Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

М.Зоригт: Бид цөөхүүлээ гэдгээ мэдэрвэл нэг ч гэсэн хүн ямар үнэ цэнэтэй болохыг ойлгох болно

Гишүүн бас сайд байсан М.Зоригт зурагчин болсон гэдэгтэй одоо  хэн бүхэн эвлэрээ биз. Сайдын ажлаа хийж байхдаа хүзүүнээсээ аппаратаа салгаагүй гэх шүүмжлэл бараг мартагдаж.
 
Харин М.Зоригтын энэ хобби , хобби төдий зүйл байгаагүй юм  байна гэдгийг бид түүний санаачилж эхлүүлсэн “Бидний цөөхөн монголчууд” төслөөс харж болохоор.  Төслийн танилцуулгаас “Бидний цөөхөн монголчууд” төсөл 3 жилийн хугацаанд Монгол орны нэг ч сум суурин үлдээлгүй аялж, 21-р зууны монголчуудын ахуй амьдрал, зан заншил, өв уламжлалыг гэрэл зураг болон дүрс бичлэгт буулган үлдээж, нийт 12баримтат кино, 30 гаруй ном, 800 гаруй тв нэвтрүүлэг бэлтгэн хүргэнэ” гэдгийг ойлгож болох ч, маш их , бүр нүсэр ажил учраас яаж ард нь гарахаар төлөвлөж байгаа, ер нь яагаад үүнийг хийх болов гэх олон асуулт миний сонирхлыг татаж байлаа. Тэгээд, М.Зоригтыг Баян-Өлгий аймгаас дөнгөж ирээд байхад нь бид уулзсан юм. 
 
-“Бидний цөөхөн монголчууд” төсөл Налайхд нээлтээ хийснээс хойш анхны аялал энэ болов уу?
 
-“Бидний цөөхөн монголчууд” төслийн анхны аялал 3 сарын 1-ээс хоймор нутаг Хөвсгөлөөс эхлэхээр бэлтгэлээ хангаж байна. Бид монгол орныхоо бүх сум суурин газруудаар явж фото болон видео архив хийхээр зэхэж байгаа. Энэ зундаа багтаагаад баруун аймгуудаар тойрчих болов уу гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэвч зарим зүйл цаг хугацааны хувьд бидний төлөвлөснөөс өөрөөр байх тохиолдол байна. Жишээлбэл, тэмээний уралдаан , бүргэдийн ан  гэх мэт уламжлалт арга хэмжээнүүд зуны цагт болдоггүй зөвхөн өвлийн цагт болдог. Тийм болохоор зун болдоггүй эдгээр уламжлал, зан заншлыг өвлийн цагт нь зураглаад үлдээх бодол байсан. Тэгээд Баян-Өлгийд бүргэдийн анг зохион байгуулж зураг авчихаад ирлээ. Энэ өвөл бидний барьж авсан өөр нэг сэдэв бол, өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малчид маань хэрхэн давж туулж байгааг дуранд буулгасан. Энэ жил нэлээн газраар цас зудын байдалтай, малчид маань багагүй сандарсан шүү дээ. 
 
-Баян-Өлгийд авсан зургуудыг чинь харахад аялал жуулчлалын нэлээн том эвэнт дээр очиж дээ гэж харагдахаар байсан. Гэтэл  Та зохион байгуулчихсан юм байна тийм үү?
 
-Манай төслийн олон үр дүнгийн нэг нь дотоодын аялал жуулчлалыг нэлээн идэвхижүүлж өгөх байх гэж би харж байгаа. Бүргэдийн ан бол зүгээр гарч очоод таарчихдаг зүйл биш. 
 
 
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумыхан бидэнд хүсэлт тавьсан байсан юм. Тэд “Цаст Цамбагарав хайрханыхаабэлд нэг ийм арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй явдаг” гэдгээ бидэнд илэрхийлсэн.  Тэгээд бид орон нутгийн удирдлага, ард иргэдтэй  ганц бүргэдийн ан гэлтгүй урианхайн сур харваа гэх мэт архивлаж авч үлдээх ёстой өөр бусад зан үйлийг энэ үеэр зохион байгуулах  талаар ч мөн урьдчилан ярилцаж тохирсон. Ингээд бид аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй, өөрсдөө аялах хоббитой хэсэг залуусын оролцоотойгоор зохион байгууллаа.  Оролцсон, ирж сонирхсон иргэд  энэ арга хэмжээгээ уламжлалт болгоё, жил бүр хийх хэрэгтэй юм байна гэж бидэнд маш их хэлж байсан учраас энэ чинь цаашдаа гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татсан сонирхолтой нэг үйл явдал болж чадах юм байна гэдэг итгэл төрсөн гэх үү дээ. Тэгээд энэ тохироогоо  албан ёсоор хийчихээд ирлээ. Цаашдаа Цамбагарав уулын бэлд бүргэдийн анг жил бүр уламжлал болгон хийхээр тохирсон. Энэ жил  нутгийн болоод зэргэлдээ Увс, Ховд аймгуудаас 500 гаруй хүн, 200 орчим машин, гадаадын 4-5 орны жуулчид ирсэн. Анхных гэхэд ийм байна шүү дээ. Дараа жилээс энэ тоо нэмэгдэх байх.
 
