочин [103.26.195.49] 2017/01/15
Ха ха
Зочин [202.9.40.169] 2017/01/14
amjilt hysie dee
Зочин [43.242.243.68] 2017/01/14
ТАНД АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ. САНАСАН БҮХЭН ТАНЬ СЭТГЭЛЧЛЭН БҮТЭЖ САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, БУЯН ХИШИГ ТАНЬ БУСДЫНХТАЙ ХАМТ БУДАА ТАРИА ШИГ АРВИЖИХ БОЛТУГАЙ.
Зочин [43.242.243.104] 2017/01/14
Saihan zorgooroo hobbygooroo yavj chaddag mundag hun shuu
Зочин [103.229.123.206] 2017/01/14
ерөнкийлөкчийн цонгуулд өрцөлдөк гээд байгаа юм бишийн бичүү дээ
Зочин [150.129.143.34] 2017/02/08
HAzgAI helt bndaa jinhene
Зочин [202.9.40.61] 2017/01/14
Elbegee durakiin orond eh oron ard tumnee gesen iiim hun baival
Зочин [202.21.99.42] 2018/05/12
hush hobsh min