Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

О.Сэргэлэн: Дэглэмээ бариад явбал өөр хүний элгээр насан туршдаа амьдрах боломжтой

Монгол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Тодруулбал, хавдрын нас баралтын 44 хувийг элэгний хорт хавдар эзлэх болжээ. Мөн элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийн дунджаас 6 дахин өндөр байгаа аж. Элэгний хорт хавдартай тэмцэх хамгийн сүүлчийн гол найдвар бол элэг шилжүүлэн суулгах хагалгаа байдаг. Тийм ч учраас олон хүн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд итгэл найдвараа тээж байна. Энэ талаар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, ШУ-ны доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцлаа.


–Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох бол ойролцоогоор хэдэн төгрөг болох вэ?


–Элэг шилжүүлэн суулгах хагалгааны төлбөр 85 сая байдаг. Гэхдээ валютын өсөлтөөс шалтгаалаад одоогоор 102 сая төгрөгөөр хагалгаа хийж байгаа.


-Донорын элэгний 60-75 хувийг авдаг гэсэн. Энэ үнэн үү. Мөн донорын элэг буцаад хэр хурдан төлждөг вэ?


–Донор болж байгаа хүний элэгний 66 хувийг авдаг. Мөн донорын элэг 3 сарын дотор 80 хувь хүртэл төлждөг. Жилийн дараа гэхэд бүрэн төлждөг юм.


–Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүний элгийг бүтнээр солих уу. Эсвэл тодорхой хэмжээг солих уу?


–Муу элэгийг бүтнээр авдаг. Харин хамгийн сүүлд элэгний хагалгаанд орсон хүнд  донорын 35 хувийг шилжүүлэн суулгасан. Яагаад гэвэл донорын элэгний хэмжээ том, харин элэг шилжүүлэх хүний элэгний хэмжээ бага байсан учраас зөвхөн зүүн талыг нь сольсон. Тэгэхээр тухайн хүний бие болон элэгний хэмжээнээс хамаараад хэдэн хувийг нь солих уу гэсэн тусгай аргачлалаар бодож гаргадаг.


–Өөр хүний элгийг шилжүүлж суулгаж байгаа учраас тухай хүний биед дасахдаа хэр удах вэ?


-Элэг дасан зохицохдоо маш хэцүү. Бид үйл ажиллагааг нь зохицуулахын тулд дархлаа дарангуйлал болон бусад зүйлсийг хийж байна. Яагаад гэвэл элэг муутай хүний зөвхөн элэг муу байдаггүй. Машины эд анги нэг хэсэг нь муудахаар бусад нь дагаад мууддагтай адил хэрэг юм. Элэг нь муудвал зүрх, уушиг, бөөр болон цусны бүлэгнэлт нь мууддаг. Маш сайн дархлааг нь дарангуйлж өгөхгүй бол элэг хатуурдаг. Өөрөөр хэлбэл ажиллагаагүй болж байна гэсэн үг. Тэгэхээр дархлааг дарангуйлах эмээ бас нарийн графикаар өгөх шаардлагатай. Тухайлбал, өдөр бүрийн тунгаа үзэж зохицолгоо хийнэ. Түүнчлэн элэг нь муудаад зогсохгүй бусад эрхтний үйл ажиллагаа муудсан үед хагалгааны дараа улам дордчих гээд байдаг. Тийм учраас тухайн өвчтнийг өдөр бүр хянаж уух ёстой эмийг нь өгнө. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа элэг болон ходоод тайрах хагалгаанаас тэс өөр зүйл. Маш нарийн тохиргоо, 24 цагийн хяналт шаардлагатай. Иймээс манай багийнхан 24 цагаар ээлжлэн ажилладаг. Зөвхөн цусны гео химийн шинжилгээ гэхэд 30 орчим үзүүлэлтээр өдөрт дөрвөн удаа авна. Өглөө бүр бид хурал дээрээ тухайн өвчтөнд ямар эмчилгээ шаардлагатай байгааг ярилцаж шийддэг.


-Элэг шилжүүлж байгаа донорын хувьд эрсдэл хэр өндөр байдаг вэ?


-Эрсдэл өндөр байдаг. Яагаад вэ гэвэл элэг тайрна гэдэг их том хагалгаа. Өнөөдрийн байдлаар 31 донор бүгд эсэн мэнд байна. Гэхдээ дэлхийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 0,1-0,2 хувийн хүндрэлтэй гэж байдаг.


-Донор болсон хүн ямар гам барих шаардлагатай вэ?


–Том хагалгаанд орсон учраас эхний гурван сардаа биеийн байдлаа хянах хэрэгтэй. Шарсан хуурсан хоол хүнс болон халуун ногоо хэрэглэхгүй байх. Мөн архи болон согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй.


–Элэг юунаас болж өвддөг вэ. Ямар үед хагалгаанд орох вэ?