-Бусад газар харж болох бүргэдийн ангаас өөр гэж үү?
 
-Бүргэдийн ан үнэхээр дэлхийн жуулчдыг татаж болох нэг гох дэгээ мөн. Бүргэдчин охины тухай баримтат кино өнөөдөр яаж үнэлэгдэж байна гэдэг бол нэг жишээ. Гэтэл бид бүргэдийн ангяг агуулгаар нь сонирхогч хүмүүст хүргэж чадаж байна уу гэдэг асуулт бий. Баян-Өлгий бол олон үндэстэн ястны  нутаг, олон ёс заншилын өлгий. Тэнд сайхан хадгалагдаад , уламжлагдаад явж байгаа ёс заншил маш их бий. Жишээлбэл, урианхай сур, шагайн харваа өвлөгдөөд маш сайхан дэлгэрч байна. Биднийг урианхай сур харвааны тэмцээн зохион байгуулахад зэргэлдээ  Ховд, Увсаас ирж оролцож байна.  Гэтэл нөгөө талаар сэргээж, эсвэл шинээр үүсгэх болох зүйлс ч байна.  Үүний нэг нь тэмээний уралдаан. Саяны арга хэмжээний үеэр бид тэмээчидтэй ярилцаад сууж байхад тэмээний уралдааныг жил бүрхийж болох юм байна гэсэн санаа төрсөн. Баруун аймгийн тэмээчид хаа байсан говь руу тэмээгээ аваад уралдахаар явах хэцүү шүү дээ. 
 
Ер нь дэлхийн казах түмний уламжлалт амьдрал ахуй яг “оригоороо” үлдсэн ганц өлгий нь манай монгол, Баян-Өлгий аймаг юм. Дэлхийн олон газар казахууд амьдарч байгаа ч тухайн улс орныхоо соёл руу нэлээн уусч нэвтэрсэн. Казахстанд оросжих, шинжаан уйгурт хятаджих гэх мэт. Яг нүүдэлчдийн соёл гээд гүүгл дээр юм уу, аялал жуулчлалын сайтуудаас хайхаар манай Баян-Өлгий л гардаг. Жуулчид нүүдэлчдийн ёс заншил харах гэж юм уу, бүргэдийн ан үзэх гэж Казахстан явдаггүй л байхгүй юу. Айшолпан охиныг дэлхийн зарим хэвлэлээр казахстан гээд хэлчихсэн гэж сонсогдсон, тийм байлаа ч тэр нь жуулчдын сонголтод нэг их нөлөөлөхгүй. 
 
Сүүлийн үед хүнээ дагаад, зах зээлээ дагаад Улаанбаатар хотын ойр орчим , мөн Баян-Өлгийн төвд бүргэдийн баяр гэж хийж байна. Тэр нь үзүүлэн маягтай, театрчилсан тоглолт маркийн гэхүү дээ. Харин бидний зохион байгуулсан ан бол бүх юм нь амьд. Яг бүргэдийн хурд хүчийг шалгах орон зайд, чихмэл биш жинхэнэ ав авласнаараа онцлог. 30 орчим бүргэд оролцсон.
 
 
 
-Бүх юм нь амьд ан болсон гэж та хэллээ шүү дээ. Яг нүдээр харахад ямар сэтгэгдэл төрдөг юм байна? 
 
-Хоёр сарын өмнө Сайран ах намайг уриад, бүргэдийн ан үзэхээр нэг очиж байсан. Одоо энэ Айшолпаны аав Нургаев гуай , өөр хэд хэдэн анчидтай бид ууланд гарсан юм. Уул руу өгсөх хэрээр салхи нэмэгдэнэ. Салхи нэмэгдэхийн хэрээр бүргэд догдолж, байж ядаж байгаа нь мэдрэгдэж байсан. Эрх чөлөөг мэдэрдэг юм шиг байгаан. Чанга дуу гаргаж гуаглаж , далавчаа дэвээд л …Хүүхэд нэг баярлахаараа цовхчоод байж яддаг даа? Яг тэрэн шиг.  Тэгээд  ангаа  барихаар дайрах тэр их эрч хүч, шунал, яг барьж байх үеийн ур чадвар зориг - үүнийг хажуунаас нь анх харахад үгээр илэрхийлэмгүй гайхалтай санагддаг юм билээ.
 
