Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Валютын ханш тогтворжих хандлагатай болжээ

Төв банкнаас сар бүр сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл хүргэж байхаар болсон. Тэгвэл энэ сарын ээлжит мэдээллийг өнөөдөр хийлээ. Уг хуралд Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл, Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд, Зах зээлийн дотоод зах зээлийн хэлтсийн захирал Б.Батбаатар, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан  нар оролцлоо.


Мэдээллийн эхэнд Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл 2016 оны статистик тойм мэдээллийг хүргэв. Монголбанкнаас 2016 онд 189 сая ам.доллартай тэнцэх хэмжээний валют арилжаалсан байна. Ийм хэмжээний валют зах зээлд нийлүүлсэн ч  ам.долларын сарын дундаж ханш 2482 төгрөгтэй тэнцэж жилийн дотор 24,4 хувиар өсчээ.

 

Цаашид хэрхэх талаар хэлтсийн  захирал Б.Батбаатар “Долларын ханш өнгөрсөн онд сулрах хандлага ажиглагдаж байсан. Харин он гарснаар тогтвортой байх хандлагатай болсон. Энэ оны мөнгөний бодлогод валютын ханшны дотоод бодлого, дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг тусгасан байгаа. Энэ хүрээнд нэгдсэн ажлын хэсэг байгууллаа. Ажил судалгааны шатанд явж байна. Ингэснээр валютын захын эрэлт нийлүүлэлтийг хангах зэрэг үйл ажиллагааг шийдэх боломжтой. Мөн валютын савалгаа, хөөрөх эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна” гэв.


Ипотекийн зээлээс сардаа 20 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт бий болдог аж. Өнгөрсөн сарын байдлаар 1226 иргэн уг зээлэнд хамрагджээ.  Өнөөдөр нийт хадгаламжийн хэмжээ 9 их наяд  139 тэрбум байгаа. Мөн  2 сая 854 хадгаламж эзэмшигч байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)