–Элэг бол хүний бие организмын цэвэршүүлэх байгууламж. Тэгэхээр хүн хэдий хэр чинээ хортой зүйл хэрэглэнэ төдий чинээ элэг муудна. Мөн манай улсын хувьд элэгийг өвчлүүлж байгаа зүйл бол В, С вирүс байна. Элэгний эмгэг эцсийн шатандаа орсон тохиолдолд хагалгаанд оруулдаг. Элэгний эсийн 20-30 хувь нь хэвийн ажиллаж байвал элэг шилжүүлэн суулгахгүй.


–Элэг өвчилвөл хамгийн түрүүнд аль эрхтэнд нөлөөлдөг вэ. Хэдэн үе шатлалтай байдаг вэ?


–Хамгийн эхэнд цөсний солилцоо алдагдана. Цөсний солилцоо алдагдахаар хоол боловсруулалт доголдож эхэлнэ. Хоол боловсруулах эрхтэн болон элэг муудахаар хүний биенээс хор нь гадагшилж чадахгүй. Тэгэхээр хүний биеэр хор тархана. Түүнчлэн тархины үйл ажиллагааг ч муутгана. Элэгний вирусийн халдвар авах эхний үе байна. Дараагаар нь элэгний вирусийн халдвараар өвчлөх үе бий. Элэгний өвчлөл даамжраад үе буюу дасан зохицлын үе гэж байдаг. Хамгийн сүүлд ээнэгшил алдагддаг.


-Элгээ өвчилж байгаа эсэхийг анзаарахад хэцүү. Учир нь дүлий эрхтэн болохоор өвдөж байгаа нь мэдэгдэхгүй. Тэгэхээр элэг өвчилж байгаагаа яаж мэдэх вэ. Ямар шинж тэмдэг илрэх үү?


–Эрүүл мэнддээ анхаардаггүй иргэд элэгний хатуурал болсон үедээ эмнэлэгт ханддаг. Уг нь элэгний архаг өрөвсөлтэй байх үед нь эмчилвэл хүндрээд байхгүй. Хамгийн түрүүнд ямар ч шалтгаангүй ядрах шинж тэмдэг илэрнэ. Жилд хоёр удаа  шинжилгээнд хамрагдвал энэ өвчлөлөөс сэргийлж чадна.


-Зарим тохиолдолд хүмүүс элэг болон ходоод юм уу хавсарсан хавдраар өвчилдөг. Тэгэхээр энэ үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?


-Эрт үедээ оношлуулсан бол хамгийн найдвартай арга хагалгаа байдаг. Харин хагалгаанд орох боломжгүй бол тусгай химийн болон өөр эмчилгээний аргууд бий.


-Танай эмнэлгийн хувьд 32 хүнд элэг шилжүүлэх хагалгаа хийсэн. Тэгвэл тэдгээр иргэдийн насны ангилалаар авч үзвэл?


–50-60 хувь нь 30-50 насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс байсан. Бид 61 настай 2 иргэн, 2 настай нэг болон 4 настай нэг хүүхдэд хагалгаа хийсэн байгаа. Бусад нь эд залуу насандаа элэгний өвчлөлт өртөөд хагалгаанд орсон хүмүүс байв.


-Хөдөө орон нутгаас ирж хагалгаанд орох иргэд хэр их байгаа вэ?


-Увс аймгаас хоёр хүн, Өвөрхангай аймгаас нэг хүн ирсэн.


–Гадаад руу явж хагалгаанд орсон хүмүүсийн тоо 300 гаруй болсон. Яагаад улсдаа хагалгаанд ордоггүй юм бол. Ихэвчлэн аль улс руу хагалгаанд орохоор явдаг вэ?


-Нэг талаасаа хаана эмчлэх нь тухайн хүний эрхийн асуудал. Харин нөгөө талаасаа манайхан гадаадыг шүтдэг сэтгэхүйтэй. Заримдаа бидний хүчин чадлаас хамаараад гадаад руу явах тохиолдол байна. Энэтхэг улс руу ихэнхдээ явж байна. Гэтэл Энэтхэг улс вирусийг нь эмчилгээг хийдэггүй. Зөвхөн элгийг солих хагалгааг хийдэг. Тэгэхээр цусанд байгаа вирус нь шинээр солиулсан элгэнд нөлөөлнө. Элгэнд сөргөөр нөлөөлснөөр шилжүүлэн суулгасан элэгний үйл ажиллагаанд доголдол үүсэх магадлалтай. Солонгос, Сингапур явна. Зарим тохиолдолд европын орон руу явдаг.


–Элэг шилжүүлэн суулгаснаар хэдэн жил амьдрах вэ?


-Дэглэмээ сайн бариад эмээ уугаад явбал насан туршдаа өөр хүний элгээр амьдрах боломжтой.


-Элэгний С вирусний эмний үнийг хөнгөлсөн. Харин В вирусний хувьд эм нь хэдэн төрөгийн үнэтэй байдаг вэ?


–Хипафик гэдэг В вирусын эсрэг тариа бий. Муу элэгийг нь аваад шууд тарьдаг. Хагалгаанд орж байх үед нь 10 ширхэгийг хийдэг. Эхний долоо хоногт 80 ширхэгийг хийнэ. Нэг ширхэг нь 350 доллараар бодоход 40 гаруй сая төгрөг нь тарианд зарцуулагддаг.

 

Н.Номин

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)