- Би ч Чингисийн хүрээнд болдог бүргэдийн баярт очиж байсан л даа. Гэхдээ Та намайг жинхэнэ бүргэдийн ан үзэхээр  Баян-Өлгий явах хүсэл төрүүлчихлээ. Гэтэл тийшээ чинь үнэтэй шүү дээ. Та зам тээврийн салбарын сайд байсан хүн, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ложистикийн асуудлаа шийдэж, хамгийн хямд хувилбар бүхий бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэгтэй санал нийлэх үү?
 
- Бид нар 5 дахь өдөр яваад, бүтэн сайн өдөр ирсэн. 3 өдрийн арга хэмжээнд нэг хүнээс 700 орчим мянган төгрөгийн зардал гарсан. Үүнд, Хүннү-Эйрийн ирж буцах онгоцны билет, аймгийн төвд буудаллах, хооллох, музей үзэх, хоттой танилцах, тэндээсээ кэмп рүү хүргүүлэх тээвэр, гэр хоол, үзвэр гээд бүх зардал орсон. Бид харьцангүй хямд хийж чадлаа гэж бодож байгаа. Хүннү-Эйрийн дэмжлэг их байсан. Аялал жуулчлалын  чухал үйл явдал болох гэж байна гэдгийг мэдэрч, ирээдүйгээ харсан байх. Яг энэ компани шиг бусад аялал жуулчлалын, нийтийн тээврийн компаниуд ирээдүйд брэнд болж болох цэгээ хараад аль болох хямд үйлчилвэл аль аль талдаа ашигтай байх нь мэдээж.
 
 
-Энэ үйл явдлыг  зохион байгуулалцаж,оролцсон Хотын иргэн Бямбаа гэх фэйсбүүк хаягтай  нэгэн залуутай  онлайнаар ярилцлаа. Тэрээр, Цамбагарав хайрханы бэлд болсон энэхүү бүргэдийн ан үнэхээр өндөр зохион байгуулалттай, үзэх харах зүйл ихтэй сайхан арга хэмжээ болсон тухай ярив. “Зөвхөн бүргэдийн ан гэлтгүй бас тэмээний уралдаан, урианхайн сур харвааг нэг дор үзчих чинь сайхан биз дээ?
 
-Хоол буудлыг хүртэл  маш сайн зохион байгуулж, зөв байрлуулсан. Хотоос зорьж очсон хүмүүсийн сэтгэгдэл өндөр буцсан. Би хойтон жил заавал дахиж ирнэ ” гэсэн юм. 
 
 
-Аялал жуулчлалын асуудлыг ингээд түр орхьё. Танай төслийн эн тэргүүний зорилго бол 21-р зууны монголчуудыг амьдарч байгаа газар нутаг бүрт нь нэг ч сум үлдээлгүйгээр гэрэл зураг, кино хальсанд буулгаж үлдээх. Хүн төвтэй төсөл байх юм уу гэж хараад байгаа.  Гэтэл цөөхөн гээд нэрлэчихсан. Энэ үгэн  дээр хүмүүс ч танаас асууж байсан байх. Та цөөн гэдгийг яаж харж байгаа вэ?
 
-Харьцуулж харж байгаа. Сүхбаатарын талбай дээр багтахгүй цугларсан хүмүүс чамд олон л харагдана. Гэтэл дэлхийн бусад хэл соёлын тээгч нарын хажууд бид цөөхүүлээ юм. Би өнгөрсөн зун дугуй унадаг залуустай нийлээд Өмнөд Солонгосын нутгаархойноос нь урагш тууш зам дагуу дугуйгаар аялсан. Нийт 660 км явсан. Тэгээд жийгээд явж байхад бас л их юм бодогддог юм билээ л дээ.4-5хан хоногийн дотор бүхэл бүтэн нэг улсыг хойноос нь урагшаа дугуйгаар барчихаар жоохон л санагдаж байгаан.Өмнөд Солонгосын газар нутаг манай Хөвсгөлийн газар нутагтай адилхан хэрнээ тэнд 58 сая хүн амьдардаг. Гэтэл Монгол Улс тэр аяараа энэ том газар нутаг дээр гуравхан саяулаа. Дэлхий дээр 10 орчим сая монголчууд байгаа гэж тооцдог. Ийм цөөхүүлээ гэдгээ үргэлж санаж, мэдэрч явах хэрэгтэй юм байна гэдэг бодол тэгэхэд орж ирсэн. Цөөхүүлээ гэдгээ мэдрэх юм бол нэг хүн, нэг иргэн хүртэл бидэнд үнэ цэнэтэй болно. Үнэ цэнэтэй байна гэдэг бол нэгнийгээ хайрлана гэсэн үг. Ядарсан зүдэрсэн үед нь түшээд тэтгээд явна гэсэн үг. Цөөхүүлээ гэдгээ мэдрэх юм бол бидний нутаг нуга, жалга довоороо хуваагддаг байдал арилах юм болов уу. Энэ Улаанбаатарт байгаа хүн хаа байсан баруун монголчууддаа чих тавьдаг, санаа тавьдаг болох юм болов уу. Цөөхүүлээ гэдгээ мэдрэх юм бол дайн нанчилдаанаас наагуур үзэлцээд байдаг энэ талцал, улстөржилт арай нэг намжих юм болов уу. Ер нь нэг эв нэгдэлтэй,дэгтэй журамтай байх юмсандаа гэсэн бүр энэ цаана байдаг зүрхэн тушаа заавдалд хүсэл. 
 
