Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дэлхийн радиогийн өдөр тохиож байна

ЮНЕСКО (Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага)-с жил бүрийн 2 дугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнуудад радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг байна.
 
 НҮБ-ын Ерөнхий Ассемблей нь ЮНЕСКО-с анх санаачлан гаргасан Дэлхийн Радиогийн өдрийг тэмдэглэх тухай уриалгыг 2013 оны 1 дүгээр сарын 14-ны 67 дугаар хуралдаанаараа албан ёсоор зөвшөөрч, энэхүү өдрийг жил бүрийн 2 дугаар сарын 13-нд тэмдэглэж байх шийдвэрийг анх баталж байжээ.
 
“ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр”-ийн Монголын үндэсний хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэхээр тусгасан байна.   
 
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монголын үндэсний хорооны бүрэлдэхүүний нэг гишүүний хувьд Монгол улсад Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх ажлыг дэмжиж, энэ арга хэмжээг радиогийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.
 
ЮНЕСКО-с уриалж, зохион байгуулдаг тус арга хэмжээг дэлхийн улс орнууд тэмдэглээд 6 дахь жилтэй золгож байгаа бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 13-нд тэмдэглэх Дэлхийн радиогийн өдрийг “Радио бол Таны дуу хоолой” сэдвийн хүрээнд тэмдэглэх чиглэл гарсан байна.
 
Энэ жилийн Дэлхийн радиогийн өдрийн онцлог нь ЮНЕСКО-с гаргасан чиглэлийн дагуу радиогийн үйлчилгээ эрхлэгчид олон нийт, сонсогчдынхоо  хэрэгцээ шаардлагыг сонсох, радиогийн хөтөлбөрийн бодлого, төлөвлөлтөд сонсогч олон нийт, нийгмийн янз бүрийн бүлгүүдийг илүү өргөн хүрээтэй оролцуулдаг байх, гомдол маргаан шийдвэрлэх явцыг тодорхой болгох, хөтөлбөрөө эргэн харах, олон талын үзэл бодол, дуу хоолойг өөрийн радиогоор дамжуулах боломжийг олгох, радио өргөн нэвтрүүлгийн ач холбогдлыг сурталчлан таниулахад илүү чиглэгдэх юм.
 
Монгол улсад жил бүр Дэлхийн радиогийн өдрийг зохион байгуулдаг болсноор радио нь сонсогч, олон нийтийн дуу хоолой болж, олон талт мэдээлэл, үзэл бодлыг хүргэдэг радио өргөн нэвтрүүлгийн зөв хөгжлийг дэмжих, радиогийн үнэ цэнийг сурталчлан таниулах, тулгарч буй асуудал, хөгжлийн чиг хандлагаа жил бүр хэлэлцдэг байх таатай боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзэж байна.
 
Тус хорооны зүгээс Дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан 2017 оны 2 дугаар сарын 13–ны өдрийн 09:30 минутад Харилцаа холбооны зохицуулах хорооны 12 давхрын хурлын зааланд “ Радио бол Таны дуу хоолой” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулах тул та бүхэн идэвхтэй оролцоно уу.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)