Бид хүчтэй, тэнгэрлэг гээд цээжээ дэлдээд урагшаа хараад хятад хөрш рүүгээ, хойшоо хараад орос хөрш рүүгээ салаавч гаргаад, Америкийн Ерөнхийлөгчийг хүртэл тэр бол хэн ч биш гээд хэлэлцээд суугаад байдаг энэ эндүүрлээсээ салах цаг болсон. Зүгээр л бид цөөхүүлээ гэдгээ үргэлж санаад, дотогшоо эвтэй, гадагшаа эвтэй байхад л болох юм шдээ.
 
 
“Бидний цөөхөн монголчууд” гэдэг бол бид цөөхүүлээ байна шүү гэдгийг л харуулж байгаа юм. Харуулсны дараа хүн болгон өөр өөрийн тайллаар хандах байх. Олон удаа сонсогддог байх, гэхдээ энэ удаа ч хэлмээр санагдаж байна, дэлхийн талыг бид хүний олноор эзлээгүй. Бид хэзээд цөөхүүлээ л байсан. Гэхдээ эв нэгдэлтэй байсан, бас ухаантай байсан. 
 
-Бид өөрсдөө анзаараагүй маш олон “зүйл” цөөрсөн байгаа даа. Соёлын өвийн тээгч нар, малчид хүртэл цөөрч. Хүнд хүрч очно, хэрхэн яаж аж төрж байгааг нь харуулна гэдэг чухал юм даа.
 
- Тийм. Байгаа юмыг байгаагаар нь л буулгаж, та нарт хүргэнэ. Үнэхээр хүмүүст байгаа байдлыг үзүүлж харуулах хэрэгтэй байдаг. Саяхан бид төслийн танилцуулгаа Налайх дүүрэгт хийлээ шүү дээ.  Тэр үеэр хүүхдийн эмчилгээнд зайлшгүй хэрэгтэй нэг чухал аппарат дүүргийн эмнэлэгт очсон. Манай төслийн ачаар л тэнд тийм юм хэрэгтэй байгаа юм байна гэж хүмүүст ойлгогдож, хүмүүс тэрнийг авч хэрэгтэй газар нь хүлээлгэн өглөө. 
 
- Хөдөөгийн хүмүүст ер нь мэдээлэл хүрч үү? 
 
- Чи бод доо, бидний хийх гэж байгаа энэ төсөлд биднээс илүү монголын маань хүмүүс, орон нутгийн удирдлага маш их хичээж бэлдэж байгаа. 5 жил, 50 жил, 500 жилийн дараа үр хүүхдүүд нь үзэх чухал өв гэж харж байна. Тиймээс өнөөдрийн нүүр царайгаа зураг сэлтэд бас нэг сайхан үлдээчих юмсан гэж байна. Бид очсон сум бүртээ нутаг усны ард түмний 5 урлагийн үзүүлбэр бичиж авах юм. Энэндээ зориулж шинэ хувцас хийлгэж байна гэж байна.5 хүнээр тухайн нутгийн үүх түүх, ам дамжсан сайхан хууч, домог яриа яриулна. Хэнийгээ яриулах уу гэж хэлэлцэж байна гэж байна. 5 айлд бид хуваагдаж хонож, 5 айлын ахуй амьдралыг бичиж буулгаж үлдэнэ. Тэр нь хэнийх байх уу, манайх танайх гээд бас хөөрхөн яриа болж байна гэнэ.  Уул ус овоо, байгалийн сайхны зураг авна. Тэрийгээ тайлбарлаж хөтөлж авч явах газарчинаа хүртэл бэлдэж байна гэнэ. Өнөөдрийн монголчуудын ахуй амьдралыг байгаа байдлаар нь буулгахын тулд ийм анзааны зураг авалт зөвхөн нэг суман дээр хийхээс өөр аргагүй.
 
 
 Хажуугаар нь сум болгонд сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь яаж байна гээд л зураг авалт, нэвтрүүлгүүд хийгдэнэ л дээ.  Зарим сум, дотуур байрны засвараа хийж байна гэнэ ээ инээв. Нэг бодлын зөв ч юм шиг, далимдуулаад өнгө зүсээ засаад аваг. Нөгөө бодлын хүмүүс маань хэтэрхий хичээгээд, тавилттай юм болчих вий, бодит байдлаас гажчих вий гээд л бодож сууна. 
 
Дүрс зургийг тэрээр зорилго, уриалга, нэгдэл болгохоор зорьж байна гэж надад санагдсан.Өдөр тутмын амьдралдаа дарагдаад бидний анзаарахаа байсан тэр зүйлийг өөрийн сэтгэл хүсэлдээ үндэслэн, УИХ-ын гишүүн, Төрийн сайдаар ажиллаж байсан туршлагаараа, гэрэл зураг авах , аялах хоббигоороо хачирлан бидэнд харуулахаар шийдэж.Ийм хэмжээний том төсөл урьд өмнө хэрэгжиж байсан болов уу гэсэн эргэлзээгээ арилгахаар дараагийн асуултаа тавилаа.
 
 
-Үндэсний телевизтэй хамтран ажиллаж, 800 удаагийн нэвтрүүлэг цацахаар боллоо гэсэн. Хэзээнээс гарч эхлэх вэ? 
 
-Нэг суманд нэг хоноод явбал гэртээ ирэхгүйгээр бүтэн жил, 2 хоновол 2 жил явах хэрэгтэй болно. Зарим том суурин газарт 3 хононо гэж хараад бид дундчилаад 3 жил үргэлжлэх байх гэж харж байгаа. Хавар, зун, намартаабаруун аймгуудаа дуусгачихаад нэвтрүүлгүүдээ гаргаж эхлэхээр тохирсон. Үндэсний олон нийтийн тв энэ жил 50 нас хүрч байгаа. Яг тэр ойн өдрүүдээрээ буюу 9-р сарын 20-оос гаргаж эхлүүлэх юм билээ.Аймгийн төвүүд дээрх арга хэмжээ, иргэдтэй хийх уулзалтуудад Үндэсний ТВ маань хамтран оролцоно.МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц ч тэр, хамт олон ч тэр үнэн сэтгэлтэй, санаачилгатай ажиллах юм.
 
Түүнээс гадна баримтат киногоо гадаадын бусад сувгуудаар гаргахыг бодож байна.  Баримтат кино хийхэд oлон улсын түвшинд  дуу, гэрэл, техникийн ямар шаардлага тавигддаг тэр дагуу бид ажиллана. UB film продакшнтай бид хамтарч байгаа. 
 
 
Интэрнэт орчинд манай төсөл бас яаж түгэж, үзэгчидтэй хэрхэн харьцаж, тэдний зөвлөгөө шүүмжийг яаж дор  дор нь тусгаад явах уу гэдгээ ч бид төлөвлөсөн. Магадгүй биднийг нэг суманд явж байхад гадаадад байгаа нэг монгол иргэн маань манай ээжийнх наана чинь байгаа ороод гараарай гэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Интернэт, GPS тасалдахгүй байнга холбогдож биднийг хаана ямар хурдтай давхиж явааг хүртэл онлайн харж болохоор нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Манай интэрнэт дэх, сошл мэдиа дахь үйл ажиллагааг мэдээллийн UB info сайт хариуцаж ажиллаж байна.
 
Нэгэнт нэр дурдаж эхэлснийх бусад хамтрагч нарынхаа тухай бас ярьмаар байна. Бид агаараас нэлээн зураг авахаар төлөвлөж байгаа. Энэ асуудлыг А-Жэт компани болон Нислэгийн төвийн Александр ах маань хариуцна.
 
Мөн дотоод, гадаадад 30 гаруй ном гарна.Номны ажлыг Баабар ах, Цэнддоо ах, Нэпко хариуцаж хийхээр болсон. 
 
PC mall –ийн хамт олон манай техникийн хангамж, арчилгааг бүрэн хариуцаж байна. Хөдөөгийн үзэгчид манай “Шүүдэр дундуур” киног Boss өсгөгчөөр буюу дэлхийн стандартаар сонсох гэж байна. Гэрэл зурагнууд маань Epson –ы тусламжтайгаар маш өндөр чанартай угаагдаж хэвлэгдэж гарна.
 
Бас нэг чухал хамтрагч бол Монголын Үндэсний аялал жуулчлалын байгууллага. Аялал жуулчлалын арвин туршлагатай энэ хамт олон биднийг дэмжсэнээр, төслийн үр дүнд дотоод гадаадын аялал жуулчлал идэвхижинэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Аяллын бэлтгэх хангах, координаци хийх, гадаад харилцаа хариуцах зэрэг  тоочих юм бол олон тус дэмийг Үндэсний аялал жуулчлалын байгууллага үзүүлж байна. 
 
Ийм сайн хамтрагч нартай учраас би их итгэл төгс яваад байгаа ш д. 
 
-Хамтрагч нар сайн, бас багийн гишүүд сайн байхгүй бол болохгүй нь. Та бүрдүүлсэн багаа танилцуулж болох уу?
 
- Надаас бусад нь бүгд мэргэжлийн хүмүүс. Найруулагч, гэрэл зурагчид, зураглаачид, гадаад харилцаа хариуцах хүн маань хүртэл мэргэжлийнх. Манай багт нийт 18 хүн байгаа. Энэ дотор ажил үүргийн нэг хуваарьтай хүн нэг ч байхгүй, бүгд давхардсан үүрэгтэй. Төслийн танилцуулган дээр намайг төслийн санаачлагч, гэрэл зурагчин, жолооч гэсэн байгаа биз? Жолооч нар хүртэл гэрэл зураг авч сурсан хүмүүс. 
 
-“Бидний цөөхөн монголчууд” төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжинэ гэж байсан. Ерөнхийлөгчийн анхаарлыг нэлээн татжээ дээ?
 
- Би ийм төсөл хэрэгжүүлэх гэж байгаагаа олон нийтэд албан ёсоор зарлаагүй байхдаа, өөрийнхөө фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулж бичсэн юм. Гэтэл Ерөнхийлөгч намайг дуудаж уулзаад, надаас энэ тухай асууж сонирхсон. Дараа нь бид хоёр энэ тухай ярилцахаар хэд хэд уулзлаа. Ерөнхийлөгч өөрөө ч монгол орноороо багагүй явсан хүн.  Хаана ямар онцлог байдаг талаар тодорхой хэмжээнд мэддэг хүн. Аль газраар явахдаа юу анхаарах, хаана заавал очих ёстой гээд надад зөвлөгөөнүүдийг бас өгсөн. Тэгээд энэ төслийг албан ёсоор дэмжих хэрэгтэй юм байна аа гээд захирамжаа гаргаад ивээлдээ авсан байгаа. 
 
 
-Та тэгээд энэ нүсэр аялал, ажил, нэвтрүүлэг энэ бүхний зардлыг өөрөөсөө гаргах гэж байгаа юм уу? Санхүүжилтыг ер нь яаж шийдэж байгаа вэ? 
 
-Миний аавын нэрэмжит “Мөнхчулуун сан” гэж хүний хөгжлийн чиглэлээр ажилладаг сан юм. Энэ сангаас ачааны голыг үүрээд унаа машин, хоол зохицуулаад эхний аялалдаа гарах гэж байна.  Би  олон нийт рүү айхтар хандаагүй байна. Юутай ч  эхний аяллаа үр өгөөжтэй даваадхая. Дараа  нь бидний хийж эхлүүлсэн ажлыг хүмүүс хараг. Тэгсэн цагт дэмжья, тусалья гэсэн хүмүүс гарч ирэх байх гэж найдаж байгаа. Саяхан анхны хандиваа авсан. Манай сангийн данс руу нэг сая таван зуун жаран дөрвөн мянган төгрөг шилжүүлсэн байна билээ. Монгол орны газар нутгийн нийт хэмжээг бэлгэдэж өгсөн хандив гэсэн. Сайхан л санагдаж байгаа юм чинь. 
 
-2004 онд Тантай анх танилцаж байхад би таныг бараг хөдөө явж үзээгүй костюм, зангиатай банкир л гэж харж байсан.Өнөөдөр уулзахад Та их өөрчлөгджээ. Ингэж өөрчлөгдөхөд юу таныг “түлхэв”?
 
- Миний нэг найз сайхан “Зоригоо чи баялаг бүтээгээч” гэнэ ээ. Миний төслийн талаар сайн мэдээлэлгүй байгаа байх. Одоо би энэ ярилцлагаараа тэр найздаа мэдээлэл өгчихөөр надаас дахиж тэгж асуухгүй байх ]инээв]
 
Энэ бол ямар ч талх хиам үйлдвэрлэхээс, ямар ч сургуулийн барилга барьж зам тавихаас ялгаагүй баялаг бүтээгдэж байгаа хөдөлмөр шүү дээ. Бид баялгийг талхтай адилхан гартаа барьж үзмээр байдаг юм шиг байгаам. Гэтэл энэ чинь ялгаагүй. 21р зууны монголчууд ямар өв соёлтой, амьдралын хэв маягтай амьдарч байсан бэ гэдгийг цогцоор нь ингэж хадгалж авч үлдэнэ гэдэг үнэхээр баялаг бүтээх ажил мөн. 
 
 
Би 2004 оноос сонгуульт болон томилгоот янз бүрийн л ажил хийж ирлээ. Төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийх юмсан гэж хичээж ажилладаг байсан. Би сонгогдсон үедээ аймгийн бүх сумд, бүх багуудаар жилд 2 удаа тойрдог байсан. Над шиг олон явж үзсэн улстөрч төрөөгүй байна. Мэдээж нэгэнт сонгогдсон юм чинь хүмүүстэйгээ уулзах, эргэх ёстой гэсэн ухамсар хариуцлага нэг талаас түлхэж байсан хэрэг. Явах тусам монгол ахуйтай ойр байх гэсэн хүсэл улам бүр эрчимжиж байсан, дээрээс нь зураг авах хобби ч нэмэр болсон. 
 
Энэ зун би бүх ажлаа хүлээлгэж өгчихөөд анх удаа өөрийнхөө дураар ажиллах боломжтой болж байна даа гэж бодсон. Бага залуу байхад аав ээжийн үгээр, дараа нь оюутан болоод сургууль хамт олны журмаар, бизнес хийсэн ч нийтийн хүсэл сонирхлын дагуу ажиллах ёстой болдог байсан. Банк гэдэг чинь тийм бизнес шүү дээ. Тэгээд Их хурал…Гэрт хүртэл хүүхдийнхээ боловсролыг шийдэхэд эхнэр, хүүхдээ сонсох хэрэгтэй биз дээ? Ийм л явж ирсэн. Өнөөдөр би харин бүрэн эрх чөлөөтэй болсон юм шиг мэдрэмж төрж байна. Би унадаг дугуйгаар хүртэл хүний нутаг тойрч үзлээ. Утас дуугарах нь уу гэсэн үгүй байна аа. Надгүйгээр ар гэр , бизнес болоод байгаа шинжтэй. “Хадландаа явлаа” гэж хэлчихээд Ононгийн тохойд очоод 30 гаруй хоног “хэвтчихсэн”.  Үнэндээ бас л дурны ажлаа хийж кино хийж явсан юм шүү дээ. Нээрээ би эрх чөлөөтэй байгаа биз дээ? Одоо надад Монгол орноо тойрох итгэл үнэмшил бүрэн дүүрэн байна. Эрх чөлөө гэдэг утгаараа ч тэр, туулсан, үзсэн харсанаа бодсон ч тэр. Нөгөө талаар хүн өөрийгөө заавал  шинэ сорилтын өмнө аваачиж сорьж байх хэрэгтэй. Би мэргэжлийн дугуйчин биш хэрнээ, Өмнөд Солонгосыг дугуйгаар тойроод л ирсэн. Энэ аялал миний хувьд бас л нэг сорил, бас л нэг шинэ туршлага байсан.
 
- Энэ хүн яг дураараа гэдэг ч юм уу хүссэнээрээ амьдраад эхэллээ шүү гэдгийг би таныг кино хийгээд эхлэхээр харсан. Мөнгөтэй хүн мөнгө өгөөд кино хийлгэх бол байдаг л байх. Гэтэл та чинь бүүр  зургийн талбай дээр оччихсон жүжигчидтэй амьдраад байсан юм билээ. “Шүүдэр дундуур” кино бас төслийн богцонд багтаж хүмүүст очих бэлгийн нэг Та хэлж байсан. Үзээгүй байгаа хүмүүст зориулаад яагаад заавал энэ киног үзэх ёстой вэ гэдэг асуултад та хариулаач?
 
- Нэг удаа ээжийг кино үзүүлэх юм болов оо. Тэгээд гоё постертой, гоё нэртэй ээжийн тухай нэг киног сонгоод үзүүллээ. Уг нь баярлуулчихья л гэж бодсон хэрэг. Гэтэл ээж киноноос гутарчихсан гарч ирсэн. “ Дахиж би хэзээ ч кино үзэхгүй” гэдэг байгаа. Яасан гэсэн нэгдүгээрт, их хүнд амьдрал туулсан ээжийн тухай их хүнд кино байж л дээ. Хоёрдугаарт, ээжийн маань туулсан , гэгээн сайхнаар сэтгэлдээ үлдээсэн тэр цаг үеийг их бараан үзүүлчихэж. Бүдүүлэг, ядуу, бохир байдлаар. Тэр үед амьдралынх нь хамгийн баяр баясалтай мөчүүд өнгөрсөн, сургуулиа хүсэл мөрөөдөлтэй төгссөн, аавтай учирсан, гэр бүлээ босгож бүтээж байсан, анхны хүүгээ-намайг төрүүлж байсан, бүтээж байсан нийгмийнхээ төлөө шударга ажиллаж байсан хүн чинь залуу насаа гэгээлэг сайхнаар боддог байж таараа шүү дээ. Гэтэл тэр цаг үеийг нь харлуулсан кино байж. 
 
Нөгөө талаас бид нар анзаарахаа байсан л болохоос өдөр тутам бидний хооронд өрнөж байгаа яриа, гарч байгаа мэдээ мэдээлэл, үзүүлж байгаа кино хүртэл тийм хүнд болчихож. 
 
Тэгээд би гэрэл гэгээтэй кино өөрөө хийчихье гэж шийдсэн. Ээжид үзүүлсэн. “ Энэ бол жинхэнэ монгол кино байна” гэдэг үг ээжийн амнаас унахад миний болон энэ кинон дээр ажилласан манай залуусын хувьд том урам, үнэлэлт болсон. 
 
Ер нь Г.Одон гуайн “Ажлын дараа” зураг маш их өгүүлэмтэй гайхалтай зураг. Монголчуудын хөдөлмөрч зан, ахмадаа хүндэтгэх, ахмадынхаа үгийг сонсох хүмүүжил, тэр цагийн ахуй амьдрал, амьдралын хэв маяг гээд маш олон зүйлийг тэндээс харж болдог. Тэр зургийн 65 жилийн ой тохиоход бид хүүхдүүдтэй нь ярилцаад энэ зургийг л нэг амилуулья, энэ зургаар дамжуулж гэгээлэг сайхан зүйл үлдээе гэж шийдсэн. Мэдээж орчин цагийн залуусын хайр дурлал, өнөө цагийн онцлог зүйлсээр хачирлах ёстой шүү дээ. Үзсэн хүмүүсийг юм бодоосой гэж хүссэн. Жишээлбэл, кинон дотор нэг охин золгүй байдлаар жирэмсэн болчихож байгаа юм.Тэгэхэд тэр охиныг буриад өвгөн “Хүнд хүн илүүддэггүй юм” гээд араас нь очоод зогсоодог.Хүнд хүн илүүддэггүй юм гэдэг бол энэ киноны бас л нэг чухал мессеж. 
 
- Киногоор бизнес хийх гээгүй юм байна тийм үү?
 
-Би чинь кино хийх гээд хүүхдээсээ мөнгө гуйлаа. Тэгсэн төслөө бичээд аваад ир гэж байна. Миний төслийг харчихаад, энэ чинь алдагдалтай юм байна гээд надад мөнгө өгөөгүй. Би чинь байсан бүх бизнесээ олон жилийн өмнө хүүхдүүддээ бүр өгчихсөн хүн шүү дээ. Тэгээд хүмүүсээс гуйя гэхээр болж өгдөггүй, намайг мөнгөтэй гэж боддог юм байна.  Эцэст нь эхнэр маань мөнгө өгсөн дөө. ]инээв] Манай киноныхон үнэхээр бор зүрхээрээ явж байгаа хүмүүс байх. Айхтар олоод , айхтар бизнес болгоод байгаа зүйл байхгүй юм шиг санагдсан.
 
Одоо эхнэр маань мөнгөө буцааж нэхэхээ байсан. Ойлгосон байх.
 
Хүн чинь айлд орохдоо талх юм уу сүү бариад ордог бол бид киногоо аваад явья, очоод хүмүүст үнэгүй үзүүлье гэж бодсон. Киномеханикийн ажил давхар хийнэ дээ. 
 
-За баярлалаа. Танай төслийн багт амжилт хүсье. Ингэхэд цагаан сарын маргааш Хөвсгөл гарлаа юу?
 
-Хөвсгөл явлаа. Хөвсгөл аймаг 23 сумтай. Эхний байдлаар тэнд 50 хононо гэж төлөвлөж байгаа. 3 машинтай 15-уулаа гарах байх. 
 
“Бид цөөхүүлээ. Цөөхүүлээ гэдгээ мэдэрч чадвал нэг ч гэсэн хүн ямар үнэ цэнэтэй болохыг ойлгох болно. Магадгүй энэ л бидний зорилго. Монгол хүн нэг нэгнээ хайрлаж, түшиж, хоорондоо эв нэгдэлтэй байгаасай”
 
 Бидний цөөхөн монголчууд төслийн санаачлагч М.Зоригт
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [103.26.194.5] 2017/02/17
Зочин [150.129.143.34] 2017/02/13
Good boy kk
Зочин [202.9.41.81] 2017/02/13
nice